Хятадын өмнөд нутгийн Гуанжоу хотод шилжин суурьшигч ажилчид болон цагдаагийнхны хооронд сүүлийн хэд хоног ширүүн мөргөлдөөн болж байна. Өнгөрөгч ням гарагийн орой эсэргүүцлийн ажиллагаанд оролцогч 1000 орчим хүн автомашинуудыг шатааж, Хятадын аж үйлдвэрийн гол дүүрэгт байрладаг энэ хотын захад орших байгууллагуудыг түйвээн сүйтгэжээ.Цагдаагийнхан тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, хуягт машин ашигласан байна. Худалдагчаар ажилладаг шилжин суурьшигч жирэмсэн эмэгтэйг дэлгүүрийн хамгаалагчид орох хаалганы дэргэдэх лангуугаа зайлуулахыг шаардсанаас хэрэг явдал эхэлжээ. Эмэгтэй шаардлагыг нь биелүүлээгүй учир хамгаалагчид түүнийг түлхэн унагаад зодож эхэлсэн гэж гэрчүүд ярьсан байна. Дээрх явдалд дургүйцсэн улирлын чанартай ажил хийхээр алслагдмал Сычуань мужаас ирсэн ажилчид хөл үймээн дэгдээжээ. Хилэгнэсэн жагсагчид цагдаа нар руу лонх, туйпуу шидэлж, цонх шил хагалан, цагдаагийн машинуудыг хөмрөн унагаж байв.Энэ хэрэг явдалд холбоотой 25 хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )