ОЛОН ӨНГӨ: Зуршил биднийг аварна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 25

Коронавирус гэх аймшиг дэлхий дахиныг түгшээгээд хэдэн сар боллоо. Тоглож наадаад, ээж аавдаа эрхлээд гүйж байх насны бяцхан хүүхдүүд хүртэл эрх чөлөөгөө “хасуулж”, эрт ухаан сууж байх шиг. Хэлд ороод удаагүй байгаа хүүхдүүд ч коронавирус гэж юу болох, дэлхий дахинд аймаар зүйл болоод байгааг мэднэ. Тэдний хэнээс нь ч асуусан корона... хэмээн бяцхан ухаандаа ойлгосон зүйлээ шулганана. Арай том болсон хүүхдүүд бол зарим томчуудаас илүүгээр энэ өвчнийг тодорхойлон ярьж, ариун цэврийн дэглэмийг ягштал сахина.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний тархалт дэлхий даяар удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулсан. Энэхүү өвчний эсрэг үр дүнтэй эм тариа гартал бид хорио цээрийн дэглэмд байж, маск зүүх, гараа тогтмол угаах, ариутгах, бие биеэсээ 1.5-2 метрийн зайг барьж явах, харьцах зэргийг хэвийн амьдралынхаа дадал зуршил болгоно. Зарим зуршил хүнийг алдаг бол зарим нь биднийг аварна. Тамхи татах, архи уух, гараа угаахгүй явах, бүгчим орчинд дассан байх зэрэг нь хүнийг өвчлүүлж, үхэл рүү ойртуулдаг бол коронавирус гараагүй үед магадгүй бусдад шоолуулдаг байсан хэт цэвэрч зуршил нь одоо биднийг аварна.

Аюулт вирус биднээс салахгүй, удаан хугацаанд хамт байх учир хөл хорионы дэглэмийг зөрчилгүй, ариун цэврийг сайн сахиж, вирус орж ирэх орон зайг бүү гарга гэж ДЭМБ уриалсаар байна.

Хаа нэг тийшээ яваад ирсэн, хэн нэгэнтэй уулзсан, эсвэл хамт тээврийн хэрэгслээр зорчсоноосоо болж тусгаарлалт, хөл хорионд орсон нэгнийгээ бүү гадуурх, бүү чичил. Нийтийн болон өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, хүн бүрийн дархлаа хүчирхэг байж хамтдаа аюулт өвчнийг ялан дийлэхийн төлөө бусдыг ялгаварлан гадуурхах, дорд үзэхгүй байхыг дадал зуршлаа болго. Зуршил биднийг аварна...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top