“100 АСУУЛТ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор “Буянт богд трейд” компанийн захирал Б.Энхтүвшин оролцлоо.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Сайхан өвөлжиж байна уу. Нутаг хэр байна, өвөлжилт сайхан уу?
-Сайхан байна. Саяхан нутгаасаа ирлээ. Энэ жил зуншлага их сайхан болсон. Намаржаа сайхан байлаа. Малчдын хүлээж байгаа зүйл багахан хэмжээний цас орчихвол сайхан байна гэж ярьж байна.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Б.Энхтүвшин гэж яг хэн бэ?
-Би эхнэртэйгээ гэр бүл болоод 26 жил болж байна. Хоёр хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүн төрийн өмчит үйлдвэрийн газарт нягтлангаар ажилладаг. Том хүү маань 22 настай, нягтлан мэргэжилтэй. Охин маань тавдугаар ангид сурдаг. Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрж, өссөн. Баянхонгор, Улаанбаатар хот хоёрын хооронд л явж байна даа.
-Эцэг, эхээсээ хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Айлын том хүүхэд. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү маань хувиараа бизнес эрхэлж, надад туслаад явж байна. Нэг эмэгтэй дүү маань төрийн албанд ажилладаг. Нөгөө эмэгтэй дүү маань хувиараа наймаа хийдэг.
-Та төрийн албанд олон жил ажилласан. Одоо хувийн хэвшилд ажиллаж байна. Төрд ажиллах, хувийн хэвшилд ажиллах хэр ялгаатай вэ?
-Их ялгаатай. Төрийн албанд ажиллах нь зөв байсан гэж боддог. Би 1991 онд сургуулиа төгсөөд нэг хэсэг наймаанд явсан. Нэг өдөр манай ах намайг татварын байцаагчаар ажиллах санал тавьсан. Би тэр үед татварын байцаагч гэж ямар ажил болохыг мэддэггүй байлаа. Тухайн үед Хан-Уул дүүрэгт орлогын байцаагчаар 1992 оны нэгдүгээр сард орж байсан. Төрийн алба, тэр дундаа татварын албанд 20 гаруй ажил ажилласан. Улмаар 2013 онд ажлаасаа гарч, бизнес эрхэлсэн. Төрийн алба надад төрийн хар хүн байх, төрд зүтгэх, эх орныхоо төлөө зүтгэх зүтгэлийг олгосонд баяртай байдаг.
-Та Баянхонгор аймгийн Бууцагаан сумын хүүхэд. Хүүхэд насныхаа гэгээлэг, сэтгэлд тод байдаг дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Миний хүүхэд нас гоё, хөгжилтэй өнгөрсөн. Манай аав Бууцагаан сумын Зам тээврийн буудлын байцаагчаар ажилладаг байсан. Зундаа Байдрагийн гүүрний баруун тийш явж байгаа тээврийн жолооч нарт билет тасалдаг, бараа бүтээгдэхүүнд нь шалгалт хийдэг хүн байсан. Байдрагийн гүүрэн дээр л бага нас өнгөрсөн.
Манай Бууцагаан сум онцлог. Баруун таван аймгийн дайрч өнгөрдөг зангилаа газар. Ард түмэн нь сайхан сэтгэлтэй, буянтай хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн дунд л бага нас минь өнгөрсөн дөө.
-Нутагтаа хэр очиж байна вэ?
-Төрийн албанаас гараад л нутаг руугаа их явдаг болсон. Тэнд миний арван жилийн найзууд бүгд бий. Нутгийнхаа уул, хайрханд мөргөх зэргээр их явдаг. Сая ч гэсэн нэг сар бүтэн байж байгаад л ирж байна.
-Таны нутагтаа хийсэн бүтээн байгуулалттай танилцсан. Нуулгүй хэлэхэд аймагтаа арай л томдчихсон бүтээн байгуулалт болж гэж харсан шүү. Дунд захыг хэлээд байна л даа?
-Манай компани Баянхонгор аймагт Баруун бүс худалдаа, үйлчилгээний төв гээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нартай нийлж, барааны худалдааны төвийг байгуулсан юм. Баянхонгор аймаг Улаанбаатар хотоос алслагдсан ч яагаад сайхан худалдаа, үйлчилгээний газартай байж болдоггүй юм гэж бодсон л доо. Улаанбаатар хотын жишигт нийцсэн. Тэгээд 2017 оноос эхэлж худалдаа, үйлчилгээний төв барих бодолтой, газар хайгаад явж байхад Ганхүлэг найз маань “Төсөл байна, хамтарч ажиллахгүй юу” гэдэг санал тавьсан юм. Тэгээд л хамтарч, Дунд зах худалдаа үйлчилгээний төвийг байгуулсан. Одоогийн байдлаар 340 гаруй хүн лангуу худалдаж авахаар захиалгаа өгчихсөн байна. Нөгөө талаасаа найз нөхдөөрөө нийлж, аливаа зүйлийг маш хурдан барьж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Анх найман сарын хугацаанд барьж, байгуулахаар төлөвлөсөн юм. Гүйцэтгэгч компаниуд жаахан хойш суугаад хоёр, гурван сараар хойшилсон. Барилга маань өнгөрсөн жилд дуусах байсан. Гэхдээ жилийн дотор барьж, дууссан шүү.
-Дунд зах худалдаа, үйлчилгээний төв ашиглалтад орсноор тодорхой хэмжээний ажлын байрыг бий болгож байна шүү дээ?
-Одоогоор 345 хүнтэй гэрээ байгуулаад байна. Дунд зах маань өөрөө том объект болохоор одоогийн байдлаар 18 хүн шинээр ажлын байртай болчихсон байна. Айл болгох гээд л зүтгээд байна даа.
-Сүүлийн жилд хөдөө, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөний тоо эрс нэмэгдсэн. Энэ нь орон нутагт ажлын байр хомс байгаатай холбоотой юм шиг анзаарагддаг. Та орон нутагтаа ажиллаж байгаа хүний хувьд боломж байна уу?
-Боломж бол бий. Хүн хүнээсээ л шалтгаалж байгаа байх. Харин сүүлийн үед малчдын маань амьдрал дээшилсэн байна. Аймагтаа ажиллах боломж бүрэн бий. Үүнийг хүмүүс олж харах хэрэгтэй. Сүүлийн үед халамжийн бодлого хэт ихдээд хүмүүс бэлэнчлэн сэтгэлгээтэй болчихсон юм уу даа л гэж харж байна.
-Таны багадаа хүсэж, мөрөөдөж байсан мэргэжил тань юу вэ?
-Жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Дунд ангид байхдаа цагдаагийн байгууллагад орно гэж боддог болсон. Хүний амьдрал их сонин. Жижигхэн зүйлээс болж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Үүгээрээ насныхаа хоолыг олж идээд явж байна даа.
-Таны хэлэх дуртай үг юу вэ?
-Олон үг бий. Гэхдээ сүүлийн үед Эзэн хичээвэл заяа хичээнэ, Санаа зөв бол заяа зөв гэдэг үг аманд орж ирдэг болоод байгаа шүү.
-Сонирхдог спорт тань юу вэ?
-Тэшүүрээр гулгадаг байлаа. Найз нартайгаа шатар тоглодог. Ээж хүртэл шатрыг маань нууж байсан, хичээлээ хийхгүй байна гээд. Сагс, гар бөмбөг сонирхоно.
-Таныг хараад байхад спортод их элэгтэй юм шиг харагддаг шүү?
-Багийн спортыг дэмждэг. Бие биеэ ойлгодог, хүндэлдэг байх хэрэгтэй. Нэгийгээ тулж, найдаж явах ёстой гэдэг үүднээс багийн спортыг дэмждэг. Энэ ч утгаараа сагс, гар бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэх болсон. Манай сумын залуус багийн спортод тааруухан байсан. Хоёрдугаарт, хоорондоо их гэр бүл болдог. Үүнийг холдуулах зорилготой байсан. Энэ жил 40-өөд багийн 300 гаруй тамирчин оролцож тоглосон гэдэг мэдээлэл байна.
-Хэр их бухимдаж байна вэ?
-Хөдөө явдаг болсноос хойш гайгүй. Хотод бол түгжрэлээс эхлүүлээд л төрийн албан хаагчийн чадвар, харилцаа гээд л бухимдана.
-Баянхонгор аймаг хэр их утаатай байна вэ?
-Сүүлийн үед утаатай. Ялангуяа өглөө, оройдоо гамшгийн хэмжээнд байгаад байна.
-Хэр шүүмжилж байна вэ?
-Харьцангуй гайгүй. Гэхдээ шүүмжлэхийн хувьд шүүмжилнэ. Аль болох хүний нүд рүү нь харж байгаад шүүмжлэлээ хэлэхийг хичээдэг.
-Таны хамгийн үнэт зүйл юу вэ?
-Би өөрөө гэж боддог. Дээр нь аав, ээж болон гэр бүл, үр хүүхэд. Энэ сайхан орныхоо иргэн болж төрсөн маань үнэт зүйл гэж боддог доо.
-Хүн яаж амьдрах нь юунаас шалтгаалж байна вэ?
-Сайн явах нь санааных гэдэг. Хүн тууштай, хэлсэндээ хүрдэг байх л юм бол зөв явах гэж боддог.
-Бурхны зурсан зураг гэж байдаг шүү дээ?
-Тийм зүйл нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сайхан амьдрах нь өөрөөс нь л шалтгаална. Сайхан амьдрах зорилготой, түүнийхээ төлөө тууштай явдаг, хэлсэн амандаа хүрдэг байхад бурхан тэнгэр тэр сайхан хөдөлмөрийг үнэлнэ, шагнана гэж боддог.
-Та аймаг, орон нутагтаа хүрээлэл сайн юм. Энэ юуных вэ?
-Магадгүй. Сүүлийн үед хаана ч очоод хүмүүстэй уулзахад таван үг солих хэмжээний болчихсондоо баярладаг. Уг нь, би бусадтай өөрийгөө харьцуулах дургүй. Гэхдээ би хэлсэндээ хүрчихдэг юм уу даа гэж боддог.
-Танд таагүй хүмүүс хэр олон бэ?
-Байлгүй яах вэ. Санаатай, санамсаргүйгээр хүнийг гомдоочихсон зүйл байна. Хүн болгонд таалагдана гэж юу байх вэ.
-Улс төрийг хэрхэн харж байна вэ?
-Улс төр нь зөв байх аваас улс, эх орон нь зөв байна гэж бодож явдаг. Гаднын олон орноор явж үзсэн. Улстөрчид нь ёс зүйн хариуцлагаа үүрч чаддаг, улсаа боддог байхад эх орон нь зөв замаар явдгийг мэдэрч, ойлгосон.
-Та орон нутгийн сонгуульт ажилтай, намын Бага хурлын гишүүн хүн. Орон нутгийнхантайгаа хэр ойлголцож ажиллаж байна вэ?
-Би 2016 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас МАН-аас аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Нам гэхгүйгээр сонгогдсон хүнийхээ хувьд хийх зүйлээ хийж л явна.
-Таны улс төрд орсон шалтгаан юу вэ?
-Чи улс төрөөр оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэж үнэн үг байх. Би төрийн албанд ажиллаж байгаад нэг л мэдсэн МАН-ын фен гэдэг хоч зүүсэн. Тэр үед миний заяа төөрөг нь байсан эсэхийг мэдэхгүй улстөрч ахтай ярьж байгаад л улс төрд орчихсон.
-Улстөрч хүн ямар байх ёстой юм бэ?
-Би өөрийгөө сүрхий улстөрч хүн гэж хэлэхгүй. Гэхдээ улстөрч болсон хүмүүсийг хараад дүгнэлт хийж байхад эрийн ноён нуруутай, амласнаа биелүүлдэг, араас нь хутгалдаггүй хүн л байгаасай гэж хүсдэг. Одоогийн улстөрчдийг хараад байхад хүн чанар гэдэг зүйл алга.
-Таны тэвчихэд хамгийн хэцүү байдаг зүйл тань юу вэ?
-Худлаа ярихад дургүй. Хүнтэй ярьсан, тохирсноо биелүүлэхгүй байх нь тэвчээрийн хязгаар бардаг.
-Өөрөө бол гайгүй биз дээ?
-Найз нөхөд маань мэдэх байх. Надаас шалтгаалахгүй хүчин зүйл гэж бий. Гэхдээ би амласнаа биелүүлэхийг хичээдэг.
-Таны амьдралд тохиолдож байсан хамгийн их ичмээр зүйл юу вэ?
-Хүний өмнөөс л ичих юм даа.
-Амжилт гэж чухам юу вэ?
-Хөдөлмөр.
-Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж дүгнэх вэ?
-Гайгүй амжилттай яваа л гэж боддог.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Ажил, хөдөлмөр талаасаа харах юм бол хүмүүст тус болохыг боддог. Би байхгүйн зовлонг мэднэ.
-Та өөрийгөө нэг үгээр тодорхойлохгүй юу?
-Их хүнд асуулт байна. Сайхан эр хүн байхыг л боддог.
-Уурлахаараа яах вэ?
-Байдлаасаа л шалтгаална даа. Их уурлах юм бол чимээгүй болчихдог.
-Таны сонсохыг ч хүсдэггүй үг юу вэ?
-Пялдага үгэнд дургүй.
-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл юу вэ?
-Зорьж бол сурсангүй. Багаасаа Орос хэл үзсэн. Одоо бол Англи үг цээжлэх юм.
-Хамгийн их суралцахыг хүсэж байгаа зүйл юу байна вэ?
-Өөрийнхөө бодлыг чөлөөлж, толгойгоо форматалж үзэхийг хүсэж байна.
-Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ?
-Залуу байхад бодогддоггүй юм байна. Одоо бол юмыг хойд, урдаас нь боддог болчихдог юм байна. Найз нөхдөдөө байгаагаараа байхыг л хэлнэ дээ.
-Юунаас их айж байна вэ?
-Улс, эх орон маань зөв явж байгаа эсэхээс л айх юм. Сүүлийн үед цахим ертөнцөөр бие биеэ хойш нь чангааж, харлуулах зүйл их байх юм.
-Их л завгүй хүн байх юм. Баярлалаа гэж хэр их хэлж байна вэ?
-Хүмүүс чин сэтгэлээсээ баярлалаа, хайртай, бахархаж явдаг гээд сайхан гарын нь атгаад, нурууг нь тэврээд хэлээсэй гэж боддог болсон байна. Баярлалаа гэдэг үгийг их хэлж байх хэрэгтэй.
-Та хэнд хамгийн их баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-Аав, ээждээ. Бас эхнэр, гэр бүлдээ баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Та нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Яавал авлига багасах вэ?
-Зөв хөдөлмөрлөх юм бол авлига байхгүй болох байх. Авлигын тухай мэдээллийг ард түмний чих, нүдэнд ойлгуулж, хоногшуулах хэрэгтэй.
-Та азтай хүн үү?
-Азтай хүн. Монгол Улсын иргэн болж төрсөн азтай хүн. Ээж, аавынхаа айлын том хүү нь болж төрсөн. Том ачаа үүрүүлсэн, тэр ачаагаа авч явахын тулд хөдөлмөрлөж байна. Тиймээс би их азтай хүн шүү.
-Бидний амьдарч байгаа нийгэмд болж, бүтэхгүй зүйл олон байна уу?
-Тийм шүү. Үүнийг хандлагаараа л өөрчилнө. Би эх орондоо хайртай гэж орилоод хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүсийг харахаар бухимддаг. Хөдөлмөрлөж байгаа хүн гоншигноод байдаггүй.
-Орон нутагт хариуцлагын тогтолцоо хэр байна вэ?
-Сул байна. Хариуцлагатай хүн мэдээж байна. Болохгүй, бүтэхгүй гээд муулаад сууж байгаа хүн ч байна. Энэ бол хариуцлага сул байгаагийн шинж. Дээрээсээ ч тэр, доороосоо ч тэр хариуцлагатай байхын бол хурдан шийдэгдэнэ гэж л хардаг. Хариуцлагын тогтолцоогоо зөв болгохын бол улс хөгжихөд их ойрхон доо.
-Таны муу зуршил юу вэ?
-Нэг юм бодчихоод түүнийгээ хэрэгжүүлэх гээд л зүтгэдэг зан. Магадгүй энэ нь хажууд байгаа хүмүүсээ зовоодог байхыг үгүйсгэхгүй.
-Таны харамсаж явдаг зүйл юу вэ?
-Байхгүй.
-Хэдэн он гэхэд Монгол Улс сайхан болсон байх бол оо?
-Их өөдрөгөөр төсөөлдөг. 2030 он гэхэд хөгжингүй орны тоонд орчих байх л гэж хараад байгаа юм.
-Орон нутагт нэн шаардлагатай шийдэх ямар асуудал байна вэ?
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байна. Харьцангуй сайжирч байна. Хоёрдугаарт, зам харилцааны асуудал байна. Замаа улам л сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, хүний хөгжлийн асуудал байна. Энэ бол ердөө л хандлагын асуудал юм.
-Нам дагасан халаа, сэлгээний асуудал орон нутагт илүү байдаг юм биш үү?
-Ганц орон нутагт биш. Монгол орон даяар байна. Албандаа чин шударга сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүсийг халж байгаад маш их харамсдаг.
-Жинхэнэ Монгол эр хүн ямар байх ёстой вэ?
-Хэлсэндээ хүрдэг хүнийг л хэлнэ. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Гэхдээ тийм байх нь хязгаарлагдмал болсон байна.
-Таныг өөрөө өөрийнхөө ажилд дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?
-Нэмэх дөрөв л тавина. Энд маш их хөдөлмөр, цаг хугацаа байна. Надаас шалтгаалах зүйл гаагүй. Бусдаас шалтгаалах зүйл байна.
-Амьдралдаа ямар дүн тавих вэ?
-Гурав л тавина даа. Ар гэрээ их орхигдуулдаг юм байна.
-Мөнгө ер нь юу юм бэ?
-Мөнгө бол хэрэглээ.
-Та хэр их мөнгөтэй юм бэ?
-Мэдэхгүй. Мөнгөгүй хүний дэргэд мөнгөтэй, мөнгөтэй хүний дэргэд мөнгөгүй л байх даа.
-Амьдрал гэж юу вэ?
-Идэхийн тулд байдаг юм уу, амьдрахын тулд байдаг юм уу гэдэг. Тэр хоёрын завсарт л байдаг шүү дээ.
-Таны гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх вэ?
-Би XIII зуунд очиж, Чингис хаан юу бодож, ярьдаг хүн байсныг хажууд нь сууж сонсож үзэхийг мөрөөддөг юм. Хоёрдугаарт, мөнхийн ус гэж байдаг бол аав, ээждээ уулгачих юмсан гэж боддог. Манай аав, ээж хоёр 70 гарчихсан. Дараад нь Монголоо Их Эзэнт гүрэн дэлхийн түүх, соёлыг тогтоож явдаг орон болгох юмсан гэж хүсдэг. Буурай оронд зовлон их байдаг юм байна л даа. Монгол их эмзэг. Том гүрний тоглоом болчих вий гэж л бодох юм.
-Та хүний хорвоод хүн болж төрөөгүй байсан бол ямар амьтан байх байсан бол оо?
-Мэдэхгүй юм. Нохой л байх байсан байхдаа. Сайхан үнэнч, хотоо сайн манадаг нохой л байх байсан даа.
-Юу асуулгахыг хүсэж байна вэ?
-Яах вэ, сүүлийн үед нөхөрлөлийн үнэ цэнэ гэж алга болсон байна. Олон сайхан найз нар салж, сарниж байгааг харж байна.
-Урилгыг маань хүлээн авч, оролцсон танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье ээ?
-Баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
hoorhii doo hen yum boldoo? yu hiij gyalailgaa yum?