Цунамид өртсөн нутгуудад хуримтлагдсан хог нурангийг цэвэрлэх үеэр 970 сая иен буюу 12 сая гаруй долларын мөнгөн тэмдэгт олджээ. Тэдгээрийн ихэнх нь гэрийн сейфэнд хадгалагдаж байсан нь эздийг нь хайх ажлыг хөнгөвчилсөн байна. Аврагчид дэвсгэртүүдийг гурван сарын турш олж цуглуулжээ. Цагдаагийнхний мэдээлснээр, сейфнүүдэд мөнгөн дэвсгэртээс гадна үнэт эдлэл, бичиг баримт хадгалагдаж байсан учраас эздийг нь тогтооход хүндрэл гараагүй байна. Одоогийн байдлаар, цагдаагийнхан дээрх мөнгөний 85 гаруй хувийнх нь эздийг олж тогтоогоод байгаа ажээ. Цагдаа нар олж цуглуулсан мөнгөнүүдээ маш том цаасан дээр тавин индүүдэж байгааг телевизийн “NHK” сувгаар үзүүлсэн байна. Өнгөрөгч гуравдугаар сард Японы зүүн хойд нутагт 10 гаруй метр өндөр цунами үүсэхэд хүргэсэн хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг гамшгийн улмаас 15.4 мянган хүн амиа алдаж, 7900 хүн сураггүй алга болжээ. Одоогоор байдлаар 1400 гаруй нүүлгэн шилжүүлэх цэгт 80 мянган гаруй хүн амьдарч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )