МЭДЛЭГ: Монгол үндэсний музейн ҮНЭТ ҮЗМЭР

2020 оны 03 сарын 28

Zindaa.mn сайт Монголын үндэсний музейтэй хамтран өв соёлоо өвлөн дээдлэгч та түмэндээ зориулан Монголын Үндэсний музей боловсролын хөтөлбөр болон Шилдэг үзмэрүүдээс дээжлэн цувралаар хүргэж буй. Энэ удаа тус музейн үнэт үзмэр болох улаан шүрэн хөөрөг болон модон хөөргийн тухай хүргэе.


УЛААН ШҮРЭН ХӨӨРӨГ

Хэмжээ: Өндөр 10,3 см, Өргөн 6 см Зузаан 4.5 см

Жин: 315 гр

Алтан нуухтай, шүрэн толгойтой, сийлбэртэй шүрэн хөөрөг. Уг хөөрөгний хүзүү, мөр болон ёроолийг цэцэг навчин хээгээр холбож урласан чамин хийцтэй.

Их биеийн дээд хэсэгт цэцгэн дээр сууж буй эвэрт цохыг товойлгон сийлж эвэр, цэцэг навчин хээг нарийн зураасаар дүрсэлжээ. Мөрний хээ, ёроолын хээг их биенээс нь товойлгон сийлсэн. Ёроолын зууван дүгэрэг хүрээн дотор сүүлээ өргөн, толгойгоо цогнойлгосон гүрвэлийн сийлбэртэй.

Шүр нь олон өнгө байх хийгээд цагаанаас эхлэн ухаа улаан, хүрэн, хар хүртэлх өнгө хувирсан олон төрөл бий. Шүрийг гай зовлонгоос хаацайлах, муу зүйлд уруу татагдахаас сэргийлэх, уур хилэн, атаа хорсолыг саармагжуулах увидастай хэмээн үзнэ. Мөн аянга цахилгаан, хуй салхи болон чөтгөр шуламыг үргээх, таагүй зүйлээс авардаг гэж эртнээс хүмүүс хэрэглэж ирсэн бөгөөд аливаа осол эндлээс хамгаалж, хэл амыг зайлуулах учир хүүхдийн бүснээс шүр зүүж муу зүүдийг үргээдэг зан үйл байжээ.


МОДОН ХӨӨРӨГ

Хэмжээ: Өндөр 9.9см, Өргөн 6.6 см, Зузаан 3.7 см

Жин: 80 гр

Монголчууд үнэт чулуун хөөрөг эдлэхээс гадна зандан, арц, яшил, хус зэрэг модны үндэс, урыг ашиглан модон хөөрөг урладаг уламжлалтай. XVIII-XIX зууны үед ардууд модон хөөрөг эдлэж хэрэглэж ихэд дэлгэрчээ.

Монголчууд модон хөөргийг хийхдээ модны үндэс, урыг усанд чанах, урсгал усанд сойх аргаар давирхайг гаргана. Дараа нь сүүдэр газар чийгийг нь хатаана. Тухайн хөөрөгний хэмжээнээс шалтгаалан бэлдцээ бэлдсэний дараа хөөргөө хийнэ.

Хөөрөгний ерөнхий хэлбэрийг гарган, өнгөлж зүлгэн дээр нь сийлэх хээ угалз, бэлгэдэл дүрсийнхээ эх зургийг гаргаж түүний дагуу сийлнэ. Хөөрөгний хоёр бөөрөнд төрийн сүлд, эвтэй дөрвөн амьтан, луу, хангарьд, арслан, хурдан морь зэрэг бэлгэдлийн дүрсийг сийлдэг уламжлалтай. Мөн зааны соёо болон тэмээний ясаар шигтгээ чимэглэл хийдэг. Хөөрөгний гадарыг өнгөлж дууссаны дараа дотор талаа ухна.

Монголчуудаас гадна төвдүүд модон хөөргийг хэрэглэдэг. Энэхүү хөөрөг нь шар, цагаан ясан чимэгтэй /гүрвэл/, бумба, хорол өрлөн суулгасан үндэс. Ясаар эвэр угалз хээ хийж чимэглэсэн, ясан халбагатай модон толгойтой.

Эх сурвалж: Монголын үндэсэний музей

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Her(98.253.30.34) 2020 оны 03 сарын 29

Hamag ongotoi oodtoig tonsoor bgaad, neg iimerhuu her bargiin aldartai humuusiin hereglej bsn bish iymnuud uldsiin bna l daa.

0  |  0
Her(98.253.30.34) 2020 оны 03 сарын 29

Hamag ongotoi oodtoig tonsoor bgaad, neg iimerhuu her bargiin aldartai humuusiin hereglej bsn bish iymnuud uldsiin bna l daa.

0  |  0
(202.179.26.205) 2020 оны 03 сарын 28

odoo nuguu hulgaich oligarhuud ni mongolin heden muzeig huu tonoson shig hamah baihda

0  |  0
Top