АНУ-д шимпанзе сармагчны халдлагад өртсөн эмэгтэйд нүүр бүтнээр нь шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Өнгөрөгч баасан гарагт тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Массачусетс муж улсын Бостон хотын “Brigham&Women’s” гэдэг эмнэлэгт хийсэн мэс засал 20 орчим цаг үргэлжилсэн бөгөөд 20 гаруй мэс засалч, сувилагч, бусад туслах эмч нар оролцсон байна.
2009 оны хоёрдугаар сард Стэмфорд хотод 57 настай Чарла Нэш рүү бараг 100 кг жинтэй гэрийн тэжээмэл шимпанзе сармагчин халджээ. Нэш телевизийн зар сурталчилгаанд оролцож байсан Трэвис гэдэг нэртэй сармагчныг гудамжнаас гэрт нь оруулахад туслахаар найзындаа ирсэн байжээ. Чарла сармагчинг тоглоомоор хуурахыг оролдох үед шимпанзе түүн рүү халдсаны улмаас Нэшийн хоёр гарны бугуй, хамар, уруул, хөмсөг нь гэмтэж, тархиндаа гэмтэл аван хараагүй болжээ. Эмч нар түүнийг золоор амьд гарсан гэж үзэж байгаа юм. Шинэ нүүр царай, бас шүдтэй болсон тэрбээр хамгийн түрүүнд гамбургер идэхийг хүсч байгаа гэж түүний ах ярьжээ. Нэш шинэ нүүр царайгаа олон нийтэд харуулахыг хүсээгүй байна. Гэхдээ түүний охин Брианы хэлснээр тэрбээр “гайхалтай сайхан” харагдаж байгаа гэнэ. Эмч нарын хэлснээр Нэш донортойгоо адилхан болохгүй ажээ. Гэхдээ хоёр жилийн өмнө тохиолдсон эмгэнэлт үйл явдал болохоос өмнөх төрхтэйгөө ч адил болохгүй гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )