Эх нутгаа хогоор ундаалсан “Монголчууд”

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Монголчууд бүгдээрээ эх байгальдаа хог хаядаг юм биш л дээ. Гэхдээ зуны саруудад амарч, зугаалах олны хөлийг дагаад ил задгай газарт хог хаях асуудал хэрээс хэтэрч байна. Завхан аймагт аялж яваа иргэний очсон хэд хэдэн сумын хог хаях цэгүүд ачааллаа дийлэхээргүй болсныг халаглан ярилаа.

Тодруулбал, Отгонтэнгэр хайрханы ойролцоох болон Цагаанхайрхан сумын хог хаях цэг дээр замбараагүй хаясан хогийг мал талхалж, уул, ус орчмоор тараажээ. Сумын төвөөсөө ачааны машинаар 60 км явж, Отгонтэнгэр хайрханы ойролцоо цугларсан хогийг ачдаг боловч нэг машинд бүрэн багтахгүй, дахин дахин хол зайд явах шаардлага гардаг. Машины даацаас тав дахин их хог зуны саруудад хайрханы өвөрт овоолоостой байдаг аж.

Тусгай хамгаалалттай газар нутаг, шүтээн газар, гол мөрний хөвөөгөөр хүртэл ариун цэврийн цаас, архины шил, ундааны сав, элдэв янзын гялгар уут энд тэндгүй үзэгдэж, хогийн төвлөрсөн цэгүүд дээр ч овоолсон хогууд тарж бутраад эзэнгүй мэт хаягджээ. Гол, нууруудын дотор хүртэл хогоо хаядаг Монголоо алдагсад олширсоор. Хаясан шилнүүд нь хагарч хүүхэд, хөгшдийн хөл рүү шигдэх нь энүүхэнд.

Энэ бэрх өдрүүдэд Увс нуурын тусгай хамгаалалттай газраас нэгээс хоёр өдрийн дотор 20 тонн хог ачаад ч хогийн цэг дундрахгүй байгааг байгаль хамгаалагч нь хэллээ. Баянхонгор аймагт 400 гаруй хүн өдрийн турш амрагчдын хаясан хогийг цэвэрлэхэд 28 тонн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэж, гурван автомашинаар тээвэрлэсэн байгаа юм. Нөгөө талаар хэрэглэсэн хогоо ил задгай хаядаг хүмүүс байхад бусдын хаясан хогийг цэвэрлэдэг, хог хаягдлаар бүтээгдэхүүн хийдэг сайн дурын клубууд, албан байгууллага, хувь хүмүүс олон болжээ. Дэлхийн улсуудад ч ийм жишээ бий. Испанийн Мадрид хотод “Beach Garbage” нэртэй ханаа тэр чигээр нь хаягдал хогоор урласан зочид буудал байдаг аж. Тайландын нэгэн хувраг 50 жилийн хугацаанд нэг сая шар айрагны шил цуглуулан өөрийн сүмээ барьсан гэдэг. Монгол Улсын хувьд хог хаягдлыг дахин боловсруулж төрөл бүрийн чимэглэл, хашаа, хайс, сав хийдэг хувь хүмүүс, хог хаягдал дахин боловсруулдаг 50 гаруй үйлдвэр, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 20 мянга гаруй ажилтан байдгийг 2019 оны байдлаарх ХХААХҮЯ-ны судалгаанаас харж болно.

Хогийг ил задгай хаяхгүй байхаас өөрөөр зориулалтын хогийн сав, төвлөрсөн цэгүүдэд хаяж, боловсруулж ашигладаг иргэд, үйлдвэрүүдэд аваачиж өгөх нь хувь хүний ухамсар, багахан хүчин чармайлтын л асуудал. Энгийн жишээ татахад, өчигдөр Горхи-Тэрэлжид амарч яваа иргэн Тэрэлжийн голын дагуух 400 орчим метр газрын хогийг цэвэрлэхэд автомашинд багтахгүй их байгааг нүүр хуудастаа бичээд соёлтой амарч, зугаалахыг иргэдэд уриалжээ.

Түүнчлэн БОАЖЯ-наас Экологийн цагдаагийн албатай хамтраад “Ирлээ-явлаа-цэвэр” аяныг долоодугаар сараас наймдугаар сарын дунд үе хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд иргэдийг зөв, боловсон амрах тухай 10 төрлийн мэдээллийг аймгуудын пост болон нийгмийн сүлжээгээр хүргэж байна. Хоггүй аяны тухайд энэ жил гэхэд дөрвөн ч аян хэрэгжээд байгаа аж. Нийтээрээ хотын төвдөө хог хаях нь багассан, хогийн савны хүртээмж нэмэгдсэн боловч амарч, зугаалахдаа Монголынхоо газар нутгийг хогийн сав мэтээр ханддаг нь тун харамсалтай. Хог хаяхгүй байснаар байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бүрдүүлдэг “Zero waste” клубын ахлагч Д.Уранзаяагаас хогийг үр ашигтай ашиглах талаар зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулдаг улс бол БНХАУ, АНУ. Дараа нь дэлхий нийтийн хүнсний хог хаягдал хүлэмжийн хийн ялгаралтад маш ихээр нөлөөлдөг. Тиймээс хүнсний болон бусад хог хаягдлыг ангилан боловсруулах нь хог хаягдалгүй болоход чухал үүрэгтэй. Хувь хүн, гэр бүл, найз нөхөд, албан байгууллагууд хэрэгжүүлж болох “Zero waste lifestyle” буюу хог хаягдалгүй амьдралын хэв маяг Америк, Франц, Герман, Швед, Япон зэрэг оронд түгээмэл байдаг. Хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагааг баримталдаг орчин үеийн чиг хандлага юм. Хог хаягдлаас татгалзах, багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, бордоо болгох гэсэн таван алхмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлахыг хичээж, боломжтой хүмүүст сургаж байна. Жишээлбэл, худалдан авалтаа урьдчилан төлөвлөж, шаардлагагүй хэрэглээг халж, илүү энгийн минималист, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Ингэхдээ нэг удаагийн хэрэгслээс татгалзаж, даавуун тор хэрэглэх, цаасан нэг удаагийн хэрэгслийн оронд амны алчуур ашиглах, гараа угаах зэрэг хэвшлийг суулгаж болно. Хуванцар, гялгар уут, лааз, картон цаас, бичгийн цаас, шил зэргээр хогоо ангилан ялгаж хэвшээрэй. Манай клубын зүгээс ангилан ялгасан дахивар хогийг үнэлж худалдаж аваад цугларсан мөнгөөр нь нэг оюутныг сургалтын төлбөрөөс чөлөөлөх зорилт тавиад явж байна” гэлээ.

 

МОНГОЛ УЛСЫН НЭГ ИРГЭН ЗУНЫ ӨДӨРТ ДУНДЖААР 900 ГРАММ ОРЧИМ ХОГ ХАЯДАГ

Монгол орны хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад 40 гаруй хамгаалалтын захиргаа, хот, аймаг, сум болгонд байгаль хамгаалагчид байгалиа хамгаалах, хог хаяуулахгүй байхад арга хэмжээ авч ажилладаг байна. Зөрчлийн тухай хуулиар байгальд хог хаясан иргэн, хуулийн этгээдийг 100 мянгаас хоёр сая хүртэлх төгрөгөөр торгодог. Энэ мэт холбогдох хуулийн заалт байгаа хэдий боловч иргэд хогоо ил задгай хаясан хэвээр, төвлөрсөн хогийн цэгүүдийн хүрэлцээ аялал жуулчлалын идэвхтэй саруудад хүрэлцэхгүй хэвээрээ. Нийслэл Улаанбаатар хотын хувьд жилд 1.3 сая тонн хог тээвэрлэдэг бөгөөд амралт, зугаалга ихтэй саруудад тээвэрлэлтийн үйлчилгээ ачааллаа дийлэхээ байдаг гэнэ. Нийт тээвэрлэж байгаа хогоос 85 хувийг нь дахин ашиглах боломж байдаг боловч зөвхөн 20 гаруй хувийг дахин ашиглаж, ангилан ялгаж чаддаг аж. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд үе шаттай үйл ажиллагаа явуулдаг. Энэ сард гэхэд нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагад хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг хүлээлгэн өгсөн. 2019-2020 онд багтааж нийт 35 хог хаягдлыг тээвэрлэх автомашинтай болохоор зорьж буйгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлсэн. Мөн тэрбээр иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах нь хамгийн чухал.

Ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс нийт 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон гэдгийг хэлсэн. Хог ангилан ялгах, төвлөрүүлэх цэгүүдийн тоог нэмэгдүүллээ ч орон нутагт олон км замыг туулж төвлөрсөн цэгүүдийн хогийг тээвэрлэхэд хөрөнгө мөнгөний хүрэлцээ тун тааруу байдаг гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлдэг. Ийм нөхцөлд бидний эх нутаг хэзээ хогноосоо салахыг тооцоход бэрх. Дэлхийн банкны судалгаагаар хог хаядаг байдлаараа монголчууд дэлхийн олон орноос 12 дугаар байрт орохоор их хэмжээний хог хаядаг гэдгийг өнгөрсөн жил мэдээлж байлаа. Монгол Улсын нэг иргэн өдийд өдөрт дунджаар 900 граммаас 2.6 кг хог хаядаг байна. Гэтэл иргэдийн хаяж байгаа ганцхан ширхэг гялгар уут л байгаль дээр 1000-4000 жил оршиж, химийн хорт хийг ялгаруулж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, цаашлаад хүний эрүүл мэндэд сүрьеэ, боом, татран, гэдэсний халдварт өвчинг үүсгэх шалтгаан болдгийг хог хаяж байгаа хүмүүс мартах учиргүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.75.196.100) 2020 оны 07 сарын 23

Mgl hun dor burnee hogoo zuv yalgaj salgaj hoghui orchond amdarj suraasai shn nutag oron goo hairlahgui Mgl eh ornoo hogoor buzarlaj bna hogoo hayj yalgaj suraagui uls yaj hugjunu du ⁉️ muruud.d muruud.d herehgui biz

0  |  0
Su ah(202.179.27.87) 2020 оны 07 сарын 22

Бурангуй нийгмийн бусармаг үйл. Хогондоо дарагдсантайгаа адил коммунистуудад дарлуулаад түүндээ дасчихсан сэтгэх сэхээрэх чадваргүй адгийн шаарнууд.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 22

hariuzdag darga zereg ni baihgui yu ajlaa hiigeech horoo , dyyrgiin darga naraa....!!!!!!!!!!!\nergyy teneg um shig orshin suugchid soeltoi bol ene asuudliig helj yarij darga naraa ajilluulah shaardah estoi baital ovoolood l amtan, baigali buzarlaad....

0  |  0
Улам л бүдүүлэг болж(202.9.40.176) 2020 оны 07 сарын 22

Малнаасаа дор монголчууд.

0  |  0
Top