Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг цочроож байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээр сошиалаар шуугих, сенсаацлах бус харин бодитоор тэмцэж, хүүхдийн төлөө "Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ" уриан дор иргэд нэгдлээ.

Долоон цагийн өмнө "Хангалттай тэвчлээ, Уулзацгаая" гэсэн зар тарж эхэлсэн юм. Тус зар нь хүчирхийллийн эсрэг тэмцэхийг хүссэн хүн бүхнийг нэгдэхийг уриалсан байв. Энэхүү уулзалтаар иргэний нийгмийн олон байгууллагууд хүрэлцэн ирсэн ба хүүхдийн төлөөх өөрсдийн санал бодлоо хуваалцав. 

Бид далан давхрын нэг хөндийг дүүргэх хэмжээний хүүхдүүдээ нэг жилийн дотор хүчирхийллээр алджээ

Уулзалтыг зохион байгуулагч Ч.Ганжавхлан “Хууль тогтоомжийг буруутгах биш чи өөрөө яг юу хийсэн юм гэдэг асуулт үүсэж байна. Өнөөдөр бид өөрсдөө араатан болж хувирчээ. Тиймээс иргэний хяналт, оролцоог сайжруулах алхам хийх хэрэгтэй. Дэлхийд хүчирхийллийн эсрэг бодитой тэмцсэн нэг л тод жишээ бий. Иргэний хяналт, оролцоо. Энэ нь та, чи, би, бүгд хүн байж, хөршүүддээ анхаарал хандуулж, хүчирхийллийг мэдээлэх чухал оролцоо юм. Хүчирхийлэл үйлдсэн 40 настай эрэгтэй хоёр настай хүүхэд байсан. Тэр хүүхэд байхдаа хүчирхийлэгч байгаагүй. Харин нийгэм түүнийг хүчирхийлэгч болгосон байх. Тиймээс хүүхдийн хамгийн эхний боловсрол болох гэр бүлийн боловсрол дутуугаас хүүхдийг хүчирхийлэгч болгох шатанд хүргээд байна. Бид далан давхрын нэг хөндийг дүүргэх хэмжээний хүүхдүүдээ нэг жилийн дотор хүчирхийллээр алджээ. Өнөөдрийн цуглаанаар бид эхлээд хүн байх, иргэний хяналт оролцоог нэмэгдүүлэх найман алхамыг хийхээр төлөвлөж байна” хэмээлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top