Б.Төмөрхуяг: Шүүмжлэлийг хүлээж авдаг, сонсдог байх нь төрийн удирдах ажилтны чухал шинж чанар байх ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 Асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Б.Төмөрхуяг оролцсоныг хүргэж байна.


-Танай аймагт зуншлага хэр болов?

-Ер нь говийн аймгууд бүгд л ийм байхдаа зуншлага нэлээн оройтдог. Зургаадугаар сарын 20 хүртэл нэлээн хэцүү  байдаг. Нар буцсанаас хойш бороо ахиу орж зуншлага сайжирдаг. Энэ жил мөн л тэр жишгээрээ долоодугаар сарын дундаас хойш их сайхан зун боллоо. Сүүлдээ бороо үер ус болтлоо орж, зарим сумдын нутгаар байгалийн гамшиг хүртэл болсон. Энэ жил бороо харьцангуй ихтэй жил байна.

-Та өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Намайг Буурайгийн Төмөрхуяг гэдэг. Дорноговь аймгийн Иххэт сумын үндсэн харьяат. Сайншанд хотын төрөх эмнэлэгт төрсөн. Таван хүүхэдтэй хөдөөний малчин айлын хүүхэд. Эхнэр хоёр хүүхэдтэй.

-Одоо яг ямар албан тушаал хашиж байгаа вэ?

-2016 онд Их хурал, орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам хангалтгүй оролцсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэрнээс хойш буюу 2017 оноос хойш намынхаа ажлыг хийж байна. Намын дарга гээд одоо энэ өнгөрсөн дөрвөн жилд намаа шинэчлэх намын үйл явдал, амьдралтай холбоотой ажилд түлхүү анхаарч байна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж бий. Таны хувьд ямар үгийг хэлэх дуртай байдаг вэ?

-“Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг үгэнд дуртай. Энэ үгийг өөртөө нэлээн зарчим болгодог. Заавал тэр хүнээс хариу нэхэх шаардлагагүй боломж гарвал туславал эргээд тэр тус нь ирээд байх шиг байдаг.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Миний мэргэжил нягтлан бодогч, эдийн засагч. "Мандах" их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж төгссөн. Нягтлан бодохоор мэргэшсэн нягтлан бодогч. Нягтлан бодогчийн чиглэлээр аймгийн татварын хэл­тэст ерөнхий санхүүч хүртэл ажил­ласан. Удирдах албан тушаалд 2005 оноос хойш ажилласан.

-Багаасаа нягтлан бодох, тооцооны мэргэжилтэн болно гэж бодож байв уу?

-Би малчин айлын хүүхэд. Мэргэжлийн тухай төсөөлөл багадаа их өөр байсан. 1980-аад онд хөдөө орон нутагт хамгийн сайхан мэргэжилтэй хүн бол эхлээд жолооч харагддаг. Жолооч л болох юмсан гэж боддог байсан. Сүүлд арай том болоод малын эмч болъё гэж боддог болсон. Аравдугаар анги төгсөхөд Анагаах ухааны их сургуульд суралцах боломж гарсан. Рентген техникч гэж их сонин мэргэжлээр сурсан. Хоёр жил сурч төгсөөд харамсалтай нь энэ мэргэжлээр огт ажиллаагүй. Улаанбаатар хотын бүх том эмнэлгүүдээр дадлага хийгээд рентген техникч гэдэг мэргэжил эзэмшээд явсан. Манай аймагт хоёр хүн төгсөж очсоны нэг нь ажилд ороод миний хувьд ажлын байргүй болоод санамсаргүй байдлаар татварын байцаагч болсон. Сүүлдээ нягтлан бодог­чийн курсээр төгсөөд, "Мандах" дээд сургуулийг төгсөөд мэргэж­лийн нягтлан бодогч хүртэл явсан. Энэ нь бас миний ажил амьдралын чухал салбар.

-Аймаг орон нутгийн хөгжил гэдэг зүйлийг юугаар нь тодорхойлох вэ?

-Аймаг, орон нутгийн хөгжил мэдээж бас улсын хөгжлөөс л хамаарч байгаа юм. Аймаг, орон нутгийн хөгжил нь өөрөө онцлогтой байх ёстой. Би бодохдоо Дорноговь аймгийн хөгжил нь мэдээж өнөөдрийн энэ уул уурхай, уламжлалт хөдөө аж ахуйн газар тариалан. Газар тариалан бол усалгаатай тарьмал зүйлийг ярьж байна шүү дээ. Тиймээс одоо манайд улаан буудай тариална гэж байхгүй. Дараагийн хамгийн том зүйл нь бол аялал жуулчлал. Говийн ноён хутагтын байгуулсан Хамрын хийдийн энергийн төв энэ шашны өв соёлын аялал жуулчлалын бүс бол Дорноговьд хөгжих бололцоотой. Дорноговь аймаг нь аялал жуулчлалын чиглэлээр хамгийн анх аймагтаа 40 орчим км засмал зам барьсан аймаг. 2008-2016 онд Дорноговь аймагт Ардчилсан нам засаглаж байхад Засгийн газрын дэмжлэгтэйгээр бид Хамрын хийдээ Сайншанд сумтайгаа засмал замаар холбосон. Дорноговь аймгийн хөгжлийн дараагийн чухал зүйл бол гадаад харилцаа. Тухайн үеийн манай аймгийн Засаг дарга гадаад харилцааны чиглэлийн арвин туршлагатай хүн байсан. Дорноговь аймгийн гадаад харилцаагаар дамжуулж Засгийн газрын түвшинд хүртэл энэ харилцаа сайжирч өнөөдөр Токио 2020 олимт оролцох тамирчидаа Дорноговь аймгийн анхлан ах дүүсийн харилцаа тогтоосон Япон улсын Шизоко мужид бэлтгэж байгаа шүү дээ. Энэ үнэхээр Монгол Улсад жишиг болох хэмжээний гадаад харилцааны суурийг тухайн үед тавьж өгсөн байгаа юм. Тэгэхээр Дорноговь аймгийн хөгжилд энэ чиглэлд илүү анхаарч эдгээрийг зөв хослуулж зөв удирдаж хөгжих ёстой. Мэдээж хамгийн чухал нь энэ улсын хөгжил бол хүний хөгжил. Хүний эрүүл мэнд чухал боловсрол чухал. Өнөөдөр боловсролын чиглэлд гэхээр сур­гуулийн барилга байшин хангалт­тай цэцэрлэгүүдийг Дорноговьд барьж байгаа, өмнө нь ч барьж байсан. Дорноговь аймаг цэцэрлэгийнхээ хамрах сургалтаар 2016 онд 98 хувь болсон. Энэ олон барилга бай­шинг зэрэгцүүлээд сургалтын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг нь чухал.

-Дорноговь аймагт стресст ормоор ямар асуудал байна?

-Дорноговь аймагт асуудал байна. Гэхдээ айхтар стресстээд байдаггүй. Тухайн цаг үеийн шинж чанартай асуудлууд гарч ирдэг. Улаанбадрах сумын ураны асуудал байна. Үнэхээрийн байгаль орчинд нөлөөлөөд байгаа юм уу, хүн ам, мал ахуйд нөлөөлөөд байгаа юм уу гэдгийг миний мэдэхийн Н. Алтанхуягийн Засгийн газар гэж байхад л анх тогтоох гэж оролдож эхэлсэн. Одоо болтол бүрэн шийдэгдээгүй л байна. Тэр уурхайн үйл ажил­лагаа явагдаад л байна. Яг иймэрхүү уул уурхай дагасан асуудлууд нэлээн их байна. Энэ бол экологийн асуудал. Ер нь говийн хөрс эмзэг ус ховор. Ийм орчинд газрын доорх баялаг нь их байдаг.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Мэдээж миний гэр бүл, миний хамт олон. Сүүлийн дөрвөн жил ялангуяа Ардчилсан нам засгийн эрх бариад буучихсан. Ийм байдалтай байхад миний ар тал болоод явж байгаа миний журмын нөхөд, үзэл баримтлалдаа үнэнч туушдаа яваа нь хамгийн үнэт зүйл гэж боддог. Нам салж байна, өөр намтай нэгдэж байна, их юм болж байна шүү дээ. Энэ бүхний дундуур өөрийнхөө үзэл баримтлалын төлөө тууштай зогсож яваа миний журмын нөхөд 1990 оны ардчилсан хувьсгалын партизанууд их үнэтэй хүмүүс юмаа гэж боддог.

-Хэр шүүмжилж байна вэ?

-Би нэг их шүүмжлэгч биш. Гэхдээ болохгүй юмыг бас хэлчихдэг. Ний нуугүй ярихад 2016 оноос хойш төрийн удирд­лагад орон нутаг, төвд ч байгаа хүмүүс шүүмжлэл сонсох нь харьцангуй муу болсон. Ер нь алдаа оноогүй ажилладаг хүн ч гэж юу байх вэ. Шүүмжлэлийг хүлээж авдаг, сонсдог л байх нь төрийн аль ч шатны удирдах ажилт­нуудын чухал шинж чанар байх ёстой болов уу гэж боддог юм.

-Хүний амьдралын хувь тавилан гэдэг зүйл байдаг. Яаж явах нь юунаас шалтгаалдаг гэж боддог вэ?

-Хувь хүн өөрөөс нь их шалтгаална. Гэхдээ хувь тавиланд нөлөөлдөг юм бол түүний эцэг, эх үр удам ямар явсан, зөв байр суурьтай зөв хүний хүүхэд зөв л байдаг. Мэдээж бас буруу, зөв асуудалтай явсан бол тэр үйлийг бид эдэлдэг. Тэгэхээр хүн амьдралдаа зөв явах хэрэгтэй юм. Үзэл баримтлал ямар нэгэн зүйл байсан бол түүндээ тууштай явах хэрэгтэй. Олон нийтийг алагчлалгүй явах хэрэгтэй юм болов уу. Ингэж л байвал хүний амьдралын хувь тавилан бусдаас гажууд, муу дорой явдаггүй юм болов уу гэж хардаг. Гэхдээ яахав хүний хувь тавилан санамсаргүй байдлаар бас өөрчлөгддөг л дөө. Би жишээ нь 2004 оноос өмнө төрийн жирийн албан хаагч л байсан. 2004 онд улс төрийн жижигхэн шалтгаанаар ажлаа өгөөд гэнэт улс төрд үзэх болоод тухай үеийн нөхцөл байдлаар журмын нөхдийн болон нийт ард түмний дэмжлэгээр улс төрийн тодорхой албан тушаал хашиж түүн дээрээ амжилт гаргаж 2005 оноос хойш 2016 он хүртэл удирдах ажил хийсэн. Харин энэ тухай би 2004 оноос өмнө бодож ч байгаагүй. Хүний хувь тавиланг санамсаргүй зүйл өөрчилдөг. Магадгүй тэр улс төрийн жижиг шалтгаанаар ажилгүй болсон нь намайг хурцалжээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шиг тэр тал руугаа бид нар байх ёстой юм. Манайхан тэр тал руугаа байх хэрэгтэй юм шиг байна. Би чинь тэгэхэд 30 гаруй настай байж тэр үед зоригтой байж. Өнөөдөр зарим хүмүүс тэгж зоригтой байж чадахгүй л байна уу даа. Улс төрийн зориг дээр нь золиос ч орж магадгүй шүү дээ.

-Таныг хамгийн аз жаргалтай байсан мөч юу вэ?

-Хамгийн аз жаргалтай үе гэвэл ээжтэйгээ, аавтайгаа элэг бүтэн байх юм уу даа. Тэр үе л хамгийн сайхан санагддаг. Аав ээждээ мал хуйд нь туслаад л, зундаа наадмын морь унаад л, өвөл нь хичээлдээ яваад л бас сурлагатай гайгүй учраас багш нартаа сайн хэлэгдээд явж байх тэр үе маань сайхан байж гэж боддог.

-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу байна вэ?

-Би ер нь их тэвчээртэй. Миний гол чанар хүнийг сайн сон­сох. Зарим нэг юмыг дуугүй өнгөрөөчихдөг. Мэдээж хүн юм болохоор тэвчээр алдагдах юм гаралгүй яахав. Гэхдээ өөрийгөө бол нэлээн тэвчээртэй хүн гэж хэлнэ.

-Хэр сайн аав бэ?

-Би өмнө нь хэлсэн хоёр хүүхэдтэй. Анхныхаа хүүхэд дээр бол аавын ажлыг их бага хийсэн санагддаг. Залуу ч байж, төрийн ажил гээд явдаг байж. Харин бага хүүхэд дээрээ бол их сайн аав болж, ажиллаж байгаа гэж боддог.

-Таны амьдралдаа хамгийн ихээр ичиж байсан тохиолдол бий юу?

-Би хүүхэд байхын бүрэг даруухан учраас их ичимхий бай­сан. Гэхдээ санаанд ортол ичсэн барьсан юм бол санагдахгүй л байна. Харьцангуй гайгүй.

-Амжилт гэдэг зүйл ер нь юу юм бэ?

-Амьдрал гэдэг зүйл зөв яваад хүмүүст зөв харагдаад үр хүүхдүүд нь зөв өсөж хүмүүжээд явж байвал бараг амжилт шүү дээ. Малчин хүн малаа сайн маллаж байвал амжилт. Ер нь зөв яваа бүх л хүн амжилттай яваа. Мэдээж энэ дунд хүмүүс алдаж онодог. Алдаагаа засаад босож ирсэн хүмүүс бүгд л амжилттай.

-Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл юу гэж тодорхойлох вэ?

-Хүн. Би ер нь хүн байхыг л хичээдэг дээ. Хүн байх, зөв хүн байх, хүн чанартай байх тэр тал руугаа анхаардаг. Хүний мөс чанар болсон янз янзын ааш авир гаргадаг улсууд байдаг гэж ярьдаг. Одоо харин харьцангуй монголын нийгэм эдийн засаг нэг талдаа ядуураад хэцүү байгаа гэх боловч нөгөө талдаа хүмүүсийн амьжиргаа амьдрал ахуй сайжирч л байна.

-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?

-Нягтлан бодогчийнхоо ажлыг тухайн үедээ боломжийн хийж байсан. Сумын нягтлангаас аймгийн ерөнхий нягтлан бодогч хүртэл айхтар алдаа гаргаж асуудалд ороогүй юм болохоор гайгүй юм байлгүй гэж бодож байгаа. Өнөөдрийн хувьд бол юу хийж чадаж байна вэ гэвэл энэ улс төрийн намын олон өөр характертай хүмүүсийн үзэл бодол нэг боловч түүнийг илэрхийлэх арга хэлбэр нь дэндүү олон янз байдаг. Тэр хүмүүсийг тэвчиж сонсож задалчихгүй эвлэлдэн нэгдүүлж нэг дор авч явах гэж хичээж байгаа.

-Тэвчээртэй хүн уурлавал ер нь яадаг юм?

-Таг дуугүй л болдог. Их уур хүрэхээр дуугүй болдог юм. Би хэрэлдэж чаддаггүй.

-Та ямар үгэнд дургүй вэ?

-Хараалын үгэнд дургүй. Ялан­гуяа тэр орос үгтэй хараалыг хүн болгон л унших юм даа. Нэг хэсэг их гайгүй цөөрсөн байсан шүү дээ. Одоо сүүлийн үед эмэг­тэй хүний амнаас их гараад байх шиг.

-Юунд хамгийн сурахыг хүсэж байна вэ?

-Ер нь амьдралаас хүн өдөр болгон л суралцдаг юм байна. Би бол суралцаж дуусаагүй л байна. Надад сурч мэдэх юм дэндүү их байна. Ялангуяа XXI зуунд мэдээллийн технологийн зуун энэ чиглэлээр үзэж харах юмсан мэдэх юмсан гэсэн бодол байна. Харамсалтай нь энэ бодлоо ажил хэрэг болгож чадахгүй байна. Миний энэ ажил бол хаяад явчихаар хойноос нэхээд байдаг, айхтар ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг их сонин байдлын ажилтай дөрвөн жил болчихлоо. Тэгэхээр өөрийгөө боловсруулах чиглэл дээр сул анхаарлаа.

-Намын дунд шатны байгууллага санхүүжилтийн асуудал бэрхшээлтэй байдаг уу?

-Дунд шатны намын хамгийн том асуудлыг та онож асуулаа. Яг үнэндээ дунд шатны намын санхүүжилт өнөөдөр дүрмээрээ явах юм бол аймгийн намын хороодын татвар үндэсний бодлогын хороодын татварын тодорхой хувь, бусад хандиваар санхүүжих ёстой. Тэр үнийн дүнг та нэмээд нэмээд бодоход жилдээ 20 сая хүрэхгүй. Гэтэл бүхэл бүтэн нам манай аймгийн хувьд цөөн гишүүнтэй. Гурван мянга шахам гишүүнтэй өдөр тутмын үйл ажиллагаатай нам авч явахад хүндрэлтэй байдаг юм байна. Тийм ч учраас манай намын удирдах албан тушаалд хувийн бизнестэй улсууд гарч ирж намаа жижиг мөнгөөр санхүүжүүлж өөрөө авч явдаг хандлага байдаг. Гэтэл энэ нь бас л буруу нэг хүний хараат болдог, мөнгөө төлсөн хүн нь юмаа захиална.

-Татвар нь ямар байх вэ?

-Аймгийн намын хорооны гишүүн жилдээ 120.000 төгрөг өгдөг. 100 орчим гишүүн байна 12 сая төгрөг. Энэ мөнгөөр жилд хэдэн хүнийг цалинжуулах вэ.

-Хүмүүс нь татвараа өгөх үү?

-Татвараа бол өгдөг. Бас сэтгэлтэй. Энэ дөрвөн жилд ажилтай ажилгүй янз янзын л улс байна. Гэхдээ ямар ч байсан татвараасаа зугатаагаад байгаа хүн байхгүй. Жирийн гишүүний татвар 12.000 төгрөг байдаг. Аймгийн намын хорооны гишүүн сонгуульт гишүүн гэдэг утгаар арай илүү татвартай. Яг л тийм хэмжээний мөнгөөр бүхэл бүтэн намын хороо явна гэдэг хэцүү. Ядаж нэг хоёр орон тоо цалинжуулмаар байна. Дахиад тэр ус цахилгааны урсгал зардал байна. Интернэт холбоо шуудан байна. Үндэсний бодлогын хорооны гишүүд гээд аймгаас сонгогдсон арав гаруй хүн байна энэ улсуудын оролцоо байдаг. Эд нар маань тэгш оролцох боломжтой. Манай аймгийн хувьд 50 хувь нь оролцоод 50 хувь нь тэгс гээд л байж байдаг.

-Төв намаас санхүүжүүлнэ гэж байхгүй биз дээ.

-Байхгүй. Орон нутгийн намын хороо өөрсдөө санхүүждэг.

-Таны бахархал юу вэ?

-Би бахархалаа түрүүн бараг хэлсэн дээ. Үндсэн дээ энэ намын хамт олноороо илүү бахархаж байгаа. Ардчилсан хувьсгалын 1990-ээд оны партизануудаараа бахархадаг. Монгол даяар л Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг муулж байна. Би бол энэ байр суурьтай санал нийлдэггүй. Тэр хүн үнэхээр буруу юм хийсэн бол хуулиар л эдлүүлэх юмыг нь эдлүүлэх ёстой.  Би 90-ээд оны Ардчилсан хувьсгалын партизануудаар тэр дундаа орон нутгийн ардчилсан намын гишүүдээр нилээн бахархаж сүүлийн дөрвөн жил ажилтай ажилгүй ч намын шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж байсан журмын нөхөд миний бахархал. Ардчилалыг дэмждэг хүн бүхэн бахархал. Монгол Улс ардчилсан үндсэн хуультай учраас Монголын бүх л хүн ардчиллыг дэмждэг гэж би ойлгодог.

-Таны айдас юу вэ?

-Монгол Улс эрх чөлөөгүй болчих вий гэж л айж байна. Хүмүүс нь цэргийн хувцас өмсөх дуртай болчих юм. Ер нь ингэж болохгүй. Путин сайн хүн гээд Оросыг дуурайж байгаа бол маш буруу. Монгол Улс ардчиллын баянбүрд гээд барууны орон Япон, Америк Солонгос, Герман яаж дэмжиж энэ зам дээр нь байлгахыг хичээж байна вэ. Гэтэл монголчууд бид дотроосоо нэг хүний дарангуйлал хүсээд ч байгаа юм уу. Ер нь тэгээд хэвлэл мэдээлэлд хандаж байгаа хандлага тэр 2008 оны долоодугаар сарын 1-ний асуудлаас хойш хүмүүсийн жагсаж цуглах хандлага нь буураад идэвхгүй гэх юмуу өөр юманд анхаарлаа хандуулаад байх хооронд нь төр засаг буруу яваад байх шиг. Магадгүй нөгөө талаас нь арай дээр харагдаад, бас сонголт хийхэд нь боломж олгохгүй байгаа тал байгаа л байх. Тэрнээс биш өнгөрсөн дөрвөн жилд хүний эрх онцгүй байлаа шүү дээ. Ер нь жоохон дарангуйлах маягтай. Тэгээд  энэ сонголтыг маань сая дахиад баталгаажуулчихдаг. Түүний дараа Ерөнхий сайдууд ял эдэлж эхэлж байна. Ерөнхий сайд байсан хүн болгон нь луйварчин, худалч, хулгайч байсан юм уу. Би энэ хүмүүсийг өмөөрч байгаа юм бол биш. Үүний цаана хүмүүсийн улс төрийн арай өөр нөхцөл байдал байх вий, бүх юм хуулиараа явж байгаасай л гэж бодож байгаа юм. Оюутолгойн санхүүжилтээр Монгол Улсын эдийн засаг өссөн. За яахав ард түмэнд наалдаагүй байж болно гэхдээ л монголын эдийн засгийг тэлсэн нийт капитал өссөн гэдэг тоо байдаг юм билээ. Гэтэл хувь хүнд ногдох орлого нь өсч чадаагүй, ядуурлыг бууруулж чадаагүй алдаа бас байна. Монголд эрх чөлөө, ардчилал, шударга ёс байгаасай л гэж бодож байгаа. Түүнээс биш талбай дээр таван гишүүн жагсаад нэг их үнэтэй шинэ гэрүүд бариад байвал шударга ёс тогтохгүй байх. Тухайн үед Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг буулгах гэж л тэр шүү дээ. Нөгөө хүн нь буусан одоо хариуцлага хүлээж байгаа хүн байхгүй. Үнэхээр тэр хүн болохгүй хүн байсан бол өдийд хариуцлага хүлээх ёстой.

-Баярлалаа гэдэг үгийг хэр хэрэглэдэг вэ?

-Боломжийн хэрэглэдэг гэж боддог. Жижиг сажиг гэлтгүй хүнд баярлалаа гээд хэлчих хэрэгтэй. Баярлалаа гэдэг үгийг ямар ч хүн их зөв хүлээж авдаг.

-Энэ цаг мөчид нэг хүнд зориулаад баярлалаа гэж хэлээч гэвэл хэнийг сонгох вэ?

-Бас нэг аавынхаа хэлсэн үгнээс гарахгүй гол жанжин шугамаа баримталж, миний хэлснээр хүмүүжсэн өдий зэрэгтэй сайн сайхан яваа том охиндоо баярлалаа гэж хэлмээр санагдаад байна. Мэдээж би намын хамт олны тухай би зөндөө дурдсан энэ хүмүүст маш их баярлаж явдаг. Миний охин МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль төгссөн. Герман хэлний багш мэргэжилтэй. Гэр бүлтэй болж, саяхан ээж болсон. Ямар ч гэсэн аавынхаа хэлсэн үгийг сонсож зөв явж байгаа охиндоо их баярлалаа. Цааш цаашдаа сайн явах байх гэж бодож байна.

-Аймагт яг болохгүй байгаа гурван асуудлыг нэрлээч?

-Хамгийн чухал нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ажил хангалтгүй байгаа. Үүнийг бид өмнө бизнес энкаутор төв байгуулаад 21 аймагт хийсэн, нэлээн хүнд хүрсэн. Тэндээс зээл сургалтаар хангаад заримд нь байр түрээсгүй ашиглуулж байсныг 2016 оны дараагийн засаг гарч ирээд байхгүй болгосон. Одоо хүмүүс маш их үгүйлж байгаа. Ер нь жижиг дунд бизнес эрхлэгчийг яаж дэмжих вэ ялангуяа тэдэнтэй харьцаж байгаа төрийн албан хаагчдын таагүй харилцааг яаж өөрчлөх вэ гэдэг бодол байгаа юм. Үүн дээр Дорноговь аймагт битүү худалдааны зах байдаггүй. 1990-ээд оны үед задгай зах ажиллаад, хаагдаад тэр талбайг нь хувьчилж аваад барилга болгоод дуусчихсан. Одоо 21 аймагт барааны захгүй нь ганц манай аймаг. Хэдэн хүнсний худалдааны төв дэлгүүрүүд л байдаг. Гэтэл задгай талбайтай томхон барааны зах дээр хүмүүс илүү дутуу бараагаа борлуулах бөөний төвөөс аваад жижиглэнгийн үнээр борлуулалт хийгээд өдөр тутмын орлого олох тэрнийг дагаад олон үйлчилгээ бий болно шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр юм хийх ёстой болов уу гэж хардаг. Төрийн албан хаагчийн үйлчилгээний соёлыг тааруу гэж хардаг. Энэ чиглэлд өөрөө ч их хэлдэг байсан. Төрийн жирийн албан хаагчдыг яаж сайн үйлчилгээний ажилтан болгох вэ гэвэл төрийн удирдах албан тушаалтнууд өөрсдөө манлайлах ёстой. Өөрсдөө ажилдаа хоцорч ирчээд ажилтнаа 10 минут хоцорлоо гэдэг. Би бол аймгийн тамгын газарт байлаа. Тэр үед би ажилчдаасаа ямар ч байсан түрүүлж ирэхийг хичээдэг байсан. Миний удирдлага арга барилын нэг зарчим манлайлж удирдах ёстой. Түүнээс биш араас нь загинаж зандчаад байхаар тэр ажилчдаас амжилт гарахгүй. Өөрөө үлгэрлэх ёстой. Өөрөө хүнтэй яаж харьцах вэ, өөрөө ажилчинтайгаа зөв харилцах вэ, тэдний нийгмийн асуудал тулгарч байгаа асуудлыг яаж мэдрэх вэ тэгж чадаж байвал нөгөө ажилчидад маань харилцаж байгаа бизнес эрхлэгчдийн зовлонг ойлгоно. Тэр чиглэл манай аймагт хангалтгүй байгаа. Хөдөө суманд дэлгүүр нээх гэж байгаа хүн байцаагчаа өөрийн унаагаар ирж аваад өөрөө хүргэж өглөө гэж ярьж байна. Яасан гэхээр бензин дууссан, мөнгө дууссан гээд явж өгдөгүй.

-Болж байгаа ямар асуудал байна?

-Аймгийн тохижилт төв суурин газрын бүтээн байгуулалт боломжийн болсон. Орон сууц олноор баригдлаа, зам талбайгаа дахин заслаа. Дорноговь аймгийн хувьд гадна, дотны хүн очиход нүүр улайхааргүй өнгө, зүстэй болсон. Үүнийг би болж байгаа асуудал гэж боддог. Дорноговь аймгийн боловсролын салбарын барилга байгууламж дэд бүтцийг сайн шийдэж өгсөн гэж боддог. Энэ ажлыг үе, үеийн засгууд хийсэн. Ялангуяа Ардчилсан нам засаг барьж байх үед эхэлсэн. Гол ажлууд үргэлжилж байна. Одоо дөрвөн ээлжээр хичээллэдэг сургууль гэж байхгүй, гурван ээлж ч байхгүй. Эцэг, эхчүүдийн сонирхол байвал хүүхдээ цэцэрлэгт өгөх бололцоо бүрдсэн. Улаанбаатар хотынхон шиг сугалааны асуудал байхгүй. Дөрвөн жилийн өмнөөс шийдсэн, одоо хүртэл шийдэгдэж байна. Олон болж байгаа зүйлс байна. Дэд бүтцийн асуудал, баригдаж байгаа төмөр зам, газрын тосны үйлдвэр, улсын хэмжээнд анхаарал татаж байгаа том төслүүд Дорноговь аймгийг цааш нь арай өөр хөгжилд хүрэх үүд нээгдэж байна гэж харж байна.

-Ирэхэд тань зам хэр байв?

-Сайншанд-Замын-Үүдийн зам бага зэрэг эвдрэлтэй. Шандаас Чойр хүртэл эвдрэлгүй шахуу байдаг юм. Шанд-Чойрын замыг Америкийн Мянганы сорил­тын сангийн төслөөр санхүү­жүүлсэн сайн зам байдаг. Чойроос нааш хэцүү. Жил болгон засдаг боловч үнэхээр муу тавигдсан зам гэж боддог. Чойроос нэлээн нааш яваад Төв аймгийн нутаг бага зэргийн эвдрэлтэй. Өнгөрсөн зун бороо ус ч их орлоо. Их бороо ус орох нь замыг гэмтээхэд нөлөөлдөг байх.

