Калифорнийн экс амбан захирагч Арнольд Шварценеггер гэр бүлээ цуцлуулж, дуулиан дэгдээснээс хойш түүний нууц амраг, 50 настай Мидлред Баэн нэг ч үг цухуйлгаагүй. Харин тэрбээр саяхан “Hello” сэтгүүлд ярилцлага өгч, сэтгэлээ нээжээ. Мидлред Баэн экс амбан захирагчийн төрсөн хүү Жозефтой хамт зургаа авахуулан, тус сэтгүүлийн хуудаснаа заларсан байна. Тэрбээр “Арнольдтой удаан хугацааны туршид хайрын холбоотой байсан гэдэг нь хэвлэлийнхний зохиомол яриа. Би нэрт жүжигчинтэй хэдхэн удаа уулзаад л хүүхэдтэй болсон” хэмээн ярилаа. Мидлред энэ явдлыг удаан нуусны эцэст өнгөрсөн жилийн Зул сарын баярын өмнө хүүгээ Арнольдын гэрт авч иржээ. Энэ үеэр экс амбан захирагчийн гэргий Мария Шрайвер Жозеф хүүг нөхөртэй нь дэндүү адилхан болохыг анзаарсан байна. Мидлред “Тэр шууд л хүүгийн эцэг нь хэн бэ гэж асуусан. Би цурхиран уйлж, өвдөг сөхрөн “Тэр бол Арнольдын хүү. Надад үнэхээр харамсалтай байна” гэж хэлсэн. Мария бол сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй. Тэр үүнийг сонсоод уйлснаа намайг өргөж босгосон. Би түүнд бидний хэн хэн нь буруутай гэж хэлсэн юм. Энэ мэдээг давж чадсан түүний хүч тэнхээг би ихэд бахархсан” хэмээн өгүүлжээ. Мария бүсгүй шоконд оруулам энэ мэдээг сонсоод шинэ жилийн баяр дуустал үлдэхийг санал болгосон байна. Хамгийн сонирхолтой нь үйлчлэгч бүсгүй өөрийн хүү Жозефынхоо талаар Арнольдод нэг ч үг цухуйлгаж байгаагүй гэнэ. Тэрбээр “Хүмүүс хүүг минь Арнольдтой адилхан гэж нууцаар шивнэлддэг байсан” хэмээн дурслаа. Харин өдгөө 13 настай Жозеф Баэн өөрийгөө Арнольд Шварценеггерийн хүү гэдгийг мэдээд огт цочирдоогүйгээр барахгүй “гайхалтай” хэмээн дуу алдсан аж. Үйлчлэгч бүсгүй “Арнольд, Мария хоёр энэ бүхнийг даван туулж, эргээд нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Арнольд сайн хүн. Тэр Марияд хайртай. Тиймээс тэднийг эвлэрнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )