Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Өмнөговь аймагт ажиллах үеэрээ жилд 500 мянган модны тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, тоноглогдсон, механикжсан мод үржүүлгийн газрыг орон нутагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцоо.
"Оюу толгой" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “100 сая мод” хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд жилд 500 мянган модны тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай, иж бүрэн тоноглогдсон, механикжсан мод үржүүлгийн газрыг байгуулан, орон нутагт хүлээлгэн өглөө.
Тус мод үржүүлгийн газар нь зөвхөн модны тарьц суулгац бэлтгэхээс гадна орон нутгийн аж ахуйн нэгжүүд болон иргэдэд ойжуулалтын техникийн туслалцаа үзүүлж, цөлжилттэй тэмцэх, ойн санг нөхөн сэргээх чухал зорилгоор ажиллана.
“Оюу толгой” компанийн “Зуун сая мод” хөтөлбөрийн нэг чухал зорилго нь ойжуулалт, үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газрын дэд бүтцэд хөрөнгө оруулах бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийт 10 иж бүрэн тоноглогдож, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах ажлыг төлөвлөсөн бөгөөд үүнээс таван мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад барьж байгуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )