"Улаанбаатар төмөр зам"-ын удирдлагууд ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИЖ БАЙНА гэв

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газрын дарга нар ажилчдаа ялгаварлан гадуурхаж, хамтын гэрээний дагуу ажиллахгүй, дарамт шахалт үзүүлж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Ажилчдын аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангахгүй, өөрсдийн эрх ашигт нийцүүлж байгаа талаар тэд мэдээлэв. 

''Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйд тавих арга барилаа сайжруулахдаа дутуу ажилладаг. Хувь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад ахиц дэвшил гаргахгүй байна. УБТЗ нийгэмлэгт ажлын байрны дарамтын асуудал их байдаг. Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөх хүн ажиллаж байгаа ч дарамт шахалт үзүүлж буй хүмүүсээ хамгаалж, нам улс төр, танил талыг харгалзан ханддаг. Жирийн ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилласан хугацааг нь багасгадаг''  гэж  Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа хэллээ.

Тэтгэвэр буруу тогтоож, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж олгохгүй байгаа тул одоогоор таван хүн тэтгэврээ буруу тогтоолгосон асуудлаар УБТЗ-ын холбогдох хүмүүсийг шүүхэд өгөхөөр болжээ.

Тус байгууллагад мөн албан тушаалын гэмт хэрэг үе үе гардаг гэлээ. Өнгөрөгч 2019 онд нэгэн байгууллагад гэнэтийн шалгалт орж ноцтой асуудлыг дэлгэн тавьсан ч Замын орлогч дарга нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг орхисон байна. Үүний цаана 15 тэрбум төгрөгийн зөрчил байгаа. Энэ бол маш том гэмт хэргийн үйлдлийг нуун дарагдуулсан асуудал гэж Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа онцолсон юм.

Мөн тэрбээр УБТЗ нийгэмлэгийн удирдлагууд өөрт таалагдсан хүмүүсээ ажиллуулаад, давхар цалин өгч байна. Цаашид ч энэ байдал үргэлжлэх тул ирээдүйд ажиллах хүмүүст шударга ёс тогтоох нь чухал байна гэлээ.


Э.Нандинцэцэг

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top