Монгол орны газар нутгийн ихэнх хэсгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр цөөн хэдхэн хүн эзэмшиж, түүнийгээ харийнханд зарж баяжиж байгаа талаар мэдээлэл бишгүй л гардаг. Гэсэн ч бид бодитоор нь тусгаж авалгүй “Алаагүй баавгайн арьс” гэдэг утгаар хандсаар ирсэн билээ. Тэгвэл лиценз гэх цаасны цаана ямар их эд баялаг нуугдаж байсныг, эрх мэдэл, танил талаа ашиглаж олж авсан лицензээр хэн хэчнээн их баяжиж, харийнханд газар нутгаа эзлүүлж байсныг “Тэтгэврийн зээлийг тэглэх” санаачлага олон нийтэд дэлгэн харуулсан билээ. Зөвхөн нэг лицензийн талбай дахь ордоос тэтгэврийн зээлтэй бүх хүний өрийг тэглэх боломжтойг бид мэдээд, гайхан шогширсон нь саяхан. Харамсалтай нь , энэхүү мэдээллийн тэтгэврийн зээл тэглэх хэсгийг л нийтээрээ хошууран сонирхсоноос биш, өөр бусад орд газруудын ямар, ямар лиценз хэн, хэнд байна вэ, тэр орд нь хэчнээн нөөцтэй юм бэ гэдэг асуудлыг дорвитой сөхөлгүй орхисон. Уг нь бол баялгийн эзэд бид гэдгээ бага ч гэсэн мэдэрсэн цагт бусдад амар алдахгүй дархлаа суух нь дамжиггүй. Хайгуулын лиценз ашиглалтын болж хувиртлаа хугацаа авдаг, хөрөнгө шаарддагийг үгүйсгэхгүй. Гэсэн ч нэг ордоор туг тахиад ч болтугай бусад ордынхоо үнэ цэнийг өсгөх боломж тохиосныг бид төдийлөн анзаарсангүй. Үнэ цэнэ гэдэг нь монгол хүний газар нутгаа гэсэн, өмч хөрөнгөө гэсэн, гадагш нь алдчихгүй юм сан гэсэн эзэн хүний сэтгэлгээ юм.
Гэр хороооллыг барилгажуулахдаа хотын төвөөс биш захаас эхлэх нь үр дүнтэй гэдэг батлагдсан арга бий. Түүн шиг ашигт малтмалын орд газруудыг ашиглахдаа томоос нь биш, багаас нь эхэлсэн нь илүү тустай. Монголчууд бид Тавантолгойг бие дааж ашиглах гэж олон жил оролдлоо. Одоо болтол хөрөнгө оруулалт босгож чадаагүй байна. Энэ хооронд улсад төлсөн татвар багагүй ч улс төржилт дагуулж тарьсан гай нь түүнээсээ дутахгүй их. Жирийн иргэд нь 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтөй Таван толгойн ордыг хэрхэн хувааж идэхээ бодон сэрүүн зүүдэлж байхад гадаадын доншуур этгээдүүд баялгийг минь цөлмөж байгаа. Стратегийн орд газар хэмээн 40 гаруй ордыг төрийн мэдэлд авсан ч ганц Тавантолгойтой зууралдаж, энэ хооронд ордуудаа ганц нэгээр нь хувийн хэвшилд шилжүүлж байв /Жишээ нь Цагаан суварга/. Нэг хэсэг 40 гаруй орд байснаа сүүлдээ 30 руу уруудсан байдаг. Тэр ч бүү хэл “Стратегийн орд гэж байх нь зохимжгүй” гэсэн санаа ч цухалзуулж байв. Стратегийн ордын жагсаалт гэдэг нь “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байдаг, эргэлтэд ороод ашиг орлого орж ирвэл ард түмэнд тараагдах тэр хэдэн орд л шүү дээ. Тэдэн дотор бид өөрсдөө эхлээд ашиглалтад оруулчихаар жижгэвтэр /Тавантолгойтой харьцуулахад/ олон бий. Тэр ордуудаасаа эхэлж ашиглаад бий болсон хуримтлалаар нь дараа дараагийн том ордуудаа ашиглаад явья гэдэг санаа юм. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулснаар бид Стратегийн ордуудаа жижгээс нь эхэлж өөрсдийн хүчээр, богино хугацаанд ажиллуулаад явах бүрэн боломжтой юм гэдгийг харуулах чухал ач холбогдолтой.
