Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.09.17/ Дархан хотод ажиллаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Дархан хотыг үйлдвэр технологийн дөрвөн бүсийн нэгээр зарласан. Энэ хүрээнд ямар ажил эхлүүлснийг тус хотын Засаг дарга С.Насанбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа.
Дархан хотын Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Дархан хотод 2035 он гэхэд 135 мянган хүн ажиллаж, амьдрана гэж төлөвлөж байна. Засгийн газраас Дархан-Уул аймгийг үйлдвэр технологийн дөрвөн бүсийн нэг болгож зарласан. Энэ утгаараа манайх үйлдвэр технологийн парк байгуулахаар гурван бүсэд газар зохион байгуулалтыг хийсэн. Нэгдүгээр бүсэд арьс ширний парк байгуулагдана. Хоёрдугаар бүсэд хүнсний үйлдвэр технологийн парк барина. Гуравдугаар бүс хуучин Дарханд байрлах ба хөнгөн үйлдвэрийн чиглэлээр газар олголт хийнэ. 2016-2020 онд 35 МВт-н турбин ашиглалтад орсон. Суурь дэд бүтэц маань боломжийн бэлтгэгдсэн. Бид Монгол Улсыг үндэсний үйлдвэрлэл тэр тусмаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр хангах бодлого барина. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн сургуулийн салбар Экологийн сургуулийг Дархан хотод байгуулах саналыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд тавихаар төлөвлөж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )