Бөө, христ, буддын шашны 117 байгууллагыг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ санал хүргэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Улсын бүртгэлийн ерөнхий газраас "Баянбаавай" бөө мөргөлийн төв, "Гэгээн замнал шарын бөө" төв, "Христийн цайз чуулган", "Христийн цайз" чуулган, "Оюутны библийн цуглаан" зэрэг нэр бүхий 117 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэл гаргаж, холбогдох байгууллагуудад хүргэжээ. 

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг ба олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ”, 10 дугаар зүйлийн 2-т “Сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргасан байгууллага энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж бүртгэлээс хасуулна” гэж тус тус заасан байдаг ажээ. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2020 оны 02/623 тоот албан бичгээр нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ч холбогдох хууль тогтоомж зөрчсөн, мөн тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй шашны байгууллагуудын жагсаалтыг тус газарт хүргүүлсэн аж. 

Иймд хавсралтад дурдсан нэр бүхий шашны байгууллагууд 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх, эсхүл 23 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах тухай шийдвэрээ харьяалах улсын бүртгэлийн байгууллагад ирүүлэхгүй бол улсын бүртгэлийг түдгэлзүүлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(202.55.191.130) 2020 оны 09 сарын 18

tun zoboo..

1  |  0
Top