Номын баярт оролцогчдын хүрээ жил ирэх тусам өргөжиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


Төв талбайг хүрээлсэн цагаан асрууд номоор бялхаж, хүнээр дүүрчээ. Нар эрхэлсэн намрын гурван өдөр Монголчууд маань оюуны цангаагаа тайлж бүтэн жил унших номоо нөөцөлсөн биз ээ.

Жил бүрийн номын баяраар 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог бол энэ жил цар хүрээгээ тэлсэн нь харагдаж байв. Сүхбаатарын талбайд болж буй номын баярт хүрэлцэн ирсэн хүн бүхний  халууныг  шалгаж, гарыг нь ариутган оруулж, халдвар хамгааллын дэглэмийг баримталж байлаа.
 

Жил бүр уламжлал болгон явагддаг Үндэсний номын баяр 28 дахь удаагаа болж өнгөрлөө. Номын баяр өнгөрсөн баасан, бямба, ням гарагуудад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд зэрэг болсноороо онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө”, "Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор болсон юм. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл, урлагийн газар, Боловсрол, соёл урлагийн газрууд, Монгол Улсын Үндэсний болон Хотын төв номын сан, “Номын соёлт ертөнц” ТББ, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн төв номын сан, хэвлэлийн компаниудтай хамтран зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар эрдэнийн чулуу сандайлаад ном уншиж буй мазаалайн цомыг жил бүр гурван хүнд гардуулдаг. "Мэргэн ном" нэртэй энэхүү цомыг шилдэг уншигч Н.Энэрэл, шилдэг номын эзэн С.Төрбурам, номын ертөнцийн зүтгэлтэнээр"Тагтаа паблишинг"-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан  нар шагнагдлаа. Номын баярын нэг  чимэг бол үндэсний хувцастай загвар өмсөгчид байв.  Үндэсний номын баярыг дэмжигч “Монгол костюмс төв”-ийн загвар өмсөгчид олон үндэстэн ястаны хувцсаар гоёж оролцогчдын номын сурталчилгааг хийсэн юм.  Номын баярт Ардын уран зохиолч зохиолч Д.Урианхай, Т.Галсан абугай нараас эхлээд Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Д.Цэнджав, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж тэргүүтэй эрхэм зохиолчид хүндэтгэн иржээ. Тэд өөрсдийн гарын үсэгтэй номоо хүргэхийн сацуу зургаа татуулаад тун завгүй харагдана. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав “Энэ жилийн номын баярын онцлог бол Соёлын яам байгуулагдснаар өргөн хүрээтэй болж байна. Төр засаг сүүлийн 30 жил зохиолчдоо орхигдуулсан. Зохиолчдоо эрхэмлэдэг улс хөгждөг. Манай зохиолчид номын баяраар шинэ бүтээлтэйгээ оролцдог болжээ. Миний хувьд “Бөмбөгөр ногоон” шинэ романтайгаа уншигчидтайгаа уулзаж байна” гэлээ.

Номын баярт оролцож буй "МОНЦАМЭ" агентлагийн асарт  "Хүмүүн бичиг" улсын уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ. Мөн энэ асраар зочилсон хүн бүрт монгол бичгээр хэвлэгдэн гардаг "Хүмүүн бичиг" сонины өнгөрсөн дугааруудыг үнэгүй тарааж байв. “Номын баяр 2020” арга хэмжээний хүрээнд ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх зорилгоор номын үзэсгэлэн худалдаа болж зохиолч, уншигчид уулзсан нь юу юунаас илүү баяр билээ.  Мөн "Ном бид 2" бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж ном солилцоо, хуучин номын худалдаа хүн ихтэй  байв. Шинэ номын танилцуулга, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ үзүүлсэн нь тал талын цогц арга хэмжээг нэгэн дороос авж болохоор байв. Ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн асуудлаар болон утга, зохиол шүүмж судлалыг хөгжүүлэх чиглэлээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаанууд явагдлаа. "Номын баяр-2020" аяны хүрээнд уншигчдын сонирхлыг татах, урамшуулах үүднээс сугалаат худалдаа зохион байгуулахын дээр цахим номыг ч танилцуулж байв.

Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдийн хүсэн хүлээдэг энэхүү баяр нь уламжлалт хөтөлбөр, арга хэмжээнээс гадна нэгэн сонирхолтой дөрвөн номинацаар баяжигдсан баяр боллоо хэмээн утга зохиолын хүрээний судлаачид болон уншигчид ам сайтай байв. Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл, Урлагийн Газар”-ын дарга, доктор Ц.Нацагдолгорын санаачлагаар утга зохиол судлалын “Шилдэг шүүмж” бүтээлд судлаач О.Содномпилийг тодруулж, ном хэвлүүлэх, “Чингис Хааны тухай хамгийн олон номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Э.Пүрэвжавыг тодруулж, Бие даасан үзэсгэлэн гаргах эрхийг бичгээр, “Хамгийн олон үнэт ховор номтой” уншигч, цуглуулагчаар иргэн Р.Отгонбаатар тодорч, Телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэгт оролцох, “Монгол судлалын арвин номын сантай” цуглуулагчаар судлаач Ж.Раднаабазар тодорч, цуглуулгын танилцуулга (каталог) хэвлүүлэх эрхийн бичгээр тус тус урамшууллаа. Тухайн иргэн болоод судлаачдыг салбарын мэргэжлийн экспертүүд шалгаруулж санал болгосноор ЗГХА Соёл, урлагийн газрын дарга, доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор, МЗЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын хамт “Батламж”-ийг үндэсний номын баярын нээлтийн үеэр утга төгөлдөр гардуулсан юм. Ташрамд өгүүлэхэд нэр хүндтэй энэхүү “Батламж”-ийг жил бүр уламжлал болгон олгох ажээ.

Асар бүхэнд гадаад болон дотоодын шилдэг ном, товхимол, утга уран зохиолоос эхлээд мэргэжлийн сурах бичгийг 500 төгрөгөөс 200 мянган төгрөгөөр худалдаалж байв. Номын дэлгүүрүүд номоо 20-30 хувь хямдруулан худалдаалж байгаа нь уншигчдыг маш их татаж байв. Цүнх дүүрэн номтой, сэтгэл дүүрэн хүмүүс нүүр дүүрэн инээмсэглэн алхана. Хүүхдүүдээ дагуулсан аав, ээжүүд хүүхдийн номын асарт дүүрэн байгааг харахад оюунлаг ирээдүй бэлтгэгдэж байна даа гэсэн итгэл төрнө. Номонд хайртай хүн бүхний хүсэн хүлээдэг баяр ийнхүү намартай налайж гурван өдөр өргөн дэлгэр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.136) 2020 оны 09 сарын 21

Номын баяр хийх гэж Соёлын яам байгуулагдсан юм гэж үү?\nХайран төсөв харалган бодлогын гай Соёлын яам!!!

0  |  1
Top