Эрх баригчдад сэтгэл, санаачлага хоёр нь байвал энэ мэтээр эдийн засгийн эмзэг, толгой өвтгөсөн асуудлуудаа нэг нэгээр нь шийдэх гарц, боломж бишгүй байгаа гэдгийг дээрх явдал мөн батлан харуулсан. 1999 онд баталсан Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг зохих ёсоор нь өөрчилж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг хийх нь эрх баригчдын дараагийн алхам байж болно. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ
Эв санааны нэгдлийн гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтоцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт хуваарилдаг.
Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг. Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг.
Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, тодорхой хэсгийг нь нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг.Мөнгөө авч амжилгүй үхсэн тохиолдолд үр хүүхдэд нь өвлөгдөх бололцоо ч гарч ирдэг. Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, ипотекийн зээлийн барьцаа болгох гэх мэт санаа бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Нэрийн дансанд мөнгө байхгүй учраас хэдэн жилийн өмнө хэрэгжих хугацааг нь тодорхойгүй хугацаанд хойшлуулаад орхичихсон байгаа.
Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм. Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилжинэ л гэсэн үг.
Хүүхэд болоод ар гэрийнхэнд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш.
Нэрийн дансанд шилжсэн нь төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж л байгаа болохоос иргэндээ илүү боломж олгож байгаа хэрэг биш гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Учир нь, Эв санааны нэгдлийн зарчим нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг.
Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Харьцаа нь нөгөө тал руу хэлбийгээд ирэхээр алдагдал улам л ихэснэ.
2020, цаашлаад 2030 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, тэтгэвэр, тэтгэмж буурах байдал харагдаж байгаа учраас нэрийн данстай болгосон гэж хэлж болох юм.
Тиймээс нэрийн данстай болгох нь ирээдүйд үүсэх эрсдэлийг багасгах нэг шийдэл мөн. Гэвч харамсалтай нь нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг төр хийгээгүй байдаг. Түүнээс ч болж зогссон. Тэгвэл ашигт малтмалын ордоо эргэлтэд оруулах замаар энэ зогссон хууль, доголдсон тогтолцоогоо засаад авах бүрэн боломж байна.
Нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 5-6 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ заавал бөөн гэлгүй эхний ээлжинд тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бий. Цаашдаа зөвхөн эхний ээлжинд гарч байгаа иргэдийн гэлтгүй бусад бүх иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийх ёстой. Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнгэр явдаг бичигдээгүй хуультай. Тиймээс ч эрх баригчдын дараагийн буудал нь тэтгэврийн тогтолцоог өөрчлөх ажил байх ёстой.
Цаашид “тэтгэврийн зээлийг цаашдаа зээлийн бүтээгдэхүүнээс хасна” гэх яриа дуулдаж буй. Энэ зөв. Учир нь тэтгэврийн зээл авагчдад банкнаас тавьдаг шалгуур арай л хүнлэг бус байдаг. Амьжиргааных нь мөнгийг үлдээлгүй 100 хувь суутгаж авдаг. Тиймээс зээлийн бүтээгдэхүүнээс хасах нь зөв. Гэхдээ хүнд хэрэгцээ заавал байдаг. Тэр асуудлыг л тогтолцоо өөрчлөх замаар шийдээд өгчих хэрэгтэй юм. Нийгмийн даатгалд төлсөн орлогоо зөвхөн өөрөө захиран зарцуулдаг, үлдэгдэлдээ хүү тооцуулж авдаг болчихвол хэн ч өндөр хүүтэй зээл авахгүй гэх мэт олон шийдэл эндээс урган гарч байна.
Б.ХУРЦБОЛД
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
hotin tuvd dalan dr barilga barih zuvshuurul uguudl bgaazdee..avilgachid
Улсдаа 30 жил ажилчхаад 350 хан мянга төгрөг тэтгэвэр гэж авч бна Арай ч дээ МАНАН сөнөтүгэй