Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын холбогдох албаныхан өнөөдөр /2020.08.17/ туулах чадвар сайтай автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гардуулан өглөө.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт “Nissan urvan” маркийн иж бүрэн тоноглогдсон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж байна.
Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаагийн байгууллагуудад парк шинэчлэлтийг хийж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг. Тодруулбал, НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн улсын төсөв, бусад зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр салбарын яамдуудтай хамтарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )