Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр (2020.06.22) Хан-Уул дүүргийн нутагт их хэмжээний бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээллийг шалгажээ.
Улмаар 250 сая төгрөгийг 2.5 саяар нь багцлан боосон байсныг эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл байна.
Энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүн Н.Даваажав гэх иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр бол Кёкүшюүзан Д.Батбаярын бие төлөөлөгчөөр 2012 оноос ажиллаж байгаа Н.Даваажав гэх хүн мөнгө тараахаар бэлтгэж, Кувейтийн аманд аваачин мөнгөө багцалж байсан ажээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү энэ талаар “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль зөрчсөн гэх 1276 гомдол ирснийг шалгаж байна. Бэлэн мөнгө тараахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл их ирж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн XIV хорооны нутагт шалгалтын ажиллагаа явуулж, гарал үүсэл нь тодорхойгүй 200 гаруй сая төгрөг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хууль зөрчсөн, эсэхийг нарийвчлан шалгаж тогтооно. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өглөө.
Сануулахад, УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг хоёр ч эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Түүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн улмаас нийт гурван тэрбум 160 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий. Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь 2014 онд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдсон байдаг.
Энэхүү хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандсанаар энэ оны хоёрдугаар сард хилийн хориг тавиад байгаа билээ. Түүнчлэн Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь уг мөнгийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах боломжгүй гэдгийг эх сурвалж хэлж буй.