Авто тээврийн татвар төлөлтийг шалгаж, 66 зөрчил илрүүлжээ
COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Улсын хэмжээнд цагдаа, эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа байгаа бол нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоод дээр зохион байгуулж буй хяналтын цэгт нийт 200 гаруй албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Хөл хорио тавигдсанаар нийслэлээс 90999 иргэн гарч, 156547 иргэн нэвтэрсэн бөгөөд шалган нэвтрүүлэх товчоодоор 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрчээ.
Нийслэлийн хэмжээнд найман пост ажиллаж байгаа бөгөөд дээрх албан хаагчид тус тусын үүрэг хариуцлагын дагуу гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байв. Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа аж. Харин эрүүл мэндийн ажилтнууд зам тээврээр зорчин явж буй иргэдийн эрүүл мэндийн тандалт судалгаа хийх, асуумж авах, халууныг хэмжих үүрэг гүйцэтгэж, онцгой байдлын алба хаагчид ажилчдын аюулгүй ажиллах орчин нөхцөлийг хангах, ажлын байрны ариутгал халдваргүйтэл, иргэдийн эрүүл мэндийн тандалт судалгаа хийгдэж буй үйл явцыг хянах үүрэгтэй юм байна. Тэгвэл мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид орж, гарч буй тээврийн хэрэгслийг шалгаж, мах махан бүтээгдэхүүн болон түүхий эдийн гарал үүслийн бичгийг шалгах бол татварын байцаагчид тээврийн хэрэгслийн татвар төлөлтийг шалгах үүрэг гүйцэтгэж байв.
АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ ЗӨРЧИЛ ИХ БАЙНА ГЭВ
Нийслэлийн зүүн жигүүрт байх Налайх-Оргил пост дээр эрүүл мэндийн газраас найман хүн, мэргэжлийн хяналтаас тав, замын цагдаагаас хоёр, Онцгой байдлын газраас хоёр алба хаагч тус тус ажиллаж байв. Зүүн аймгуудаас нийслэл рүү зорих авто тээврийн хэрэгсэл цувран ирж дүрэм журмын дагуу шалган нэвтрэх постоор дамжин өнгөрөх аж. Хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нээснээс хойш энэ сарын 5-ны өдрийн өглөөний 10 цаг хүртэл хот руу 6250 тээврийн хэрэгсэл, 21350 зорчигч нэвтэрсэн бол хотоос гарсан тээврийн хэрэгсэл нь 3735, зорчигч нь 8572 бүртгэгджээ. Налайх дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар “Энэ хугацаанд тусгаарлах шинж тэмдэгтэй хүн илрээгүй. Зарим хүмүүс хуурамч бичиг баримт үйлдэж нэвтрэхийг завдсан тохиолдол гарсан. Офицеруудын ордноос Налайх чиглэлд явдаг хулгайн такситай бид тэмцэн ажиллаж, таслан зогсоох арга хэмжээ авч байна. Ард иргэд машин дотроо амны хаалт хэрэглэхгүй байх, арын суудал дээр сууж байгаа зорчигч хамгаалах бүс зүүхгүй байх, олон хүн тээвэрлэх зэрэг зөрчил илэрч байна. Тээврийн хэрэгсэл дотор гар ариутгагчийг байрлуулах шаардлага тавьж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч илрээгүй” гэж мэдэгдэв.
Налайхын дүүргийн Татварын хэлтсээс тус пост дээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн татвар төлөлтийг давхар шалгаж байв. Авто тээврийн, зам ашиглалтын, агаарын бохирдлын гэсэн гурван төрөл дээр татвар төлдөг бөгөөд хөл хорио тогтоосон хоёрдугаар сарын 2-ны өдрөөс энэ сарын 5-ны өдөр хүртэл татвараа төлөөгүй 66 зөрчлийг илрүүлжээ. Нэг, зургаагаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэгдүгээр сард, хоёр, долоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоёрдугаар сард татвараа төлсөн байх ёстой бол гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл энэ сард төлөх ёстой юм. Налайх дүүргийн Татварын хэлтсийн байцаагч С.Сүрэнхорлоо “Налайх дүүргийн цагдаагийн албатай хамтарч татварын хяналт шалгалтын пост ажиллуулж дээрх зөрчлийг арилгуулж 4.3 сая төгрөг төлүүлсэн” гэв.
УРЛАГ СОЁЛЫНХОН, АРД ИРГЭД ХАЛУУН ХООЛ, ЦАЙТАЙ ИРЖ БИДНИЙГ БАЯРЛУУЛЛАА
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Б.Козэнбай “Хорио цээрийн хугацаанд би найм дахь гараагаа гарч байна. Нэг гарахдаа 24 цаг ажиллаж 72 цаг амардаг. Хүмүүсийн ухамсар дээшилсэн тул үүрэг, хариуцлагаа сайн ойлгосон байна. Өвчин зовлонтой, ажил явдалтай үед нэвтрэх бичигтэй тамга тэмдэгтэй машиныг нэвтрүүлж байсан. 38 хэмээс дээш байвал халуунтай гэж үздэг бөгөөд халуунтай, сэжигтэй хүн гараагүй. Манай ард иргэд маш сайхан сэтгэлтэй ард түмэн юм байна. Дуучид, урлагийнхан, ард иргэд халуун хоол, цайтай ирдэг. Орон нутгийн зам нээгдсэн өглөө маш их ачаалалтай байсан. Бид заримдаа цайгаа ч уух завгүй байлаа” гэв.
Нийслэлийн найман пост дээр Онцгой байдлын 500 шахам албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өчигдөр Налайх-Оргил пост дээр хоёр алба хаагч ажиллаж байв. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга ахлах дэслэгч Ж.Энхтөр “Онцгой байдлын алба хаагчид 24 цаг гараад 48 цаг амардаг. Гурван ээлжээр зургаан албан хаагч ажиллаж байна. Хүндрэлтэй зүйл гэвэл асуумж асуугаад жаахан удахаар яарсан хүмүүс бухимддаг. Хөдөө орон нутгаас ирсэн зорчигчдын оршин суугаа хаяг болон хаа хүрэх гэж байгаа, хэнтэй хамт аялж байгаа, эргээд холбоо барих утас, хэдэн цагт орж гарсан цаг минут зэргээр 16 асуулттай асуумжийн хуудас бөглүүлж байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )