Ливи улсад байдаг дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалт газруудыг түйвээхгүй байхыг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова НАТО-гийн гишүүн орнууд болон Каддафийн цэргийн эрхтнүүдээс шаардлаа.Тэрбээр өчигдөр НҮБ-ынтөв байранд тараасан мэдэгдэлдээ, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад ордог Ливийн баруун хойд нутаг дахь Гадамес хотын төв хэсэг болон Триполи хотоос хойд зүгт байдаг эртний финикчүүдийн Лептис-Магна суурингийн балгасыг хамгаалалтанд авахыг мөргөлдөөнд оролцогч талуудад хандан уриалжээ.Өнгөрсөн амралтын өдрүүдэд Каддафийн армийн цэргүүд “Говийн сувд” гэгддэг Гадамес хот руу их буугаар галласан байна. Үүний зэрэгцээ Хойд Атлантын эвслийн нисэх онгоцууд Каддафийн армийн зэвсгийн агуулах байрладаг Лептис-Магна орчмын бүсийг бөмбөгдөж магадгүй байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1973 тоот тогтоолоо батлах үед ЮНЕСКО-гийн тэргүүний зүгээс цэргийн ажиллагаанд оролцогч улсуудад хандан мэдэгдэл гаргаж, “зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай 1954 оны Гаагын конвенцид нэгдсэн болохыг” нь дээрх орнуудад сануулсан байна.
Ливи улсад Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 5 объект байдаг ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )