Zindaa.mn сайт Монголын Үндэсний музейтэй хамтран тус музейн түүх, соёлын хосгүй үнэт үзмэрийн дээжээс түүвэрлэн цувралаар толилуулж буй. Өнөөдрийн дугаарт хосгүй үнэт үзмэр, XV-XVI зууны үед холбогдох байлдааны “Ялтсан хуягт гутал”-ыг танилцуулж байна.
ЯЛТСАН ХУЯГТ ГУТАЛ
Холбогдох он цаг: XV-XVI зуун
Хэмжээ: Өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг
Материал: Төмөр, савхи
Эдүгээ ижил төрлийн дурсгал байхгүй цорын ганц ялтсан хуягт гутал Монголын Үндэсний музейн IV дүгээр танхимын үзэсгэлэнд үзэгч түмний оюуныг мялаан байдаг. Уг гутлыг 1953 онд Архангай аймгийн орон нутаг судлах кабинетийн эрхлэгч Самдан Архангай аймгийн Хангай сумын V багийн иргэн Раашнямын Дашрагчаа эмгэнд хадгалагдаж байсныг авч тухайн үеийн Төв музейд газарзүйч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Улаанбаатар хотноо илгээсэн ажээ. Эрдэмтэн Х.Пэрлээ гутлын тодорхойлолтыг бичиж хэвлүүлсэн нь эдүгээ уг үзмэрийн талаар өгүүлэх үнэт эх сурвалж болж үлджээ.
Дайны, зуны бойв гутал нь боловсруулсан нимгэн булигааран гадартай, ялтсан дотортой түүний дотор нимгэн эсгий зөөлөвчтэй, зулагтай, товшмол ултай мөлгөр бөөрөнхий хоншоортой. Түрийнээс дээш өвдөг халхлах омгоос нарийн суран оосроор дээш татаж сойх зориулалттай татуургатай. Үүнийг "түнэ" гэдэг. Энэ гутлыг XV-XVI зууны үе Монголын түүхийн бага хаадын үед холбогдоно хэмээн эрдэмтэн Х.Пэрлээ үзжээ. Харин эрдэмтэн Бямбын Ренчин уг гутлыг XIII зууны үед хамааруулж үзэж байсан гэдэг.
Гутлын ялтас нь нэг ижил хэмжээтэй олноор үйлдвэрлэгдсэн, сайн боловсруулалтай байсныг судлаачид тэмдэглэдэг. Байлдааны ялтсан хуягтай гутлын доторх ялтсыг хэлхсэн байдал нь ижил буй нь ялтсан хуягт хувцасыг ялтсаар хуяглан хийх технологи нь адил буйг илтгэнэ. Уг дурсгалыг 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр батлаж гэрчилгээ олгожээ.
Эх сурвалж: Монголын үндэсний музей
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай түүхт ард түмэн