Шар өвсний цэвэрлэгээ зуслангийн байруудыг “залгиж” байна... Жил жилийн хавар “шар өвсний” гэж бидний ярьдаг түймрийн асуудал Онцгойгийнхны “шүдний өвчин” болдог. Шар гэж ярьдаг өнжмөл өвс өөрөө шатаж тараад байдаггүй, иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймэр дэгдэж, бусдад ч, өөрсдөдөө ч их хэмжээний хохирол амсуулж байна. Хашаа хороогоо цэвэрлэх гэсэн, татсан тамхины ишээ унтраалгүй хаясан хариуцлагагүй үйлдлээс болж зуслангийн байр, байшингууд шатаж, үнс нурам болж эхэллээ. Хүний амь нас эрсдэхийг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр гэхэд хотын хэмжээнд зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатаан, гал алдсан гэх 34 дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Гал сөнөөгчдийн олон хүнтэй бүрэлдэхүүн зуслангийн айлуудыг хамарсан, өвс шатаж тарсан энэ дуудлагын дагуу ажиллаж, арай гэж галыг намдааж байтал өчигдөр дахиад л өвс шатаасны улмаас хэд хэдэн айлын зуслангийн байшин юу ч үгүй болж, нэлээд нь галд өртлөө.
Коронавирусний халдвар, хамгаалалт гээд хаа хаанаа анхаарал, болгоомжтой байхыг сануулж, Онцгой байдал, төрийн алба хаагчид бүх хүчээрээ цаг наргүй ажиллаж байна. Гэтэл хашаан доторх өвс шороогоо зөв цэвэрлэж, зөөж хаяж чадахгүй өчүүхэн үйлдэл, залхуурал нь ажил дээр ажил нэмж байна. Байгальд уршиг, бусдад хохирол учруулж байна.
Өчигдөр гэхэд Яргайтын Богинын аманд 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээ өнжиж, өргөн хүрээг хамарсан галыг унтраалаа. Аврагч, гал сөнөөгчид 38 айлын байшин, томоохон хэмжээний ногоон бүсийг гал тархах эрсдэлээс хамгаалж чадсан ч найман айлын байшин шатаж, хоёр айлын байшин хайрагджээ. Азаар хүний амь нас эрсдээгүй. Нэг хүний татаад хаясан тамхины иш, зураад орхисон чүдэнз, асаагаад орхисон хогноос болж иргэд энэ хэмжээний эд хөрөнгөөрөө хохирч байна. Бусдын асуудал, бэрхшээл өөрийн толгой дээр ирээгүй л бол надад хамаагүй гэдэг өчүүхэн сэтгэлээр хандаж болохгүй. Манайх л цэвэрхэн бол тэднийх шатах хамаагүй гэж бодож байвал эндүүрэл. Хөрш чинь, танил чинь өвс шатааж байвал шууд зогсоо. Шаардлага тавь. Энэ тухай сануул, шаард.
Иргэд, олон нийтэд хохирол учруулсан, гал гаргасан энэ мэт үйлдлүүдэд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл хүлээдэг. Тэр хариуцлагыг “Хүн бүрийг сонор өндөр байхыг шаардаж байгаа” ийм хариуцлагатай цаг үед харин ч бүр хатуу үүрүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Хот орчимд малтай байхад өвсийг нь мал идээд шар өвсний асуудал байдаггүй байлаа
Өвс шатөах нэрээр айлын байшин санаатай шатаасан юм байна. Шалгах хэрэгтэй. Ажлаа мэдэхгүй арчаагүй авилгачид юм даа. Заавал хүнээр заалгаж хэлүүлж байж хөдөлдөг 60 иэрбумын схемээр ажилд томилогдсон новшнууд юу хийхээ одоо болтол ойлгоогүй баагийнууд шуналаас өөр юм мэддэггүй сармагчингууд