Иргэнээ аваад ирдэг төртэйдөө л ТАЛАРХАЯ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Хүний зовлон бусдад үргэлж хол санагддаг. Тиймээс шинэ төрлийн коронавирусний халдвар авсан таван иргэний зовлон бидэнд хол санагдаад байгаа юм. Ямар л олиггүй хүн хайрт хань, аав, ээж, үр хүүхэддээ өвчин зовлон тээж ирэхийг хүснэ гэж. Тэгж бодох ямар ч тэнэг монгол байхгүй гэдэгт итгэнэ. Дэлхий нийтийг цочроосон ковид 19 халдварыг ДЭМБ цар тахал болохыг албан ёсоор зарласан. Уржигдар оройг болтол бид “Энэ өвчнөөр монгол хүн өвдөхгүй. Арц, аргал, хомоолоо уугиулаад байхад өвчлөхгүй” гэдэг ухвар мөчид бодлоосоо салсан гэж бодож байна.

Тийм бодлоо таягдсан учраас бүгдээрээ сандарсан байх. Монгол хүний биеийн анатоми бусад орны хүмүүсийнхтэй яг ижилхэн. Өвддөггүй хүн гэж байхгүй гэдгийг цаг ямагт бид ойлгох хэрэгтэй. Яалт ч үгүй БНСУ-аас Улаанбаатар, Герман-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван иргэнээс ковид 19 илэрсэн нь шуугиан болоод амжив. Гэхдээ хаа очиж буулт нь тийм ч хатуу байсангүй. Учир нь өмнөх долоо хоногт Франц иргэнээс илэрсэн гэх мэдээлэл бидэнд яах аргагүй дархлаа болж өглөө.

Зарим иргэд “Бид дор бүрнээ хичээсэн. Гаднаас энэ хүмүүсээ яах гэж ер нь авч ирсэн юм. Гай дагуулж ирлээ” хэмээн зүхэцгээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 18-д Монгол Улсын иргэн "...Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй" хэмээн заачихсан юм. Тэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэллээ. Үндсэн хуулиа үзэж чаддаггүй юм бол ядаж уламжлалаа, хүн чанар талаасаа харах гээд үзэцгээе. “Нутагтаа очиж ясаа тавина” гэж зүтгэдэг ард түмэн юм. Хээлэндээ зарагдсан унага хүртэл эх нутгаадаа тэмцдэг онцлогтой ард түмний үр сад билээ, бид.

Энэ төр эзэнтэй, ард түмнээ энэрдэг, аюулт өвчний үед ч гэсэн аваад ирдэг төртэй гэдгээ харуулсан. Хүн бүр сэтгэлдээ талархан хүлээж авсан. Энэ шийдвэрийг гаргасан Монгол Улсын Засгийн газар эрсдэлээ огт тооцоогүй гэдэг харин худлаа шүү. БНСУ-ын зүгээс авч ирэх 1000 иргэнийг тэнд нь оношлох боломжгүй гэсэн тул халууныг нь үзээд онгоцонд суулгахаас өөр арга байгаагүй аж. Тиймээс эх орондоо ирж шинжилгээ өгч байж онош нь тодорсон юм. “Өвчин тээж ирлээ, Солонгос руугаа буц” гэж хөөх эрх Засгийн газарт байхгүй. Монгол Улсын Засгийн газар гадаад оронд суугаа иргэдээ авч ирэхгүй байж болох байсан. Хэрэв авч ирээгүй бол “Ард түмнээ хайрладаггүй ийм төрөөр яадаг юм” гээд мөн л зүхэх байсан гэдэгт бат илтгэлтэй байна. Тиймээс харийн нутгаас эх орноо гэж тэмүүлж ирсэн мах цусны тасархай элэг нэгт хэдэн монгол иргэнээ зүхээд яахав. Хүний нутагт шаналж суусан иргэдээ эрсдэл гарна гэдгийг мэдсээр байж авч ирсэн төр засгаа хараагаад яахав. Төр засгаа харааж зүхээд өвчин зовлон арилдаг бол сонины хэдэн нүүрийг дүүртэл зүхээд өгье.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсныг соргогоор анзаарч өвдөж хавдсан хэдийгээ эрүүл саруул болгоод хамтдаа инээмсэглээд явах өдөр ойрхон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүний зовлон бусдад хол биш гэж ойлгоцгооё, хэдүүлээ. Ардын уран зохиолч Тангадын Галсан абугай “Цөөрөх учиргүй цөөхүүлээ шүү дээ, бид” хэмээн шүлэглэсэн нь бий. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчнийг бид бие биедээ ял болгон тулгах шаардлагагүй.

Энэ хэдэн лам нар зүхүүлэн зүхүүлэн гандандаа ном хурах шаардлагагүй байхгүй ч хүн бүр өөрийн чаддаг зүйлээр энэ аюулт өвчинтэй тэмцэж байгааг ойлгоцгооё. Шүүмжлэгч иргэдийн дунд “Бид хариуцлагатай байсан. Энэ харь нутгаас ирсэн хүмүүс л...” гэж онцолж байгаад ад үзсэн харагдана лээ. Эх орондоо байсан хэд нь хариуцлагатай байсан нь үнэн. Тиймээс одоо бид улам бүр хариуцлагатай болох ёстойг сануулсан ийм өдрүүдийг бид туулж байна. Гадаад орноос ирээд шууд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу хэрхэн гарахаас цаашдын нийгмийн сэтгэл зүй тогтох чиглэл рүү орчихлоо. Тиймээс халдварын голомтод болон тусгаарлагдсан хүмүүстэй ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувцас, хэрэглэл, хангамжийг сайтар нэмэгдүүлж, эрсдэл гарахгүй байх тал дээр төрийн зүгээс анхаарах ёстой. Хэрэв нэг л гал алдаж гэмээнэ Монгол Улсын хүн амын 51 хувь нь дөрвөн уулынхаа дунд шахцалдан амьдардаг Улаанбаатарынхны хувьд цөмийн бөмбөг дунд нь хаяснаас өөрцгүй зүйл болно. Үүнийг хаа хаанаа ухамсарлаж, иргэд ч мөн адил гараа угааж, дархлаагаа дэмжин, шаардлагагүй тохиолдолд гадуур гаралгүй маскаа зүүх нь хувь хүний хамгийн наад захын хариуцлага юм. Нийгмийн сэтгэл зүйг бухимдуулан байж халдвар илэрсэн гурван иргэнээ зүхээд бидэнд ямар ч үр дүн гарахгүй. Үүн дээр дөрөөлж улс төр хийвэл түүн шиг адгийн шаар Монгол Улсад байхгүй болно. Тиймээс эвийн хүчээр өвчний ард гарч өвдсөн иргэн байвал хэдүүлээ эмчилж эдгээгээд байхаас өөр арга байхгүй. “Өмхий гээд хүн хошногоо ухдаггүй” гэдэгчлэн өвчтэй гээд мах цусны тасархайгаа бид ад үзэх ёсгүй.

Хорио цээрийн дэглэмд шилжсэнээс хойш “Ёстой л уйддаг юм уу хаашаа юм” гэмээх ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Ар гэр, үр хүүхэддээ цаг гаргаж дархлаагаа дэмжиж, гадуур дотуур бүү сэлгүүц гээд байхад архи хэтрүүлэн хэрэглээд байгаагийн цаана зарим хүмүүсийн болчимгүй, тэвчээргүй зан өвчний дэгдэлтэд нөлөөлж мэдэхээр байна. Тиймээс цэргийн баяр тэргүүт баяруудаас татгалзаж хөл хориог чангатгах нь ойрын үед авч хэрэгжүүлэх ажлын нэг болоод байгаа юм.

Top