ОЛОН ӨНГӨ: Эрхэм танаас 10 хором хүлээхийг хүсье

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Улсын онцгой комиссоос онцгой шийдвэрүүд гарсаар багагүй хугацаа өнгөрлөө. Онцгой байхаас ч аргагүй юм. Дэлхий дахиныг түгшүүрт автуулсан “Ковид-19” гэх айхтар вирус дэгдэж улмаар монгол түмэн Цагаан сараа тэмдэглэж чадахгүйд хүрсэн. Учир нь Онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэл хаасан. Харин энэ хорио өчигдөр цуцлагдаж, хот, хөдөөг чиглэсэн хөдөлгөөн идэвхжиж байна. 

Цагдаагийн байгууллагаас 14 мянган автомашин, 40 гаруй мянган иргэн Улаанбаатар хот руу ирнэ гэсэн тооцоо гаргасан байсан. Бараг 14 мянгуулаа үүрийн 06:00 цагт зэрэг хаазлаад зогсож байж мэдэх юм. Магадгүй хяналтын байгууллагаас жолооч, зорчигчдын эрүүл мэндийг үзэж, халууныг хянах, ариутгалын ажил хийсээр тэднийхээ тэвчээрийг барж байгаа болов уу. Уг нь энэ удаад нийслэлд орж ирж байгаа 40 мянга маань өнгөрсөн хугацаанд хулгайн замаар зорчихоос татгалзаж дүрэм журмаа баримтлан үлдсэн хэд гэдгийг ойлгож байна. 

Гэвч Улаанбаатарт 40 мянган хүн орж ирнэ гэдэг сургаар сошиалаар дүүрэн зовнисон пост хөвөрч байна. Хамгийн инээдтэй нь “Чингисийн 40 мянган баатар айсуй” гэх егөө. 

Үнэндээ бид гэрт минь, хотод минь, улсад минь “хүн ирнэ” гэхээс халгадаг “хачирхалтай” өдрүүдийг тун сайн давж байгаа. Цаашид илүү сайн байх учиртай. Тиймээс л хот хоорондын зам дээр 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж, 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж байна. Ингэж анхаарал хандуулахаас ч аргагүй өдрүүд үргэлжилж байна.

Дэлхийн 64 улсад корновирус халдварлаж, эрсдэлийн үнэлгээгээр хамгийн өндөр түвшинд хүрснийг ДЭМБ зарлалаа. Вирусийн тархалтыг барих боломжт арга нь өвчлөл бүхий газар орноор зорчихгүй байх. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс Монголынхоо онцлогийг харгалзаад оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй” хэмээн гуйх, зөвлөхийн завсарт хэлнэ лээ. Үнэндээ монголчууд яадаг билээ дээ. Хилээр орж ирүүтээ хэдэн аймаг дамжаад явчихдаг, амьтан ах дүүгээр хэсчихдэг ард түмэн.

Тиймээс орон нутгаас ирж байгаа эрхэм танаас гуйлт байна. Мэдээж та бүхэн голомтын бүсээс ирээгүйг мэдэж байна. Вирус хаана ч байж мэдэх тул нийт Монголынхоо төлөө хүлээцтэй хандаж, багахан дарааллыг тэвчин ариутгал халдваргүйжлээ бүрэн хийлгэж, эрүүл мэндийн үзлэгтээ хамагдахыг хүсье. Уг нь түргэхэн л дулаан гэртээ очиж, үр хүүхдээ үнсмээр байгаа. Гэхдээ 10-аад хоног хязгаарлалтад байж болсон юм чинь 10-аадхан хором хүлээхийг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top