Дэлхийн улс орнууд ээлж дараалан хорио цээрийн дэглэмээ цуцалж, чөлөөлөгдсөн хүн ард цэцэрлэгт хүрээлэн, үсчингээр гүйлдэн, ажил болон хэвийн амьдралдаа буцан орох гэж яарна. Гэхдээ бүгд ингэж чадахгүй л болов уу гэж эдийн засагч, санхүүгийн эрх баригчид анхааруулж байна. Зууны энэхүү томоохон хямралаас орсон шигээ тийм ч амархан гарчихгүй гэж тэд үзэн дэлхийн эдийн засаг сэхээнд орж, хэсэгчлэн саажиж, насан туршийн шарх авна гэж таамаглаж байна
Театр, оффисууд удахгүй нээгдэх ч үйл ажиллагааны цар хүрээ, ажил эрхлэлт, цалин хөлс, үйлдвэрлэл КОВИД-19 халдварт өвчний буулгаж хаясан тэр өндөрлөгт дахин хүрэхгүй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий гэж мэргэжилтнүүд ярьж байна. Нэгдүгээрт, вирус бүрэн ялагдаагүй, вакцин гараагүй, ихэнх улс орон хоёр дахь давлагааг хүлээж байгаа, зарим нь бүр нэг дэх давлагаагаа ч даваагүй байгаа нөхцөлд бүгд хаалгаа нээхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс ч тэр бизнес ч тэр ирээдүйгээс айн өмнөх шиг мөнгөө зарцуулахаар яарахгүй байна. Энэ нь хэрэглээ болон хөрөнгө оруулалт гэсэн орчин цагийн эдийн засгийн үндэс суурийг ганхуулж байна. Энэ бол хоёр дахь шалтгаан. Гуравт, хорио цээрийн дэглэм зардал өндөртэй зүйл болж таарав. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзэгдээгүй бизнес, нийгэм, соёл, спортын амьдралын саажилт олон улсын худалдааны сүйрэлтэй зэрэгцэн асар их хэмжээний хөрөнгө нэхэж, эдийн засгийг хиймэл амьсгалаар торгоож байна. Гэтэл эдгээр мөнгийг буцаан өгөх ёстой бөгөөд энэ нь ирээдүйд хөгжил, нийгмийн хэрэгцээнд зориулагдах хөрөнгө мөнгө багасаж, татвар нэмэгдэнэ гэсэн үг. Дөрөвт, үүр цайхад зарим нь сэрэхгүй. Иргэний агаарын тээврийн компаниудаас авахуулаад ресторан зэрэг ихэнх бизнес эрх баригчдын зүгээс дэмжлэг үзүүлсэн ч хөл хориог даван гарч чадахгүй. Үүний улмаас олон хүн ажилгүй болж, шинэ нөхцөл байдалд өөр ажил олоход ч хүнд болно. Дэлхийн эдийн засаг 2021 онд сэргэсэн ч хохирлоо бүрэн гүйцэд нөхөж чадахгүй. Хохирлын хэмжээ нь 10 их наяд ам.доллар байна гэж Олон улсын валютын сан тооцоолжээ. Мөн ийм хэмжээний мөнгийг хямралтай тэмцэхэд зарцуулахаар дэлхий дахинд төлөвлөж байна.
Асар өндөр тоо
Хорин их наяд гэдэг нь дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг бөгөөд манай гараг дээрх бүх улс орны төсвийн зардлаас 1.5 дахин их мөнгө. Энэ баримт л эдийн засагчдыг гутралд оруулахад хангалттай. Өвчнөө ялсны дараа эрүүл мэндээ хурдан сэргээж, гэртээ, ажилдаа буцан ирж болно. Гэхдээ эмчилгээний зардал жилийн цалингийн хэмжээг 1.5 дахин давсан бол урьд өмнөх сайхан амьдралд хурдан хугацаанд эргэж орох тухай ярихын ч хэрэггүй. Гэтэл тусламжийн мөнгөний ихэнх хэсэг баян чинээлэг улс оронд очсон. Харин хөгжиж буй улс орнууд хямралын хамгийн хүнд үе болох эдийн засгийн хямралын үеийг ямар санхүүжилтээр даван туулахаа шийдэх том асуулттай үлдэж байна. Ядуурал нэмэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсэж, худалдааны эргэлт унана. Өөрөөр хэлбэл дэлхий дахин өнгөрсөн зууны сүүлч үе рүү буцаж очно гэсэн үг. Ингэснээр сүүлийн олон арав гаруй жил дэлхий дахинд тэгш бус байдал, ядуурлыг буруулах үйл хэрэгт зориулсан хүчин чармайлтыг үгүй хийж байна. Хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоогүй Шведэд хүртэл хүндхэн байх болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон сар бүр аль ч улс орны баялгийн жилийн өсөлтийг хоёр хувиар хойш нь татжээ.
