Өмнөговь аймагт Шадар сайд очиж ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар холбогдох сайд нарын хамт ирэх аравдугаар сарын 3, 4-нд Өмнөговь аймагт ажиллах болжээ. Шадар сайд Гашуунсухайт хилийн боомт, Даланзадгад хот болон Цогтцэций сумд ажиллах юм байна.

УИХ-ийн гишүүн Н.Наранбаатар аймгийнхаа төвийн болон зүүн сумдаар ажиллажээ. Тус аймагт нийт нутгийн 80 хувь нь гантай буюу гандуу, өвөл хавар хүндрэх нь тодорхой байгаа аж. Отор нүүдэлд 600 гаруй өрхийн хагас сая мал өөр аймаг, сумдад явж байна. Мөн малчдын дунд бэлчээр нутаг, өвөлжөө бууц, худаг усны маргаан их байгаа аж.

Өмнөговь аймаг өөрийн төсвийн бололцоогоороо отрын бүс нутагт зургаан худаг гаргаж, сум бүрт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж 15 сая төгрөг өгөхөөр шийдсэн хэдий ч хангалтгүй тул Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг авах шаардлагатай байна.

Түүнчлэн малчдын мал, махыг борлуулахад дэмжлэг үзүүлэх, махны үйлдвэрүүдтэй холбож өгөх, аймагт махны нөөц бүрдүүлэхэд аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтрах шаардлагатай байна гэв.

Тус аймагт олон шинэ барилга ашиглалтад орсонтой холбоотойгоор дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зуухны өргөтгөл хийх хөрөнгийг шийдэх хэрэгтэй болжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top