АНУ мөс зүсэгч ХӨЛӨГ ОНГОЦНЫ ФЛОТ байгуулж чадах уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

- Орос, АНУ, Хятад нь Арктикийн гол тоглогчид -

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Арктик болон Антарктикт мөс зүсэгч онгоцны флот байгуулах барилгын хөтөлбөр боловсруулахыг тушаажээ. Энэ талаах санамж бичиг Цагаан ордны сайтад гарсан байна. Уг бичигт өгүүлснээр АНУ 2029 он гэхэд туйлын аюулгүй байдлыг хангах зорилгоор мөс зүсэгч онгоцны флот худалдаж авах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Энэ нь Арктик болон Антарктик дахь АНУ-ын үндэсний эрх ашгийг дэмжих юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Вашингтонд ийм богино хугацаанд мөс зүсэгч онгоцны флот байгуулах суурь болон технологи байхгүй аж.

Трамп 2029 он гэхэд АНУ Арктикт болон Антарктикт байнгын оролцоотой байхын тулд бүрэн хүчин чадалтай хөлөг онгоцны флот байгуулахыг хүсэж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд, Худалдааны сайд, Эрчим хүчний яамны тэргүүн, Дотоодын аюулгүй байдлын яамны сайд, Төсвийн албаны даргад болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд хаягласан холбогдох санамж бичигт дурджээ. Санамж бичгийн сэдвийг “Арктикт болон Антарктикийн бүс дэх АНУ-ын үндэсний сонирхлын хамгаалалт” гэж тодорхойлсон байна. Цагаан ордны сайтад тавигдсан санамж бичигт өгүүлснээр “Арктик болон Антарктикийн бүс нутаг дахь үндэсний эрх ашгаа хамгаалахад туслахын тулд манай холбоотон, түншүүдийн хамт аюулгүй байдлын хүчирхэг байдлыг дэмжиж, мөс зүсэгчийн флотын үйл ажиллагааны туршилтыг хийж, 2029 оны санхүүгийн жилд бүрэн байршуулахад бэлэн байна” гэжээ. Шинэ туйлын флот байгуулах төлөвлөгөөг маш богино хугацаанд буюу ердөө 60 хоногийн дотор боловсруулахыг тэмдэглэх нь зүйтэй. 2029 он гэхэд гурван хүнд мөс зүсэгч онгоц бий болгохоос гадна АНУ дахь шинэ мөс зүсэгч флотын дор хаяж хоёр оновчтой байршлыг тогтоох, үнэлэх шаардлагатайг дурдсан байна.

Ирээдүйн урьтал

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх огноог 2029 он гэсэн нь санамсаргүй зүйл биш гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь тэр үед АНУ-ын эзэмшдэг хоёр мөс зүсэгч болох дунд жингийн “Healy” болон хүнд жингийн “Polar Star”-ыг задлах аж. Хоёр хөлөг онгоц АНУ-ын Эргийн хамгаалалтын хараанд байдаг. Үүнтэй харьцуулахад Оросын мөс зүсэгчийн флотод 40 орчим хөлөг байдаг. Финландынханд долоо, Канад болон Шведийнхэд тус бүр зургаан мөс зүсэгч бий. Тэнгисийн цэргийн бие даасан, тусдаа зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаг Америкийн эргийн хамгаалалтад одоогийн Доналд Трампын санамж бичгээс нэг жилийн өмнө хуучирсан хөлөг онгоцнуудыг сольж өгөх ажилд анхаарал хандуулжээ. 2019 оны дөрөвдүгээр сард “VT Halter Marine” усан онгоц үйлдвэрлэх компанитай шинэ хүнд мөс зүсэгч хөлгийг зохион бүтээх, барихад 746 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Түүнчлэн хоёрдугаар сард АНУ-ын Конгресст илгээсэн 2021 оны санхүүгийн жилийн төсвийн төлөвлөгөөнд “Polar Star”-ын оронд өөр хүнд мөс зүсэгч онгоц байрлуулахаар төлөвлөж байгааг зарлажээ. Одоогийн байдлаар төлөвлөгөөнд “Polar Star” хөлөг онгоцыг ижил төрлийн хөлөг онгоцоор солихоос зайлсхийж байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж.

АНУ-ын Батлан хамгаалахын хэвлэл болох “Defense News” портал зэрэг нь АНУ шинэ мөс зүсэгч онгоцнуудын асуудлаар Канад эсвэл Хойд Европын орнуудад хандаж магадгүй талаар бичжээ. Тухайлбал, Финландын усан онгоц үйлдвэрлэгчид дэлхийн бүх мөс зүсэгчийн 60 орчим хувийг үйлдвэрлэж, олон жилийн турш Америкийн зах зээлд гарахыг мөрөөддөг гэжээ. Гэсэн хэдий ч гадаадаас ийм хөлөг онгоц авахын тулд Трампын засаг захиргаа Америкийн усан онгоцны үйлдвэрлэлийг хадгалахын тулд Дэлхийн нэгдүгээр дайны дараа батлагдсан Жонсын хуулийг тойрч гарах шаардлагатай болно гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Энэхүү хуульд АНУ-д далайн эргийн худалдаа нь зөвхөн Америкт бүтээгдсэн усан онгоцон дээр, тус улсын иргэдийн багтайгаар явагдах боломжтой гэж заажээ. Энэ талаар зарим шинжээч Трампын санамж бичигт заасан шинэ мөс зүсэгч хөлгийн флот байгуулах эцсийн хугацаа бодит бус байна гэлээ. Тэдний дүгнэж буйгаар АНУ есөн жилийн дотор бүтэн флот байгуулах боломжгүй аж. Учир нь нэг хөлөг бүтээж, флотын нэг хэсэг болгох ажлыг хийхэд дор хаяж 10-15 жилийн хугацаа шаардагдана. Үүнээс гадна тэдэнд сайн мөс зүсэгч хөлөг бүтээх туршлага байхгүй тул үүнээс илүү их цаг хугацаа шаардагдах гэнэ. Доналд Трампын санаа бодит байдал дээр 2035–2040 оноос хойш хэрэгжих боломжгүй гэж шинжээчид үзэж байна.

Цэргийн шинжээчид АНУ нь мөс зүсэгч хөлөг онгоц бүтээх туршлагагүй тул Трампын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санамж бичигт зааснаас илүү их цаг хугацаа шаардагдана гэжээ. АНУ мөс зүсэгч хөлөг түрээслэх санааг ч хэрэгжүүлэх боломжгүй аж. Яагаад гэвэл бүх улсад Арктикт явах мөс зүсэх зэрэглэлийн хөлөг онгоц байхгүй... Одоо Орос улс Арктик дахь гол давуу тал юм. ОХУ-д 40 орчим хөлөг онгоцтой мөс зүсэгчийн флоттой. Онгоцнуудын дөрөв нь атомынх. Мөн ойрын ирээдүйд хамгийн багадаа гурван хөлөг онгоц авах аж.

Ашиг сонирхлын зөрчил

АНУ Арктикт хяналтаа тогтоохыг хүсэж байгаа нь тодорхой, Умард тэнгисийн чиглэлийн замыг ашиглахыг хүсэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Дорвитой мөс зүсэгч хөлөг онгоцны флотгүй бол энэ нь боломжгүй. Түүгээр ч зогсохгүй дунд болон өмнөд өргөрөгт үйл ажиллагаагаа оновчтой болгосон Америкийн флот нь Арктикт үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй, ерөнхийдөө Арктикийн бүсэд үйл ажиллагаа явуулж болох байлдааны хөлөг онгоцнууд байдаггүй. Доналд Трамп энэ бүс нутагт Оростой өрсөлдөх, Умард тэнгисийн замыг хяналтдаа авахын тулд Арктикийн сав газраас зайлуулахыг зорьж байна гэж шинжээчид тэмдэглэжээ.