Айдас ба шарх
Хөгжингүй ертөнцөд хамгийн их хохирлыг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Европын холбоо амсана. Үүнтэй бүх эдийн засагч санал нэгдэж байгаа ч үнэлгээний үзүүлэлтүүд хол зөрж байна. Олон улсын валютын сан, Европын комисс Европын эдийн засаг энэ жил долоон хувиар унана гэж тооцоолж байгаа бол Европын Төв банк тав, зарим тооцооллоор 15 хувиар буурна гэж үзэж байна. Харин энэ ангал хэр гүнзгий байх нь гурван зүйлээс шалтгаална гэж Европын Төв банкны дэд ерөнхийлөгч Луис де Гиндос онцолжээ. Нэгт, хөл хориог хэр хурдан цуцлах, хоёрт, үйлдвэрлэл, хэрэглээний аль хэсэг бүрэн үгүй болох, гуравт хямралын эсрэг авч буй арга хэмжээний үр дүнгээс шалтгаалах аж.
Коронавирус европчуудын харамч занг сэрээсэн. Тэд мөнгөө үрэлгүй, хадгалах хандлагад шилжив. Үүнийг статистик мэдээ ч илтгэж байгаа. Шинэ зууны эхээр европчууд дунджаар орлогынхоо 12-14 хувийг хар өдрүүдэд зориулан хадгалдаг байсан бол коронавирустэй жилд 20 хувь болж өсжээ. Нүдэнд харагдахгүй дайснаас айх айдас дэлхийн хамгийн баян орон болох АНУ-д илүү мэдрэгдэж байна. “Манай эдийн засаг нэгэн үнэт зүйлээ алдана. Шарх эдгэрэхэд их хугацаа авна” гэж Нобелийн шагналт Жозеф Стиглиц ярьжээ. Хямралын үед хэрэглээ, хөрөнгө оруулалт буурснаар дефляцийг бий болгодог. Энэ нь эдийн засагт хүчтэй цохилт өгдөг. Үнэ ч өсөхгүй, инфляц ч өсөхгүй. Улмаар хэрэглэгчид ирээдүйд шаардлагатай бүх зүйлээ хямдаар авна гэж тооцоолон, мөнгөө хуримтлуулахыг эрмэлздэг. Инфляц өсөөгүй үед өр үнэгүйддэггүй тулд өрөө барагдуулахын тул татвар нэмэх, төсвийн зардлыг танахад хүргэдэг. Ингэснээр хэрэглээ болон эдийн засгийг идэвхийг дарангуйлдгаараа энэ чөтгөрийн тойрог аюултай.
Эдийн засгийн сэргэлтийг хазаарлаж буй бас нэг асуудал нь бизнесийн зардлын өсөлт. Хөл хорионы үед компаниуд, ялангуяа дэлхийн үйлдвэр болсон Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй компаниуд шатсан. Өдгөө тэд үйлдвэрлэлээ гэртээ ойр шилжүүлэх, нөөц нийлүүлэгчид олох, барааны нөөц бүрдүүлэх, бэлэн мөнгө хуримтлуулахыг зорьж байна. Өртөг өндөр ч найдвартай. Нэгэнт хэрэглээ буурсан үед үнээ өсгөх хүнд тул зардлын өсөлт компанийн ашиг, хөрөнгө оруулалт, шинэ байр бий болгоход сөргөөр нөлөөлнө. Энэ зөвхөн ажилгүйдлийг өсгөөд зогсохгүй үнэт цаасны зах зээл дэх хувьцааны үнийг унагаж, улмаар хямралын хохирогчдын эгнээнд орлогоороо амьдардаг хүмүүсээс гадна хуримтлалаараа үнэт цаас худалдан авсан хүмүүс нэмж орно.
