ОЛОН ӨНГӨ: Тэнгэрт зургаа зурахаар явсан ах минь

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Авьяас билгийн туйл хэрнэ ихэрхэж ахархаад, аливаа зүйлд өөрийгөө дөвийлгөх гээд байхгүй энэ эрхэм бурхны оронд одоод зургаан хавартай золгожээ. Хаврын нэг ийм л өдрөөр түшиж суусан бийрээ, анд нөхөд амраг хань, алаг үрсээ орхиод одсон сон. Таашгүй энэ ертөнцийн альхан зайд нь бийрээ түшээд өнөөх л говийнхоо унаган байгалийг дуу алдан зурж суугаа бол доо ах минь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл сэмэрнэ. Уйтай дуутай сэтгэлийн уудамд ийнхүү гуниг харуусал байгаа хэдий ч уярал бас төрж байгаагаас үзвэл их уран бүтээлчийн тухай гэгээн бүхэн сэтгэлд үлдэж дээ гэж бодном. 

Түүний зурсан зургийг харахаар өөрийн эрхгүй ус нутгаа санахын сацуу эрхэм ахын авьяас билгийг биширч зогсдог байлаа. Урлангаар нь ийнхүү гэнэ гэнэхэн зочилж, эгээ л үе тэнгийн хоёр шиг хөөрөлдөж суусан ах маань гэнэтхэн бидний дэргэдээс явчихна чинээ санасангүй. Зүүдэнд ч ийм утгын сүүдэр үл бөхөлзөх цагаар ах маань бурхны оронд заларсан юм.

Энэ нь ахан дүүс бидэнд төдийгүй Монголын уран зургийн ертөнцөд том гарз тохиож байв. Монгол цэргийн түүхэнд 300 генералын хөрөг, 60 гаруй хаадын хөргийг тосон будгаар бүтээж, Монгол Улсын уран зургийн түүхэнд ахин давтагдашгүй бүтээлээ мөнхөлж үлдээсэн хосгүй авьяастан бол Цэндийн Монгол хэмээх ус нутгийн маань ах байлаа.

Тэрээр нэгэн жарныг лавхан туулахдаа 40 жилд нь зурж, уран зурагт хайртай ард олныхоо мэлмийг баясгаад зогсохгүй уран зургийн түүхэнд өөрийн гэсэн нэгэн оргилыг бүтээсэн томоохон уран бүтээлч байв. Бидний дунд үлдсэн нандин сайхан дурсамж алийг тэр гэхэв ээ. Говь талын энхэл донхол зам, хаврын шороот тал дундуур, их хотын хөх үдэш, малгайлан орсон их цасан, модод гөлөглөх цаг, навчис урссан гудамж, уул усан гээд сэтгэлийн баринтагт нандигнан үлдсэн олон дурсамж хэлхэж болох ч энэ тухай хойш тавилаа. Учир нь бурхны орноо заларч одсон энэ өдрийг дурсан санаж явбал Ц.Монгол шиг зураач говь нутагт минь төрөх болов уу хэмээн сүсэглэснийх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top