Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас ахиу ХУР ТУНАДАС БУУНА

2020 оны 04 сарын 07

ТАНЫ АНХААРАЛД

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур болон орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин ноцтой бэрхшээл учруулж эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад яаралтай хүргэдэг. Засаг дарга нар “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын  онцгой байдлын ерөнхий газарт, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор тус тус ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын 326606 утсаар өгөх юм уу "УБ-46, Жуулчны гудамж -5, Ус цаг уурын хүрээлэнгийн “Урьдчилан мэдээлэх секторт" гэсэн хаягаар ирүүлнэ.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь 1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Увс, Хөвсгөлийн хойд, Завханы хойд болон зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байдаг.

Гэхдээ жил бүр адил байдаггүй. Тухайлбал, сүүлийн жилүүдийн байдлаар 1997-1999, 2004 онд дээрх дунджаас 3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2007, 2008, 2009, 2014, 2015, 2017 онд 1-6 градусаар дулаан байж, өдөртөө баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хойд хэсгээр 16-21, говь ба зүүн зүгийн нутгаар 28-33, бусад нутгаар 21-26 градус хүрч дулаарч байсан бол 1991, 1993, 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, 2006, 2013 онд нутгийн зүүн хагаст уг дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. 1993, 2010 онд сарын эхээр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус хүрч хүйтэрч байв.

1981-2010 оны дунджаар Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Увсын зүүн, Сүхбаатарын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ,Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар 5-10мм, Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн  зүүн хойд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр 11-14мм, бусад нутгаар 1-5 мм хур тунадас ордог.

Гэхдээ зарим жил уур амьсгалын дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 1998,2002,2003, 2013-2015 онд зарим нутгаар уур амьсгалын дунджаас 2 дахин их хур тунадас оржээ. 

Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд баруун ба говийн нутгаар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд,  байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байв.

 

  

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүл ч, хоёрдугаар арав хоногийн эхэнд бага зэрэг хүйтэр ч, Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-9 градус, өдөртөө 19-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ сард Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүл ч хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-12 градус хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө Дархадын хотгороор 5-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 13-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 17-20 м/с хүртэл сс с үртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 градус хүйтэн, өдөртөө 5-9 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-5 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтий аймгийн хойд болон Дорнод аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 13-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-21 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-9 градус, өдөртөө 19-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Өмнөговийн ихэнх нутгаар, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр, зарим газраар хур тунадас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.175) 2020 оны 04 сарын 07

УУЧЛААРАЙ ХУР ТУНДАС ОРОХГУЙ ГЭСЭН ШҮҮ

0  |  0
Top