Улсын Онцгой комисс /УОК/-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Гадаад орнуудаас эх орондоо ирэх иргэдэд туслалцаа үзүүлэх талаар тооцоо, судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд оруулах чиглэлийг Улсын Онцгой комисс /УОК/-оос өглөө.
Гадаадаас иргэдээ авах асуудлаар УОК хуралдаж, шийдвэрээ гаргадаг болсон. Өнөөдрийн байдлаар аль нэг орноос иргэдээ татна гэсэн шийдвэр гараагүй байна. Зөвхөн БНХАУ-ын Эрээн хотоос 50 иргэнийг татаж авчрах шийдвэр гаргалаа.
Гадаадаас ирэх хүсэлтэй иргэдийн тоо 8000 хүрсэн байна. Эх орон руугаа ирэх гэж яваад халдвар авчих вий гэсэн болгоомжлол байна. Иймд гэрийн хорионд байгаа бол түүнийгээ мөрдөж байхыг гадаадад байгаа иргэддээ анхааруулья. Одоо Монголд гадаадаас ирсэн 2000 гаруй иргэн гэрийн хорионд тусгаарлагдаж байгаа.
Дөрөвдүгээр сард багтаан эрүүл мэндийн байгууллагууд, УОК-ийн гишүүн байгууллагуудыг оролцуулсан “Ковид-19” тархсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилт зохион байгуулж ажиллах хэрэгтэй. Энэ бэлтгэл, сургуулилтыг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийхээр төлөвлөж байна.
Нүүрс экспортод тээвэрлэж байгаа жолооч 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Ээлж нь дууссан жолооч нарыг тухайн кемпэд нь тусгаарлах нь зөв гэж үзсэн.
Яармагт баригдаж буй эмнэлэг 800 ортой эмнэлгийн барилгын ажилтай Шадар сайд маргааш танилцана. Хэрвээ санхүүжилт нь бүрэн шийдэгдвэл зургаадугаар сарын 1-ний үеэр ашиглалтад орох боломжтой юм билээ.
“Маскаа зүүцгээе” аяныг өрнүүлж байгаа. Иргэд маскаа тогтмол зүүснээр халдвараас сэргийлж чадна” гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗНЭ ҮҮ!