COVID-19 өвчний халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг өнөөдөр /2020.03.10/ Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарласан. Мөн Английн иргэнээс гадна түүнтэй ойр байсан тогооч, орчуулагч, жолооч нарыг нь тусгаарлажээ.
Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, шийдвэр гаргасан талаар тус аймгийн Засаг дарга Батсайхан мэдээлэл өглөө.
Англи улсын 67 настай иргэн нь гуравдугаар сарын 5-ны өдөр "Аэро Монголиа"-гийн онгоцоор Улаанбаатар хотоос Увс аймагт очсон байна. Ингэхдээ тухайн нислэгийн онгоц нь Баян-Өлгийд 26 хүнийг буулгаж, Увс аймагт 24 хүнтэй очжээ.
Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэнтэй хамт зорчиж, Баян-Өлгий, Увс аймагт очсон дээрх иргэдтэй холбоо барих, тусгаарлах ажил хийгдэж байгаа талаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.
Дээрх иргэн нь Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, "Хишигт" 1, 2 супермаркетуудаар үйлчлүүлсэн бөгөөд одоо эдгээр газруудын үйл ажиллагааг хаажээ.
Мөн тэрбээр Улаангом хотод нэг хоноод, Бөхмөрөн сумын Хар Алтат багийн нутаг Ямаат гэдэг газар байгалийн зураг авч, дөрөв хоносон байна.
Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаангом хотод бүхэлд нь хөл хорио тогтоосон байна. Мөн холбогдох арга хэмжээг авч эхэлжээ.
Аймгийн Онцгой комиссоос мөн уриалга гаргажээ.
Уриалгад "Иргэд гурилын бөөний төвүүдээс их хэмжээний худалдан авалт хийж зохиомол хомсдол үүсгэх эрсдэлтэй байгаа тул аймгийн онцгой комиссоос уриалга гаргалаа. Аймгийн нийт иргэдийн 3 сарын хэрэглээг хангах гурилын нөөц аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд байна. Зохиомол хомсдол үүсэхээс зайлсхийж их хэмжээгээр худалдахгүй, худалдан авахгүй байхыг уриалж байна. ОХУ-аас импортоор орж ирэх хүнсний болон өргөн хэрэглээний бараанд хязгаарлалт хийгээгүй. Хилийн боомт хэвийн ажиллаж байгаа" гэжээ.
МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