Райан Рейнолдс чихмэл баавгайн төлөө их хэмжээний шагнал амлажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Канадын жүжигчин Райан Рейнолдс өөрийн твитттер хуудсаар дамжуулан Мара Сориано гэгч эмэгтэйн цүнхний хамтаар хулгайд алдсан чихмэл баавгайг олж өгсөн хүнд таван мянган долларын шагнал өгнө гэж мэдэгджээ.

“Entertainment Weekly” хэвлэлд мэдээлснээр, цүнхэнд чухал бичиг баримт, таблет, компьютер тоглоом байсан бөгөөд хамгийн үнэтэй зүйл нь чихмэл баавгай байсан аж. Энэхүү тоглоомд Мара Сорианогийн хорт хавдрын улмаас нас барсан ээжийнх нь дуу хоолойн бичлэг бүхий дуу хураагуурыг суурилуулсан байжээ. “Ванкувер! Баавгайг Марад эргүүлэн өгсөн хүнд таван мянган ам.доллар өгнө. Энэ баавгай гэртээ харих ёстой гэж бодож байна” гэж Рейнолдс жиргэжээ. Кино одын энэхүү  санаачилгыг дэмжсэн хэрэглэгчид шагналын санг нэмэгдүүлэхийн тулд хандив цуглуулж эхэлжээ. Хандивыг мөн Мара Сорианогийн ээжийн сүүлчийн өдрүүдээ өнгөрүүлсэн асрамжийн газарт шилжүүлэх санаачилга гаргасан байна. Чихмэл баавгайн эрэлд Дэн Леви, Зак Брафф, Пи Джей Бирн зэрэг жүжигчид нэгдээд байна.

Филиппинээс Канадад нүүж ирсэн Мара Сорианод ээж нь 2017 оны Зул сарын баяраар “Чамд маш их хайртай. Үүрд хамт байх болно” гэсэн бичлэг бүхий дуу хураагуурыг энэхүү чихмэл баавгайд суурилуулан бэлэглэж байжээ. Түүний ээж хорт хавдрын улмаас 2019 онд нас барсан бөгөөд тэрбээр өөр байр руу нүүх үедээ цүнхээ баавгайн хамт хулгайд алджээ. Эмэгтэй баавгайг олж өгөхийг хүссэн зар тавьж, олон нийтийн сүлжээнд хандсан ч олж чадаагүй байна.

Мара ээжийн хамтаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top