“Фүкүшима-1” АЦС-ын ослын улмаас цөмийн бүх реакторыг зогсоосон тохиолдолд Японы эдийн засагт жил бүр 7,2 их наяд иен буюу 90 тэрбум долларын хохирол учрах болно. Ийм дүгнэлтийг тус улсын Эдийн засгийн судалгааны үндэсний төвийн мэргэжилтнүүд хийжээ. Харин энэ дүгнэлтийг тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам үгүйсгэж байна. Тус яамны мэдээлснээр одоогийн байдлаар нийт 54 реакторын 30 гаруйд нь техникийн шалгалт, эсвэл болзошгүй байгалийн гамшгаас хамгаалсан аюулгүй байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авч байгаа ажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх наймдугаар сард ид халууны үеэр ердөө 14 реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бол 2012 он гэхэд Японы бүх АЦС-ын үйл ажиллагаа зогсч магадгүй байна. Учир нь орон нутгийн эрх баригчид атомын эрчим хүч ашиглахын эсрэг идэвхтэй тэмцэж байгаа ажээ. Ийм нөхцөлд үйлдвэрлэл, экспорт болон ДНБ-ний хэмжээ мэдэгдэхүйц буурахад хүрнэ гэж Эдийн засгийн судалгааны төвийн шинжээчид үзэж байгаа ажээ. Мөн түүнээс гадна Япон улс энэ онд гадаад худалдааны алдагдал хүлээж болзошгүй байгаа бөгөөд харин 2017 онд төлбөрийн тэнцэл нь сөрөг үзүүлэлттэй гарч магадгүй байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )