МЭДЛЭГ: “Алтан соёмбо” бүтээх аргачлал ба соёмбын тухай

2020 оны 03 сарын 12

Өв соёлоо өвлөн дээдлэж, хүндэтгэн суралцаж буй хүүхэд багачууд, залуу үе, үзэгч түмэндээ зориулан Монголын Үндэсний музей боловсролын хөтөлбөр болон Шилдэг үзмэрүүдээс дээжлэн цувралаар хүргэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнууд эх түүхийн хичээлдээ ашиглах бүрэн боломжтой.

“Алтан Соёмбо” Боловсролын хөтөлбөр Монгол улсын төрийн далбаан дээр байрлах, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо"-ны утга бэлгэдлийг тайлбарлан таниулсан “Алтан соёмбо” Боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачууддаа танилцуулж байна. Та бүхэн гэр бүлээрээ хамтран нааж, будаж “Алтан соёмбо” бүтээгээрэй.

1911 онд Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө босохдоо төрийн далбаа, төрийн хаш эрдэнийн тамгандаа ахин залсан, өнөөдөр ч Монгол улсын төрийн далбаа, хүн ардын оюун санаанд оршсоор буй “Соёмбо”-ны тухай товч танилцуулгыг Академич Б.Ренчиний нарийвчлан судалснаар хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйлс: А4 хэмжээтэй улаан, шар өнгийн цаас, хайч, цаасны цавуу

Хийх арга:

1. Соёмбоны утга бэлгэдлийг сайтар уншаарай.

2. Соёмбыг А4 хэмжээтэй улаан болон шар өнгийн цаасаар тус бүр нэг нэг хэвлэнэ.

3. Шар өнгөөр хэвлэсэн Соёмбыг нямбайлан хаячлана. Хайчлахдаа ямар ямар дүрс хэд хичнээн байгааг тоолоорой. Тухайн дүрснүүд ямар утга бэлгэдэлтэй болохыг харилцан ярилцаарай.

4. Улаан өнгийн Соёмбо дээр нямбайлан хайчилсан шар өнгийн Соёмбоо тааруулж наана.

5. Бэлэн болсон Алтан Соёмбоны утга бэлгэдэлийг гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй.

Монгол Улсын Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн уртын 1:2 харьцааг чанд баримталсан болно. Соёмбын хамгийн дээр нар, сар, гал 3-ын дүрс тэмдэг буй. Түүний наран саран 2 нь Монгол улс гэсэн утгатай. Галыг 3-н үзүүртэй дөлөөр дүрсэлсэн нь эртний Монголчууд галыг маш эрхэм болгож, гал голомт гэж үздэг. Галын дүрс 3-н үзүүртэй байдаг нь Монгол улсын гал голомтыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагт буюу үүрд мандан бадарч байх хэмээсэн утгатай юм.

Соёмбын доторхи гурвалжин дүрс бол эрт цагт дайсны өөдөөс хэрэглэх жад сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай. Үүнд дээр доороо 2 хэсэг байдаг нь Монголын хүн ард их бага, эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтнон мандахын, дайсан хаанаас ч гарч ирснийг даран сөнөөхийн тэмдэг болой. Соёмбоны доторхи хөндлөн шулуун өнцөгтэй 2 хэсэг дөрвөлжин дүрс бол Монголын хүн ард их бага, дээр дооргүй цөм улсыхаа төлөө шулуун шударгаар хүчээ өгөх хэрэгтэй гэсэн болой.

Соёмбоны голд нь бие биеэ эргэсэн хоёр загасны дүрс буй нь загасыг эртний Монголчууд нүд аньдаггүй амьтан хэмээн сонор соргогыг билэгджээ. Үүнд 2 загасыг зурсан нь арга билэг буюу эр, эм хэмээсэн утгатай. Соёмбоны 2 хажуугийн босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийхөө төлөө нэгэн сэтгэлээр эв нэгтэй болбоос Монгол улс төмөр хэрэм мэт бат болно гэсэн санаа юм. Соёмбо тэмдэгийн доор бадамлянхуа цэцгийг 1924 онд нэмсэн.

Эх сурвалж: Монголын үндэсний музей

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top