ҮБХИС-ийн 90 дэх удаагийн төгсөлт боллоо

2020 оны 09 сарын 21

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, алдар түүхт дайчин замналтай Үндэсний Батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 90 дэх удаагийн төгсөлт өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус төгсөлтийн ёслолын арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал , бригадын генерал П.Жаргалан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ҮБХИС нь аюулгүй байдал, Батлан хамгаалахын болон цэрэг, иргэний боловсрол сургалт, судалгааг хэрэгжүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, иновацын орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг  бий болгож, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий “судалгааны их сургууль” болж Батлан хамгаалахын боловсролын олон улсын жишигт хүрэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаа Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 13 мэргэжлээр 180, Батлан хамгаалахын мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвийг 20 гаруй мэргэжлээр 170, Цэргийн хөгжмийн коллежийг 20 гаруй сонсогч тус тус төгслөө. Эдгээр төгсөгчдөөс Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн сонсогч Ц.Мөнхбаатар, Цэргийн хөгжмийн коллежийн сонсогч Б.Цэен-Ойдов, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сонсогч дэд түрүүч Б.Пүрэвпэлжээ нар бусдыгаа манлайлан 3,9-3,7 голч дүнтэйгээр суралцаж төгсжээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шинээр төгсөж байгаа сонсогчдод энгэрийн тэмдэг диплом гардуулж баяр хүргэхийн зэрэгцээ  “Миний бие одоогоос 31 жилийн тэртээ Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгсөж байсан сайхан дурсамж сэтгэл, зүрхэнд минь өнөөдөр тодхон байна.

Энэ жилийн төгсөлт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилтоо тодорхойлж батлуулсан, шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах талаар дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаагаа баталгаажуулсан, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой тохиосон, Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний түүхэн Их ойн босгон дээр, алтан намрын нарлаг сайхан өдөр болж байгаагаараа онцлогтой байна.

Мөн өнөөдрийн төгсөгчид та бүхэн “Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” хэмээн тодорхойлсон алсын харааг хэрэгжүүлж, улс орноо өндөр чадамжтай Зэвсэгт хүчинтэй болгох их үйл хэргийн эзэд болж байгаагаараа онцлогтой юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.112.200) 2020 оны 09 сарын 21

shal demii

0  |  0
Нар(64.119.23.101) 2020 оны 09 сарын 21

Сайханбаяр аа таргалаад хоол зохио юу даа

0  |  0
Top