Шведийн замнал
Дэлхий хямралаас гарах хаалгыг өтгөн манан дотроос тэмтчин хайж байна гэж Олон улсын валютын сангийн ерөнхий эдийн засагч Гита Гопдинат хэлсэн байдаг. Коронавирусний оношилгоо, эмчилгээ зөв байсан эсэхийг бид хэдэн жилийн дараа л олж мэднэ. Харин тэр болтол энэ бүх хорио цээрийн арга хэмжээ авах шаардлагатай байсан эсэх талаар маргаан дэгдсэн хэвээр байх болно. Бизнесийг боомилох хүртлээ хэтрүүлсэн арга хэмжээ авсан юм биш биз? Эдийн засгийн уналтын үр дагавар вирусээс ч илүү хохиролтой байх юм биш биз?
АНУ-ын эрдэмтэд өнгөрсөн зууны эхээр дэлхий дахиныг хамарсан Испанийн томууны сургамжийг судалжээ. Тэд эрх баригчид нь өргөн хүрээнд хорио цээрийн дэглэм шуурхай тогтоосон улс орнуудад үйлдвэрлэл түргэн сэргэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин энэ удаад хорио цээрийн хатуу дэглэмийг дэлхийн ихэнх улс орон сонгосон. Гэхдээ эрх чөлөөний цөөн хэдэн арал энэ бодлогыг эсэргүүцэгчдэд итгэл өгсөн. Үүний нэг жишээ Швед улс. Европын Холбооны тэргүүлэгч эдийн засагтай улсын нэг Швед дэлгүүрүүдээ ч тэр, сургуулиудаа ч хаасангүй. Иргэдээ гэрээс нь гарахыг ч хориглосонгүй. Эрх баригчид бие биеэсээ зай барьж, боломжийнхоо хэрээр гэрээсээ ажиллах зөвлөгөө өгч, олон нийтийн арга хэмжээг хориглож, ахлах анги, их сургуулиудад танхимын сургалт явуулахыг хориглосон. Үүний үр дүнд тус улсад нас баралтын түвшин Европын бусад улс орнуудыг бодвол доогуур, харин Скандинавын орнуудын дунд хэд дахин их гарав. Гэхдээ Европын бусад орнуудыг бодвол Шведийн эдийн засаг тийм ч их хохирол амсаагүй. Эхний улиралд эдийн засаг нь 0.3 хувиар буурсан бол ЕХ-нд энэ үзүүлэлт 3.5 хувьтай байна. Гэхдээ хорио цээрийн хатуу дэглэм эдийн засгийн идэвхжилтэй шууд хамааралтай гэж үзэхэд хүндрэлтэй гэж Шведийн “Handelsbanken” банкны ерөнхий эдийн засагч Эрик Мейерсон онцолсон байна. Тус улсын эдийн засгийн тал хувийг экспорт эзэлдэг бөгөөд “Volvo” автомашин болон бусад бараа, үйлчилгээний эрэлт дэлхий дахинд огцом буурсан. Улмаар 2020 онд тус улсын эдийн засаг 7 хувиар буурна. Энэ нь Европт зөгнөж буй дундаж үзүүлэлт гэж Шведийн сангийн сайд Магдалена Андерссон мэдэгджээ. Шведүүд урт хугацааны дүрмээр тоглож, хорио цээрийн дэглэм ээлжилсэн нээлт, хаалтаас илүү үр дүнгээ өгнө гэж найдаж буй. Шведийн стратеги урт хугацаанд тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Хүмүүсийг хорионд байлгаад гаргахад илүү айдаст автаж, тодорхойгүй байдал нэмэгддэг гэж Шведийн Төв банкны тэргүүн асан Кристина Ниман ярьжээ. Түүний хэлснээр, Шведийн загвар үр дүнтэй байсан эсэхэд үнэлэлт өгөхөд эрт байна. Эцсийн үр дүн ижил байх болов уу. Хорио цээрийн зөөлөн дэглэм тогтоогоогүй бол бүх зүйл илүү муугаар эргэх байсан. Дэлхийн эдийн засгийн уналтаас Шведийн эдийн засаг бусдаас илүү хохирдог уламжлалтай гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )