Хятадын хүнсний бүтээгдэхүүнээс хүний биед хортой диоктилфталат / DEHP/ гэдэг бодис илэрсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. Энэ хорт бодисын тойрсон дуулиан шуугиан Тайваньд тавдугаар сарын эхээр гарсан бөгөөд тэгэхэд хүнсний янз бүрийн 286 тонн бүтээгдэхүүн устгасан байна. Тэр үед Бээжин Тайваниас 948 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг хориглож байсан боловч мөрдөн шалгалтаас үзвэл Хятадад дотоодод нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс хорт бодис илэрчээ. Хорт бодис агуулсан бүтээгдэхүүн Хятадын өмнөд болон зүүн нутгийн гурван үйлдвэрээс илэрсэн байна. Найман нэр төрлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн дотор, навчин болон нунтаг ногоон цайнаас хортой бодис илэрснийг зах зээлээс эргүүлэн татсан гэж Бээжин мэдэгджээ. Урьд нь диоктилфталатыг амт оруулагчийн уусгагч болон спиртийн денатурант болгон идэвхтэй ашигладаг байжээ. 2005 онд Европын Холбоо энэ бодисыг хүүхдийн бараа бүтээгдэхүүнд ашиглахыг хориглосон байна. Уг бодис хүүхдийн бэлгийн бойжилтод сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Хүнсний үйлдвэрт диоктилфталатыг бүтээгдэхүүний гадаад үзэмжийг сайжруулахад хааяа ашигладаг байна. Хятадад хүнсний хортой бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийг үг дуугүй цаазална гэж байгаа ч тус улсын янз бүрийн нутагт аюултай бүтээгдэхүүн илэрсээр байна. Өнгөрсөн гуравдугаар сард меламинтай гахайн мах илэрч, 20 гаруй хүн баривчлагджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )