Р.Дагва: Улаанбаатарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулж олон залууг ажил, орлоготой болгох ёстой

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

ХҮН АМЬЖИРГААНЫ НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ

БОЛСОН ГЭДГЭЭ МЭДСЭН ҮЕДЭЭ Л АЗ ЖАРГАЛТАЙ БОЛДОГ

Үзэгч, уншигч, сонсогч та бүхэнд бэлтгэн хүргэдэг “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань оролцож байгаад баярлалаа. Та сайхан өвөлжиж байна уу?

-Баярлалаа, сайхан өвөлжиж байна. Энэ өвөл Улаанбаатар хотод цас багатай, харьцангуй дулаахан сайхан болж байна.

-Юуны өмнө та өөрийгөө үзэгч, уншигчдад сайхан танилцуулахгүй юу?

-Намайг Р.Дагва гэдэг. Би 1966 онд төрсөн, морь жилтэй. Ааваараа ярих юм бол Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Гэхдээ би Улаанбаатар хотод төрж, өссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Хүний нөөцийн менежерээр мэргэшсэн. Харин 2000 оноос хойш төрийн албанд ажиллаж байна. Төр захиргааны албыг хашаад өнөөдрийг хүртэл явж байна даа.

-Хүн бүрд хэлэх дуртай үг гэж бий. Таны хувьд ямар үгийг хэлэх дуртай вэ?

-Тухайн үед юу гэж бодогдож байгаагаас их хамаарах байх. Гэхдээ итгэл гэдэг зүйл их чухал юм байна гэдгийг өөртөө дандаа залбирч хэлдэг. Учир нь, би өнөөдрийг хүртэл өөрөө л шийдвэр гаргаж ирсэн. Надад зөв санагдах юм бол зөв, буруу санагдах юм бол буруу л гэж боддог, шийддэг. Би аав, ээжтэйгээ ойрхон өсөж чадаагүй. Тиймээс өөрийнхөө төлөө өөрөө л шийдвэр гаргадаг. Надтай хамтарч ажилладаг, эргэн тойронд олон найз нөхөд бий. Тэр хүмүүсийн итгэлийн хүчээр өнөөдрийг хүртэл амьдарч яваа байж магадгүй.

Энэ ч утгаараа бусдын итгэлийг хүлээж, олж авна гэдэг чухал зүйл. Түүнийг хадгалах нь түүнээс ч хэцүү зүйл л гэж бодож явдаг.

-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байв аа?

-Би долоон буудалд өссөн. Хамар хашааныхаа хүүхдүүдтэй гудамжинд байлдаж тоглоно. Ер нь, би цэргийн хүн болно гэж боддог байсан. Харамсалтай нь, миний хүссэнээр болоогүй. Би цэргийн сургуульд ороогүй. Цэргийн албыг гурван жил хаасан. Тэс ондоо мэргэжил сонгосон доо. Сонгосон ч гэж дээ, амьдралын эрхээр энэ мэргэжлийг эзэмшсэн.

-Стресс, бухимдал гэдэг зүйл байна. Хэр бухимдаж байна вэ?

-Хүн л юм чинь байна шүү. Ялангуяа НИТХ-ын даргын албан тушаалыг хашиж байгаатай холбоотой янз бүрийн асуудал байна. Өдөрт олон хүнтэй уулзана. Тэр хүмүүс хувь, хувьсгалын янз бүрийн асуудал ярина. Асуудлыг нь шийдэж өгвөл би сайн хүн болно. Чадахгүй бол муу хүн болно. Их зовлонтой. Гэхдээ хууль, эрх зүйн хүрээнд нийцүүлж тэр бүх хүний асуудлыг шийдэж, сонсож гарцыг нь гаргаж өгөх зэрэг байдлаар ажил, амьдрал үргэлжилж байна. Тэгэхээр бухимдалгүй яах вэ. Харин гэртээ харьсан хойноо л жаахан тайвширдаг даа.

-Танд хандаж байгаа тэр хүмүүсийн асуудлын дийлэнх хувийг ямар зүйл эзэлж байх юм бэ?

-Янз бүр. Нийгэм ороо бусгаа гэдэг шиг байна. Хүмүүсийн амьдралдаа хандах хандлага, төрийн албан хаагчдад хандах хандлага нь тааруухан маягийн байна. Надтай заавал биечилж уулзана гэсэн хүмүүсийн 90 хувь нь хувийн л асуудал ярьдаг. Гэхдээ хуваарь гаргана. Өдөржин хүний хувийн асуудлыг шийдээд суух зав байхгүй.

-Шүүрээд авчихмаар бүр нэг гоё санал, санаачилга хүмүүс хэр барьж орж ирэх юм бэ?

-Их бага. Ахуйн хүрээний асуудлаа л их ярьдаг. Таньдаг найз нөхдөөр дамжуулж асуудал орж ирдэг. Танилын нүүр халуун гэдэг шиг хүний л амьдрал болсон хойно. Яах вэ, ганц хоёр авууштай санаа, хотын ажил амьдралыг зөв болгох гэсэн чимхээд авчихмаар зүйл ярьдаг хүмүүс байлгүй л яах вэ. Тэр болгоныг ажил болгох нь учир дутагдалтай. Тэр асуудлыг нь цаашаа ярихаар ойлгох нэгэн байна, ойлгохгүй ч хүн байна. Хотын ажил, амьдралын эцсийн шийдвэр бол хамтын шийдвэр байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн тэр бүх ажлыг Хотын дарга гүйцээдэг шүү дээ.

-Таны зан араншин ямар вэ. Та ямар зантай хүн бэ?

-Хүмүүс намайг дөлгөөн л гэж хардаг байх. Би тийм дөлгөөн хүн бол биш. Хэзээ, хаана, хэдийд ааш, аяг гаргах вэ гэдгээ анзаарна шүү. Ажил, алба хашиж байгаа хүн тэр ажил дээрээ итгэл, үнэмшилтэй байх хэрэгтэй. Тэрийгээ тэмтэрч үзсэн, мэдэрсэн байх хэрэгтэй болно. Тэмтэрч чадсан хүн бол өөртөө итгэлтэй байдаг. Итгэлтэй байгаа хүнээс магадгүй жижигхэн араншин гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох зөв байхыг хичээнэ ээ.

-Та ямар спортод дуртай вэ?

-Сагсан бөмбөг. Хүүхэд байхдаа гудамжны сагсчин байлаа шүү дээ. Одоо ч гэсэн сагсны том тэмцээнийг яаж ийж байгаад л үзэхийг хичээнэ.

-Таны өндөр хэд вэ?

-Нэг метр 84 см. Өндрийн л тоонд орно доо.

-Сүүлийн үед залуус хар тамхи, мансууруулах бодисын төрлийг хэрэглэж, ихээр уруу татагдаж байна. Энэ бүхнийг хараад эмзэглэх юм уу?

-Аймар. Энэ асуудлыг хүн бүр анхаарах хэрэгтэй. Бид арга хэмжээ авахгүй ярьсаар суутал хүчээ авчихлаа шүү дээ. Өргөжих хандлагатай болж байна. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх үүднээс нийгмийн том давлагаа үүсгэж, төрийн байгууллага болон хувийн хэвшил гэлтгүйгээр хүч тавихгүй бол залуусаа алдах нь. Хэрэв алдчихвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой асуудал үүснэ л гэж харж, эмзэглэж суудаг. Анхаарахгүй хаях ямар ч боломж байхгүй. Урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгө, мөнгө гэж бий. Гэхдээ их жаахан, өчүүхэн байдаг. Тиймээс хөрөнгө, мөнгө тавьж, дорвитой арга хэмжээ л авах ёстой.

-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?

-Хүн бүр л янз бүрээр хариулах байх. Би бол эх орон гэж хэлнэ. Монгол Улсын төлөө зүтгэе гэж хэлэх чинь хамгийн эрхэм зүйл биз дээ.

-Та яг ямар үед өөртөө хамгийн их итгэлтэй байдаг вэ?

-Хүн бүр л амьдралын төлөө зүтгэдэг. Энэ ч утгаараа өөрийнхөө бодсон зүйлийг хэрэгжүүлсэн үедээ итгэл төрдөг.

-Та нийслэлийн Иргэдийн хуралд багагүй хугацаанд ажиллалаа. Ямарваа нэгэн ажил, албан тушаалыг дагаж нэр хүнд ирэх нь гарцаагүй. Тэгвэл хөрөнгө, мөнгө ирэх үү?

-Тэгж ойлговол авлига болно. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал үүснэ. Ер нь, нэр төр ирнэ. Эр хүн намтартай амьдарна гэдэг бол их чухал зүйл. Хүний хорвоод намтартай, үр хүүхдэдээ хэлэгдэж, яригдах зүйлтэй хорвоог барна гэдэг бол утга учир юм. Түүнээс албан тушаалыг боломж гэж харвал алдаа болох байх.

-Шүүмжлэлд хэр өртөж байна вэ?

-Өртөнө шүү.

-Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Янз бүрээр л хүлээж авна. Аль болох тайван хүлээж авахыг боддог. Шүүмжлэл бүр зөв байдаггүй тал бий. Буруу өнцгөөр, буруу тайлбарлаж, мушгиад шүүмжлээд байвал дотор хүн маань хааяа эгдүүцнэ шүү.

-Хүн бүрд хувь тавилан гэж бий. Яаж амьдрах нь хэрхэн, юунаас шалтгаалдаг юм бол оо?

-Хоёр зүйлээс хамаарах болов уу гэж бодож байна. Эхнийх нь хувь хүн өөрөөс нь. Хоёр дахь нь хувь тавилан гэж байдаг гэдэгт итгэдэг. Жишээ нь, долоон буудалд эмээтэйгээ өссөн. Надад тусалж дэмждэг ах, дүү гэж байхгүй. Ах, дүү их муутай. Өнөөдөр ийм ажил, албан тушаал хашаад явж байна гэдэг нь хувь тавилан.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулж хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Бусдын адил цалингаа аваад гэртээ тушаана. Би гэрийнхээ төсөв бүрдүүлэгч нөхөр л дөө. Эхнэртээ цалингаа өгнө. Тэр хэмжээндээ л зарцуулна даа. Миний хэрэглээ ч бага л даа.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгч­дийн сарын цалин хэд байдаг юм бэ?

-Цалингүй, цалин авдаггүй. Хүмүүс янз бүрээр л ярьдаг юм. Тэд тойргоос сонгогдсон хүмүүс. Олон мянган сонгогчтой. Тойрогт нь ажиллах зардал гэж улиралд дөрвөн сая төгрөг өгдөг юм.

-Та бол өөр биз дээ?

-Албан тушаалтай гэсэн өөр шүү. Нэг өрөөнд сууна. Бас төрийн албан хаагчийн цалин авна.

-Хэр давтамжтай хуралддаг юм бэ?

-Бид сард нэг удаа том чуулганаа хийнэ. Сард гурваас доошгүй удаа тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдааныхаа чөлөөт цагт 11 тэргүүлэгч маань хурлын тодорхой хэмжээний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм. Би чинь заримдаа хурлаас хурлын хооронд л амьдардаг тал бий.

-Таны гарын хоол юу байна вэ?

-Шөлтэй хоолыг янз бүрээр хийнэ шүү. Яах вэ, амарчлах гэсэн хүний хандлага байж болох. Гэхдээ би өөрөө зохиогоод л хийчихдэг юм. Байгаа зүйлээ харж байгаад л хольж, нийлүүлээд л хийчихдэг.

-Таны үг хэр хүчтэй вэ?

-Хүмүүст нөлөөлдөг. Хүчтэй гэж ойлгох эсэхийг мэдэхгүй. Хүмүүст тусдаг шүү. Би анзаардаг түүнийгээ.

-Хурал дээрээ хүчтэй үг хэлэх үү?

-Хэлнэ. Гэхдээ тунг нь тааруулахгүй бол болохгүй. Ямар миний хүүхдүүд биш. Үг хэлнэ шүү. Нас намба, ажилласан туршлага талаасаа хууччуулын тоонд орно. Шулуухан хэлэхэд, надад айж ичих хүн алга. Тиймдээ ч үгээ шулуухан хэлчихдэг шүү.

-Та хэдэн настайдаа би гэдэг бие хүнээ мэдэрч эхэлсэн бэ?

-Бага байхдаа. Тав, зургаадугаар ангиасаа л эмээдээ туслахын тулд айлын ажил хийдэг байсан юм. Зун нь хогийн шүүрийн өвс зулгаадаг. Нэг шүүрийг 10 төгрөгөөр зардаг байсан санагдана. Намар хадлангийн ажилд явна. Хамгийн их хийж сурсан ажил бол хадлан. Дандаа л айлын өвс хадаж өгч байсан. Энэ үеэс л өөрийнхөө бие хүнийг мэдэрч эхэлсэн гэж бодож байна.

-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан үе хэзээ вэ?

-Нэг хөгжилтэй зүйл бий. Би зургаа­дугаар ангидаа дөрвөн улирал дараалж онц сурдаг юм. Тэгсэн пионерын зусланд амрах эрхийн бичгээр шагнадаг юм. Би ганцхан гуталтай. Очоод хэдхэн хонож байсан чинь гутлын маань өсгий салаад уначихдаг юм. Даавуугаар татаж, шилбээрээ уяж зуслангийн амралтаа дуусгаж байсан юм даа. Тэр л их ичгэвтэр байсан даа.

-Амжилт гэж юу вэ?

-Зүтгэл. Мөрөөдсөн, бодсон, төлөвлөсөн хүн бол зүтгэдэг. Зүтгэж чадсан хүн бол амжилтад хүрдэг.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж боддог вэ?

-Би өөрөө хэлж мэдэхгүй юм байна. Хүмүүс юу гэж харах юм мэдэхгүй. Яах вэ, энэ хэмжээний ажил, албан тушаалтай явааг амжилттай яваа гэж харах л байх. Амжилт гэдэг зүйл аз жаргалтайгаа уялдах байх шүү. Тэр амьдралын аз жаргалыг мэдэрч яваа хүн бол амжилттай яваа хүний шинж болов уу л гэж боддог.

-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлохгүй юу?

-Ямар хэцүү асуулт вэ. Нямбай байж магадгүй. Би Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар ажилладаг байсан юм. Тэр үед намайг юу гэж ярьдаг байсан гэхээр хуруугаараа заагаад "Энэ дарга байна уу" гэж ярьдаг байсан байгаа юм. Нэр ус ч байхгүй шүү, муу золигууд.

-Таны эмээгийн захиж хэлдэг байсан сургаал үг юу вэ?

-Одоо ч мартагддаггүй үг бий. Чи юухныг ч гэсэн хийгээд сурчих. Хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно гэж л захидаг байсан. Хэзээ нэгэн цагт гэж. Би тэрийг нь мэдэрсэн шүү.

-Та маш их уурлахаараа яадаг вэ?

-Ховор юм байна. Уурлалгүй л яах вэ. Гэхдээ аль болох чимээгүй өөрөө рүү л яваад орчихдог талтай. Жаахан гомдоно, сэтгэл дотор нэг зүйл нурчихдаг юм. Өөртөө гомдоно шүү дээ.

-Таны дургүй үг юу вэ?

-Сонсох дургүй үг зөндөө л байдаг. Гэхдээ миний хувьд “Яана аа, баларлаа” гэдэг үгсийг сонсох дургүй. Тэр бол хувийн зохион байгуулалт муутай, мэдрэмжгүй хүнээс л гардаг гэж боддог. Энэ агуулгаар нь иймэрхүү үгнээс цэрвээд байдаг талтай.

-Та хэр мөрөөдөж байна вэ?

-Мөрөөдөл бий. Мөрөөдөлгүй бол тэмүүлэлгүй болдог. Хувь хүн талаасаа хөгждөггүй.

-Хамгийн сүүлд ямар зүйлийг мөрөөдөв?

-Ажил, албан тушаал хашиж байгаа хүнийхээ хувьд Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, тэр чөлөөт бүс дотор олон мянган ажлын байр бий болгож олон залуусыг ажилтай, орлоготой болгох юмсан гэж мөрөөдөж байна.  Буян-Ухаа хороолол болон хуучин нисэх онгоцны буудал хоёрын дунд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулчих юм бол Монгол Улсын эдийн засагт эерэг том нөлөө үзүүлнэ гэж боддог. Алдарт толгойн оройд Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийн гэрэлт цамхгийг босгох юмсан гэж мөрөөддөг шүү.

-Улаанбаатарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж бий юу?

-Бий.

-Ямар боломж байна вэ?

-Эхлээд эрх зүйн хүрээнд асуудлаа шийдэх хэрэгтэй. Ер нь, энэ асуудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд би хүчтэй ярьж байгаа. Засгийн газрын шийдвэр, тэмдэглэл зэрэг зүйлээ гаргаад эхэлчихсэн. Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг судал гээд Барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаанд үүрэг өгчихсөн. Энэ асуудлаар ирэх гуравдугаар сарын эхээр чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байсан. Гэвч коронавирусийн халдвараас болж болох эсэх нь эргэлзээтэй байна. Уг нь, энэ асуудлыг улстөржүүлэхгүйгээр чөлөөт бүс гэдэг зүйлийг байгуулах л хэрэгтэй. Засгийн газарт хангалттай мөнгө байхгүй. Гэхдээ энэ хотыг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, бизнесийн орчныг дэмжих нийгмийн хэрэгцээ, шаардлага байна уу гэвэл байна. Яаж хийх вэ, төсвийн хөрөнгөөр лав хийхгүй. Хувийн хэвшлийн оролцоо маш чухал.

-Үүнийг байгуулснаар нийслэлчүүд яг юу хүртэх вэ?

-Миний харж байгаагаар шууд ажлын байртай болно. За, 50 мянган ажлын байр бий болж, халаасандаа мөнгөтэй олон мянган залуус алхана гэхээр юу болох вэ. Ямар том нөлөө үзүүлэх бол. Энэ л бидний амьдарч байгаа хотын хөгжлийг шинэ шатанд гаргах боломж, Улаанбаатар хотод тулгамдсан гэж хэлээд байгаа олон зүйлийг шийднэ. Ерөөсөө л гол үндэс нь энэ юм. Би танд сонирхолтой жишээ хэлье л дээ.

-Тэг л дээ?

-Дүүрэг бүрд Хөдөлмөрийн бирж гэж бий. Тэр Хөдөлмөрийн бирж дээр ажлын байр байж байдаг. Тэгсэн хэр нь гудамжинд ажилгүй залуус алхаад байдаг. Энэ хоёр гар барьж, уулздаггүй. Яагаад гэдэг асуулт гарч ирээд байгаа биз дээ. Тэгсэн хэр нь Солонгос руу ажиллах хүч гэхээр явах гээд байдаг. Солонгост очоод юу ч хамаагүй хийнэ гэдэг. Тэгэхээр эцсийн бүлэгт тэр хүн цалингийн хойноос л явж байна. Тэр ажлын байр дээр хоёр сая төгрөгийн цалин алга. Тийм болохоор очихгүй байна. Эндээс харахад улс, орны хөгжилд хамгийн чухал зүйл бол залуусын хүсэл, тэдгээрийн амьдралд хандаж байгаа хандлага, хийсэн ажлынх нь цалингийн орлого, тэр нь амьдралд нь хүрч байгаа эсэх, тэрнээс үүдэлтэй янз бүрийн бухимдал байгаа эсэх, аз жаргалтай байгаа эсэх зэрэг олон зүйл бий. Хэрэв санаж байгаа бол бид Улаанбаатар хотыг аз жаргалтай болгоно гэж ярьсан. Хүн хэзээ аз жаргалтай болдог юм. Хүн бүр янз бүрээр л тайлбарладаг. Би бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ миний хувьд хүн амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадах тогтмол орлоготой болсон гэдгээ мэдсэн үедээ л аз жаргалтай болдог. Ялангуяа өрх гэрийн төсөв бүрдүүлэгч эрчүүд бид.  Энэ бол хүний амьдралын нүцгэн үнэн. Энэ нүцгэн үнэнээс зугтсан бодлого яриад огт хэрэггүй. Амьдралд ойрхон байж, асуудлыг зөв харж шийдэх гарц хайх нь чухал.

-Өнөөгийн Засгийн газар, хотын удирд­лагууд агаарын бохирдлыг тодор­хой хэмжээнд бууруулж чадсан шүү?

-Тийм ээ, тийм. Энэ бол олон хүний хамтын ажил. Нийт 600 гаруй иргэний хичээл, зүтгэл орсон. Засгийн газар болон Эрчим хүчний яамны оролцоо маш их. Дээр нь Улаанбаатар хотын 1.5 сая иргэний оролцоо бас их байлаа. Утааг бууруулах, үр хүүхдээ айхтар том аюулаас хамгаалах том үйлсэд иргэд сэтгэл гаргаж, чин сэтгэлээсээ оролцсон. Тиймээс нийслэлийнхээ иргэдэд хотын удирдлагын зүгээс баярлалаа гэж хэлэх ёстой юм байна шүү.

-Энэхүү жишиг аймаг, орон нутагт үе шаттайгаар хэрэгжээд явах юм шиг байна билээ. Налайх дүүргийг утаатай байна гэж ярьж байх юм. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-Шат дараалсан арга хэмжээг авна. Захын гурван дүүргийн утааны асуудлыг шийднэ. Дээр нь тусгай хяналтын доор нүүрс оруулж ирж хэрэглэдэг нам даралтын зуухны технологийн шийдлийг ярина. Арга хэмжээг авна. Харин томоохон захын дүүргийн утааны асуудлыг ирэх жил шийдвэрлэнэ. Хотын зүүн талд хоёр дахь шахмал түлшний үйлдвэрийг барина.

-Нийслэлд тулгамдаж байгаа гурван асуудлыг нэрлэ гэвэл юу гэх вэ. Тэдгээрийг хэрхэн шийдэх вэ?

-Нийтийн тээврийн асуудал хүнд байна. Замын түгжрэлийн асуудал сэтгэл чилээж байна. Хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээсээ давчихсан байна. Энэ нь маш олон өвчний үүр болж байна. Нийтийн тээвэрт 247 автобус тэтгэвэртээ гарах гэж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэл, хөрөнгө санхүүг яаж шийдэх вэ гэдэг нь их чухал. Энэ жил 300 автобусны парк шинэчлэлийг хийнэ. Түгжрэлийн эсрэг хүүхдийн сургуулийн 40 автобусыг туршиж үзлээ. Иргэдийн хандлага сайн байна. Тиймээс бага тойруу доторх 24 сургууль бий. Тэдний 50-60 хувь нь бяцхан үрс. Тэд бүгд нэг, нэг жолоочтой. Энэ бүхнээс их хэмжээний түгжрэл бий болж байна. Энэ 40-50 мянган хүүхэд зөөдөг автобусыг сургуулийн автобусаар солих бодолтой байна. Энэ хэмжээгээр түгжрэл байхгүй болох байх гэж бодож байна.

-Таны муу зуршил юу байна вэ?

-Муу зуршилгүй байхыг л хичээдэг. Би тамхи татдаггүй. Архи уудаггүй. Ажил тасалдаггүй.

-Таны хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу вэ?

-Хувь хүн талаасаа хариулмаар байна. Би аав, ээжтэйгээ хамт өсөөгүй. Хүмүүс аав, ээжээ сайхан ярьж, дурсдаг. Намайг хүн хийсэн хүн бол миний эмээ. Эмээдээ ач хүргэж, ачилж чадаагүй юм шиг л санагддаг. Тэр хүн миний төлөө амьдарч байгаад л хорвоог орхисон. Ингээд бодож суухад эмээгийнхээ төлөө хийсэн зүйлгүй байгаа юм. Ингэж л боддог шүү, харамсаж боддог.

-Ирээдүйн Улаанбаатар хотын хөгжлийг хэрхэн хардаг вэ?

-Гэрэл гэгээтэйгээр хардаг. Зөв алхаж чадвал дөрвөн жилийн дараа өөрчлөгдөнө. Эрх зүйн шинэчлэлээ зөв хийж чадах юм бол шүү. Учир нь, бид бусдад хэн болж харагдах гээд байгаагийнхаа ухааныг зөв олж чадах юм бол энэ асуудал хурдан хугацаанд шийдэгдэнэ. Бусдад таалагдаж ажиллаж, амьдарч явна гэдэг нь өөрөө их том урлаг юм. Тиймээс үр хүүхдэдээ энэ урлагт суралц гэж сургадаг. Найзынхаа төрсөн өдөрт оччихоод дарга шиг байгаад байж болохгүй биз дээ.

-Та өөрөө өөрийнхөө ажилд ямар дүн тавих вэ?

-Би дүн тавих ч хаашаа юм. Би өөртөө дүн тавьж байхаар та тавиач. Та надад ямар дүн тавих вэ.

-Дүн нь сонгуулиар л гарна даа. Нийслэлийнхээ иргэдэд хандаж та уриалга хэлэхгүй юу?

-Бүгдээрээ ажилтай, орлоготой байхын төлөө зөв давлагаалах хэрэгтэй. Хэн нэгэн даргад бүү найд. Та бүхний хүсэж байгаа шиг шийдвэр гарахгүй. Гарсан ч удаж байж гарна. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө л бодож сэтгэх хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Та өөрийнхөө төлөө л тултал ажилла гэж хэлэх байна.

-Танд яг одоо ямар сэтгэгдэл төрж байх юм бэ?

-Их сонин мэдрэмж төрж байна. Эмээгийн­хээ тухай ярилаа. Хотынхоо талаар ярилаа. Одоо бол их тайван байна. Ийм л мэдрэмжийг тээж байна даа.

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би (150.129.142.154) 2020 оны 02 сарын 14

Инженерийн байгууламжыг одоо байгаагаас дариу дор хаяж50% нэмэгдүүл утаа тэгж байж жинхэн багасна нүхэн жорлон бол асар том аюул шүү хотынхон бол баас шээсээ л эргүүлж уугаад байгаа шүү.

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 02 сарын 13

Энэ хүн ийм том хүн мөртлөө ” УЛАННБААТАРЫН ТӨРСӨН ӨДӨР ” гэж хэлээд зогсож байсан даа...удахгүй Богд уулын төрсөн өдөр гэж хэлэх байхдаа.... МОНГОЛ САЙХАН ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ....

0  |  0
Zochin(150.129.140.124) 2020 оны 02 сарын 13

Ih l huuramch hvn yum shig nastai hvn baij

0  |  0
Zochin(150.129.140.124) 2020 оны 02 сарын 13

Ih l huuramch hvn yum shig nastai hvn baij

0  |  0
99999(75.170.80.158) 2020 оны 02 сарын 13

XUTS AA CHI, XUDALDAANII CHULUUT BUS GEJ XAANA CH BAIDAGGUI YUM. CHULUUT BUS NEREER BAAXAN XUJAA NARIIG BAIRSHUULAX GEJ L BAIGAA. XUMUUSIIN TOLGOIG XUDLAA UGAAXAA BOLI!!!!!

0  |  0
Zochin(87.67.62.251) 2020 оны 02 сарын 13

Ene bur durdee itgechij

0  |  0
Dagva zaaval unhih(74.65.195.187) 2020 оны 02 сарын 12

Dagva hutyn meriig songoh hural deer tuuhend temdeglegden uldeh ” tuuht” ug hellee gej Uuld shooluulj baihdaa buruuguu oilgoson yanztai zovningui ineej suusan ni ih engiin heegui, aihtar evdreegui hun shig setgegdel uldeesen shuu.Odoo hurlyn dargaa zalgidag zahirgaany tushmeduud chamaig zajlahgui zalgih geed l chuluut bus enee teree bolj baigaa yum.Hudlaa gevel MANgaraas songogdson umnuh darga naraasaa asuu.jiriin tushmed ni harvalheneggui Dagvadaa unshij uguurei

0  |  0
Data zaaval unshih,(74.65.195.187) 2020 оны 02 сарын 12

Ene mash mulguu,Bat-Uulees iluu zunusun nuhur baigaa yum.Utaa,tugjrel,hatr tamhi.avllgal geed ali muu ni tsetseglesen,tum tujignesen UB-d chuluut bus, uildver baiguulah bodol eruul, uuriin tolgoitoi hund turuhgui ee.Chuluut busiin zuvshuurulugch avilgal avah ni dutaj l dee.Teneghen mini dee, Suudal buglusun bish, yum hiisen tuuh uldene. Yadagdaa 3 ungiin hogiin uut gargaad hogoo angildag engiin zuil sanaachlaach.Yun zuluut bus ve? Uhaan chini hureh, mungu chini oldoh yum hiil dee.Engiin zuil augaa baidag yum.Dagva interneted orj meddeggui bol nariin bichig ni zaaval unshij uguurei.

0  |  0
Cj(203.91.115.54) 2020 оны 02 сарын 11

ЧИ БОЛОН МАН ЧАДАХГҮЙ .ТА НАРЫН ЯРИСАНААР БОЛ ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТ МААНЬ АЗ ЖАРГАЛТАЙ ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ УТААГҮЙ ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ БОЛСОН БАЙХ 4 ЖИЛ ХУДЛАА ЯРИЛАА НИТХ ЯМАРЧ ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН ГАНЦХАН ЖОРЛОН СУУЛТУУР ЯРЬЖ 4 ЖИЛИЙГ ҮДЛЭЭ ДАГВАА ЗҮГЭЭР Л ХУРДАН ЗАЙЛАХАА БОД ХИЙДЭГТ НЬ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ БОЛСОН. ХАРИН БИДНИЙ МӨНГӨНӨСС БАГА ХУСААРАЙ ОРКУУДАА

0  |  0
Zochin(202.126.89.249) 2020 оны 02 сарын 11

Ene durakuud bidniig uursduu medeegui bhad az jargaltai bolgood odoo chuluut nereer baagan hytaduud chihej undestnio hubid ugui hiih ni de

0  |  0
МӨНГӨ(202.21.109.120) 2020 оны 02 сарын 11

УУСЧ УСТГАХ ГЭСЭН САНАА БНДА, ХУЖААГААС ИХ Л МӨНГӨ АВЧДЭ ЭНЭ

0  |  0
ОНГОД(202.21.109.120) 2020 оны 02 сарын 11

ТЭГЭЖ ТЭНЭГЛЭХГҮЙ ШҮҮ ДУРАКАА. УБ ЧӨЛӨӨТ БҮС БОЛБОЛ ХЯТАДААРЛ ДҮҮРНЭ ӨӨР ХЭН Ч ХААНААС Ч ТООЖ ИРЭХГҮЙ. ТЭГЭЭД 2-3 ХАН ЖИЛИЙН ДОТОР Л САЯТАН ҮЙ ТҮМЭН ХУЖАА НАР МАНАЙ ЯДУУ ХҮҮХНҮҮДТЭЙ ГЭР БҮЛ ЗОХИОГООДЛ ДУУУСААШДЭ МАЛАА

0  |  0
Top