АНУ зөвхөн мөсөн флот байгуулахаар төлөвлөж байгаа бол Орос улс флотоо улам бүр өргөжүүлж, шинэчлэн сайжруулж байна. ОХУ тавдугаар сард 22220 “Якут” төслийн хүчин чадлаараа дөрөвт ордог атомын мөс зүсэгч хөлгийг Балтийн усан онгоцны үйлдвэрт аваачжээ. Усан онгоцны үйлдвэрт “Арктик”, “Сибирь” болон “Урал” гэх цөмийн хүчин чадалтай гурван усан онгоцыг барьж дуусгаж байна. Балтийн усан онгоцны үйлдвэрийн сайтад мэдээлснээр 22220 төслийн Оросын цөмийн мөс зүсэгчид “дэлхийн хамгийн том, хамгийн хүчтэй нь болно”. Өнөөдөр Орос бол цөмийн мөс зүсэгч хөлгүүдийг үйлдвэрлэгч дэлхийн цорын ганц улс гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 22220 төслийн Оросын шинэ мөс зүсэгч онгоцнууд Хойд тэнгисийн маршрутын цаашдын хөгжил дэвшлийг хангах ёстой. 2019 оны арванхоёрдугаар сард хойд хөршийн засгийн газар энэхүү томоохон усан замын дэд бүтцийг 2035 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд 22220 төслийн мөс зүсэгч бүтээхээс гадна “Лидер” хэмээх төслийн цөмийн мөс зүсэгч болон бусад тусгай хөлөг онгоц бүтээх талаар тусгажээ.

Сануулахад, 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2035 он гэхэд тус улсын Арктикийн флот дор хаяж 13 хүнд мөс зүсэгчтэй байх бөгөөд үүнээс ес нь цөмийнх байх болно гэж мэдэгджээ.

Арктик бол ашиг

Арктик нь бүхэлдээ худалдааны шинэ зам, нөлөөллийн шинэ бүс, олон тэрбум ам.долларын олз ашиг. Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст далайцтай эдийн засаг, геополитикийн их өрсөлдөөн явагдаж буй. Арктикт ОХУ, АНУ, Хятад улс гол тоглогчид нь юм. Арктик нь олон зууны туршид туйл судлаачдын сонирхлыг татсаар ирсэн. Мөсөөр хучигдсан энэ газар нутагт дурын технологи хүрэхгүй, хүчрэхгүй. Харин сүүлийн жилүүдэд гарч ирсэн шинэ технологиуд энэ газар нутгийг өөрчилнө. 2050 он гэхэд Арктикийн температур 3-5 градусаар нэмэгдэж, байгалийн баялгийн арвин нөөцийг нь боловсруулах алхам ойртож, тус бүс нутгаар дамжуулан ачаа тээвэрлэж, дэлхийн том гүрнүүдийн тэмцлийн талбар болно гэж НҮБ дүгнэжээ. Оросын тэнгисийн Азиас Европ руу, Европоос Ази руу ачаа зөөдөг хойд зам энэ бүс нутгаар дайрч байна. Уг замаар Хятадын Шанхай хотоос Германы Хамбург рүү ачаа тээвэрлэхэд зайг дөрөвний нэгээр богиносгоно. Америкийн шинжээчдийн дүгнэснээр Арктикт 1.67 их наяд куб.метр хий, 90 тэрбум баррель нефть байгаа нь судлагдаагүй хийн 30, нефтийн нөөцийн 13 хувьтай тэнцэх аж. Мөн уран, газрын ховор элемент, алт, очир эрдэнэ бий.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.131.225.197) 2020 оны 06 сарын 12

za iim bnaa, manai nogoo ardchilsan gaminuud amerik aguu geed orilood baidag ch dee..getel vnen heregdee tiim bish bgaa bizdee..

0  |  0
Top