СУРВАЛЖИЛГА: Өвлийн дугуй 25 мянган төгрөгийн ҮНЭТЭЙ байна

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Энэ жил эрт хүйтэрч, есдүгээр сарын дундуур цас орох төлөвтэй байгаа тухай Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа. Өнөөдөр Өвөрхангай, Увс зэрэг аймагт анхны цас оржээ.

Улаанбаатар цас орсон л бол замын халтиргаа, гулгаа нэмэгддэг нь жам ёсны үзэгдэл. Үүнтэй зэрэгцээд өвлийн дугуйны үнэ нэмэгдэж, эрэлт ихэсдэг.

Харин цас орохоос урьтаж өвлийн дугуйгаа бэлтгэвэл арай хямдаар авах боломж байна.

“Өгөөмөр” техникийн захад өчигдрийн байдлаар өвлийн дугуйны хувьд хэмжээнээсээ шалтгаалаад ашиглагдаж байсан дугуй дунджаар 25.000-300.000 төгрөгийн үнэтэй байв. Харин шинэ дугуйны тухайд “Yokohama” компанийн өвлийн дугуй машины марк, дугуйн хэмжээнээсээ шалтгаалаад дунджаар 400-500 мянган төгрөг бол “Bridgestone” брэндийн өвлийн дугуй 300-800 мянган төгрөг байлаа. 

“Дугуйн үнэ иений ханшаас шалтгаалдаг. Хил хаасны улмаас худалдаачид өөрсдөө явж чадахгүй байгаа тул цаанаасаа өндөр үнээр ирэх үе байна. Тэгсэн тохиолдолд дугуйны үнэ дагаад нэмэгддэг. Хүмүүс өвлийн дугуйгаа цас орсны дараа яарч сандраад авдаг бол зарим нь наадам өнгөрөөд л өвлийн дугуйгаа бэлддэг. Дугуйгаа хямд байхад нь аваад нөөцөлчихдөг хүмүүс ч байна” гэж “Өгөөмөр” захад худалдаа эрхлэгч М.Ганзориг ярилаа.  

Одоогоор үнэ тэгтлээ нэмэгдээгүй байгаа бөгөөд 95, 65, 15-ын хэмжээтэй дугуй 30.000-40.000 төгрөг бол 85, 65, 15-тай нь 20.000-25.000 төгрөгийн үнэтэй байна.

Хүмүүс ихэвчлэн Приус-20, Приус-30 маркийн машины дугуй худалдаж авч байв.

Приус-30 машины өвлийн дугуй 60.000-65.000 төгрөг бол Приус-20 машины дугуй 30.000-35.000 төгрөг байна.

Хүмүүс түлхүү худалдаж авдаг дөрвөн улирлын дугуйны талаар “Цэвэр өвлийн дугуй, дөрвөн улирлын дугуй гэж худалдан авагчид яриад байдаг. МS гэсэн бичигтэй дугуйг өвлийн дугуй, дөрвөн улирлын дугуй гэж андуурах нь бий. Гэтэл зуны зарим усан хээтэй дугуйн дээр ч гэсэн MS гэсэн бичиг байдаг. Үүнийг зарж борлуулж байгаа зарим хүмүүс дөрвөн улирлын дугуй гэж тайлбарлан хүмүүсийг төөрөгдүүлээд байх шиг байна. Дөрвөн улирлын гээд андуурч авсан дугуй нь зундаа элэгдэх, өвөлдөө гулгах зэрэг асуудал үүсгэдэг. Иймд автомашины жолооч нар улиралдаа тохируулж дугуйгаа сонгох хэрэгтэй. Ингэснээр дугуй болон мөнгөнд ч хэмнэлттэй” гэж тус захад худалдаа эрхлэгч Ч.Түмэнжаргал зөвлөв.

Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн Хятад болон Япон улсаас оруулж ирсэн хуучин дугуйны үнэ нэмэгддэгийг наймаачид бүгд шахам хэлж байв. Иймд дулааны улиралд өвлийн дугуйгаа авчихвал үнийн хувьд арай хямд тусахаар байна. 
 


Бэлтгэсэн Э.НАНДИНЦЭЦЭГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.19) 2024 оны 03 сарын 10

пүрүс 20 овудтай дугуй хэд болж бна\n

0  |  0
Top