Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийг дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 1948-1949 оны малтлагаар олдсон хосгүй үнэт үзмэр гэр тэрэгний цөн хэмээх сонирхолтой дурсгалыг Музей судлал эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2019 оны XX-1 дугаарт хэвлэгдсэн М.Мөнгөнцэцэг "Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй тэрэгний зарим цөнгийн тухай" өгүүллээс товчлон нийтлэж байна.
ГЭР ТЭРЭГНИЙ ШИРМЭН ЦӨН
Хэмжээ: Диаметр 35, 35, 21, өндөр 8. Ширхэг 4, Өвөрхангайн Хархорин. В.С.Киселёв, Х.Пэрлээ нар малтаж илрүүлсэн.
1948-1949 онд БНМАУ-ын ШУА ба ЗХУ-ын ШУА-ийн хамтарсан экспедиц эрдэмтэн С.В.Киселёвийн удирдлагаар Хархорум хотын туурийг малтах үед эдгээр цөнг олжээ. Энэхүү гэр тэрэгний цөнгийн нэг нь 40 см диаметртэй, 27,5 кг жинтэй, өргөн 9 см бөгөөд Монголоос олдсон хамгийн том, цул цөн юм. 4 ширхэг цөнгийн 1 ширхэг нь 20 кг жинтэй, 35 см диаметр хэмжээтэй. Энэ цөн Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн.
Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай хадны зураг, сурвалж бичиг, аялагчдын тэмдэглэлд бичигдсэн байдаг нь эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд 1254 онд хөл тавьсан Францын аялагч Гильом Де Рубрук “...гэр сууц нь заримдаа өргөөшөө гучин фут хүрэх том хэмжээтэй байдаг байв. Би нэг удаа нэгэн тийм гэр тэрэгний дугуйн хоорондох зайг хэмжиж үзэхэд 20 фут хүрч байсан ба тэргэн дээр байгаа гэр нь хоёр дугуйнаас хааш хааш таваас доошгүй фут илүү гарч байв. 22 фут нь 6,7 метр -тэй тэнцэж буй хэрэг юм. Нэг гэр тэргэнд хөллөсөн үхрийг тоолж үзэхэд 22 байсан бөгөөд тэрэгнийхээ өргөний хэмжээгээр тус бүр 11 үхэртэй, хоёр эгнээ болгон хөллөсөн байлаа. Тэрэгний тэнхлэг нь хөлөг онгоцны шургийн дайтай өргөн бөгөөд тэргэн дээр, гэрийн үүдэнд нэг хүн суун хөллөсөн үхрээ тууна” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй том хэмжээтэй 4 ширхэг цөнтэй ижил хэмжээтэй цөнг судласан эрдэмтэд 2 тонн даацтай ачаа даахуйц байна хэмээн тодорхойлжээ. Уг цөнгийн найрлага, бүтцийг Москвад лабораторийн аргаар шинжилж 1350 хэмийн халуунд хайлах ширмээр хийсэн хэмээн тогтоожээ.
Хархорум хотын тууриас шинээр олдсон цөнгүүдээс сонгон авч 2002 онд ШУА-н Физик-Хими технологийн хүрээлэнгийн лабораторид хими болон атом шингээлтийн спектрийн аргаар шинжлүүлсний дүнд тухайн цөнгүүд бат бөх чанартай хайлш болох ширмээр цутгасныг тогтоосон. Төмөрлөг боловсруулалтын технологийн хувьд Хархорум хотын төмрийн дархны газарт хийгдсэн аж. Тухайлбал, Хархорум хотын туурийг малтан судласан Доктор У.Эрдэнэбат, Эрнст Поль нар “...Хархорум хотыг үүсгэн байгуулж байх үед гудамжны зүүн талд төмөрлөг материалаар дарх хийдэг хүн ирж суурьшсан. 2004 онд дархны газар байсан гудамжны нүүр талаас 30-40 см голчтой, 80 см орчим өндөртэй, модны бүтэн үлдсэн хэдэн бөөрөнхий тайрдас илрүүлсэн бөгөөд тэр тайрдсуудыг гудамжны зам дагуу байрлуулсан байлаа. Тайрдсан дээр гаргасан дөрвөлжин хонхорхойд дөш зоож тогтоодог байсан...” талаар онцлон бичжээ.
Дээрх мэдээнээс гадна Хархорумаас төмрийн дархны газрын бүтээгдэхүүнийг хадгалдаг жинхэнэ агуулах олдсон юм. Тэдгээрийн дунд модон тэрэгний дугуйны голд хийж, тэнхлэгийг тогтоодог олон төмөр цөн байсныг онцлууштай. Он цаг, эрдэм ухааны олон нууцыг хадгалан эдүгээ бидний үед ирсэн гэр тэрэгний цөн нь өвгөд дээдсийн маань хүн төрөлхтөний түүхэнд оруулсан ололт амжилтыг өгүүлэн буй үнэт ховор эх сурвалж маань билээ.
Эх сурвалж: Монголын үндэсний музей
Сэтгэгдэл ( 2 )
Гэр тэргийг орчин үежүүлж
Нээрээ шайриг гэхийн оронд цөн гэвэл илүү сонсголонтой юм. Шарик гэж бөмбөлөг мөхлөг гэсэн үг бил үү.