ТВ8 телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлгийн зочноор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Бямбасайхан оролцлоо.
-Өмнөговь аймагт томоохон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймдээ ч Өмнөговь аймагт 10 мянган хүн ирэн очин ажиллаж амьдарч байдаг гэсэн мэдээлэл сонсож байсан юм байна?
-Тийм. Манай аймаг 70 мянган хүн амтай. Нийт хүн амын 45 хувийг залуучууд эзэлдэг. Стратегийн ордуудад ч залуучууд түлхүү ажиллаж уул уурхайн компанийг хөдөлгөх хүч нь болж байдаг. Тэгэхээр Өмнөговь аймаг залуучуудын хот болох суурь нь тавигдсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аятай, таатай нөхцөлийг нь бүрдүүлэх тал дээр олон ажил хийсэн.
-Аймгийнхаа багагүй хувийг бүрдүүлж байгаа залуусынхаа сурч боловсрох, хөгжихөд зориулж ямар, ямар ажлыг хийж байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд спорт цогцолбор баригдлаа. Улсын хэмжээнд жишиг болсон дугуйн замтай болсон. Сурч боловсрох тал дээр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж гадаадад суралцах боломжтой боллоо. Жишээ нь, Даланзадгад хотын хэмжээнд Беларус улсад залуусыг инженер бэлтгэх зорилгоор сургаад, орон нутагт нь уул уурхайд ажиллуулах бодлогын ажил хийлээ. Мөн аймаг, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх, төгсөөд ирэхэд нь орон нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна уул уурхайгаа ухаж төнхөхөөс илүүтэй байгалийн үзэсгэлэнт онгон дагшин байдлыг хэвээр хадгалах, байгальд ээлтэй “Эко Өмнөговь” төсөл хэрэгжиж эхэллээ. Байгалийнхаа цогцолбор газартаа түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах ажлуудыг хийсэн. Мөн “Зөгийн үүр” хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжүүлж, нийгмийн бүхий л салбарыг хамруулж гадаадад залуусыг сургах, туршлага судлуулах зорилгоор урт болон богино хугацааны тэтгэлэгт хамруулж байсан.
-Сайхан мэдээ байна. Зөвхөн гадаад мэргэжилтнүүд л өндөр цалин авдаг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Монгол залуучууд машин техникээ эзэмшиж чадахгүй, мэдлэг чадварын хувьд гологддог байсан үе ард хоцорчээ. Боловсролын салбарт багш нараа хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Манай аймагт “Зөгийн үүр хөтөлбөрөөр дамжуулаад “Англи хэлтэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжиж аймгийнхаа ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш нарыг гадаадад богино болон урт хугацааны сургалтад хамруулсан. Суманд сурч байгаа хүүхэд аймгийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй адилхан түвшинд англи хэлийг сургах зорилгоор багш нараа хөгжүүллээ. Элсэлтийн ерөнхий шалгалтаар улсдаа тэргүүлсэн нь үр дүн гэж харж байна.
-“Эко Өмнөговь” төсөл их сонирхол татаж байна. Энэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Энэ дөрвөн жилийн хугацаанд төслийн хүрээнд 100 орчим айл өрхөд хог ангилан ялгах цэгийг байрлуулсан. Хуванцар сав, гялгар уут, хог хаягдлаа ангилан ялгаад ирэхээр байгаль бохирдох нь багасна. Хуванцар сав байгальд шингэхгүй 300 жил болдог гээд бодохоор хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаль маш их бохирдож байна. Хог ангилан ялгах цэгээс дахин боловсруулах үйлдвэр рүү ачиж дараагийн бүтээгдэхүүн болгож боловсруулах нь байгальд ээлтэй шийдэл юм.
-Өмнөговь аймаг уул уурхайгаасаа орлогоо бүрдүүлдэг, хоёр дахь эх үүсвэр нь аль салбар байна вэ?
-Манай аймаг уул уурхайдаа түшиглээд улсад төсөв бүрдүүлдэг цөөхөн аймгийн нэг. Цаашид эко Өмнөговь болж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой алхам хийх ёстой. Цаашлаад хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт анхаарах хэрэгтэй. Газар тариалан манай аймагт эрчимтэй хөгжиж байгаа. Ялангуяа хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд газар тариалангийн чиглэлийн эрдэмтэн докторууд ирж ажилласан. Ёлын ам, Баян заг орчмыг тохижуулж аялал жуулчлалыг татах ажил хийсэн. Энэ жил цар тахлын улмаас гаднын жуулчид ирээгүй ч дотоодын аялагчид нэлээн ирсэн шүү.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд наанадаж ариун цэврийн асуудал, цаанадаж замын асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг л даа. Жуулчдын ая тухтай аялах болон дэд бүцийн асуудлыг нарийн төлөвлөсөн байгаа юу?
-Даланзадгад, Гурвантэс сумын хооронд 300 км хатуу хучилттай замын 100 км нь хийгдээд явж байна. Баянзаг руу 100 км шороон замаар явж очиж байгаа хэдий ч очоод жуулчдыг гайхшируулах үлэг гүрвэлийн үзмэртэй, дээд зэргийн үйлчилгээтэй, эко ариун цэврийн өрөөтэй, үүх түүх баялагтай ийм газар. Өмнөговь руу давхиад очиход угтах хаалга байдаг. Тэр хаалган дээр Даланзадгад хот руу ороод үзэж харах сонирхолтой газрууд болон буудаллах буудал, хооллох газар, үйлчилгээний төв гээд танилцуулгатай байдаг. Мөн Өмнөговь аймгийн есөн гайхамшигт газруудын тухай каталогитой. Байгалийн цогцолор газруудын домог, түүх нь ч бий. Сум бүр рүү хатуу хучилттай зам тавих бол дараа дараагийн хийгдэх ажил.
-Өмнөговь аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ямар ажлууд хийдэг вэ?
-Орон нутгийнхаа телевизийн салбарт найман жил ажилласан хүний хувьд хариуцлагатай уул уурхай тал дээр хувь хүн талаасаа, сэтгүүлч талаасаа дуугарч ярьдаг. Бид байгалийн баялгийг авахаасаа илүүтэй нөхөн сэргээх тал дээр ямар хариуцлага хүлээдэг вэ гэдгийг анхаармаар. Оюутолгой, Тавантолгой, Гашуун сухайтын ордыг дагасан жижиг ордуудыг таслан зогсоох, лиценцийг нь цуцлах ажлыг нутгийн залуус нэгдээд хийж байгаа. Цөлжиж байгаа газраа авран хамгаалах тал дээр хариуцлагатай уул уурхайд анхаарч ухдаг биш ургуулдаг байх ёстой. Залуус бид эрүүл байгальд амьдармаар байна.
Б.МӨНХЦЭЦЭГ
Сэтгэгдэл ( 1 )
Orhon govi tusul yu bolson