-Таны муу зуршил юу вэ?

-Хүнд хатуу үг хэлж чаддаггүй. Зөөлдөөд байдаг.

-Харамсаж явдаг зүйл юу байна?

Бараг байхгүй дээ. Улс төрийн сонгуульд ороод ялж, ялагдаад өдий жил явахад лав л ялагдчихаараа харамсдаггүй. Хүн сонгож болно, сонгохгүй байж болно. 1997 онд 25 настай байхдаа аавыгаа алдаж байсан. Залуу хүн байсан учраас учраа олж чадаагүй, бас их анхаарал тавьж чадаагүй юм болов уу гэж боддог байсан. Харин ээждээ анхаарал тавьж бидэнтэй хамт байж байгаад өнгөрсөн хавар бурхан болсон. Нэгд нь анхаарч чадаагүй ч нөгөөд нь чадах чинээгээрээ анхаарсан.

-Өөртөө үнэлгээ тавь гэвэл ямар дүн тавих вэ?

-Би өмнөх хийж байсан ажилдаа өөртөө их боломжийн дүн тавьдаг байсан. Тэр байгууллагыг удирдаж байхдаа тэгж идсэн, тэгээд дампууруулсан гэнэ лээ гэх юм байхгүй учраас сэтгэл хангалуун байдаг. Намынхаа ажлаа би бас сайн хийж чадсангүй ээ гэж боддог. Энэ нь бас их олон хүчин зүйлээс нөлөөлдөг юм. Намын байдал, дотоод зөрчил яг учраа олдогийн даваан дээр тэнд хэдэн хүмүүс төвдөө хагараад л тэгж байтал нэг нөхөр хагарсан руугаа яваад их зовлонтой. Гэхдээ мэдээж энэ зовлон дундуур би сайн хийх ёстой байсан. Сайн хийж чадаагүй юм болов уу.

-Мөнгө гэдэг зүйл таны хувьд юу вэ?

-Мөнгө хүний хэрэглээ. Мөнгөний төлөө тэмцээд л байх шаардлагагүй. Мөнгөтэй байх нь нэг их чухал биш гэж боддог. Яагаад хүмүүс тэрбум төгрөгийн хадгаламж цуглуулаад байдаг юм болоо гэж гайхдаг. Мөнгийг тухай бүрт нь олоод зарцуулаад аваад явсан бол болоо. Тэр байтугай үр хүүхдэдээ өвлүүлэх зүйл биш юм болов уу. Мөнгөө өөрөө олж байгаа хүүхдүүд өөр амьдраад байна. Хэт их хөрөнгө өвөлж аваад хөрөнгөн дээр гарч ирж байгаа хүүхдүүдийн ааш зан бэлэнчлэх сэтгэлгээ хар тамхины хэрэглээ тэр хүмүүс зовлонгоо олж байгаа. Эцэг, эхийн олсон мөнгийг буруу зөрүү юманд зарцуулдаг. Бэлэн юманд байсан хүүхэд сайн хүн болдоггүйн тод жишээ. Тэгэхээр мөнгө бол хувь хүний хэрэглээ. Санхүүгийн талаас хуримтлалын чухал хэрэглээ.

-Амьдрал гэдэг зүйл таныхаар юу вэ?

-Амьдрал бол тэмцэл. Амьд­ралын тухай олон ном зохиол, кино мэддэг шүү дээ. Би ч гэсэн амьдралын төлөө тэмцэж л явна. Өнөөдөр бизнесийн сал­барт тэмцэж байна, улс төрийн салбарт үзэж байгаа хүн бас л тэмцэж байна. Амьдралд бүг­дээрээ тэмцэж байна. Зөв тэмцэж амьдралын ялагч байх ёстой.

 

"100 АСУУЛТ" НЭВТРҮҮЛГИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.115) 2020 оны 09 сарын 24

Mundag uhaalag zaluu bsan\n

0  |  0
Top