Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 Асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, удирдахуйн ухааны доктор Бямбасүрэнгийн Мягмар оролцсоныг хүргэж байна.
"100 АСУУЛТ" НЭВТРҮҮЛГИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд их баярлалаа. Сайхан намаржиж байна уу?
-Сайхан, сайхан намаржиж байна уу?
-Би таны үйлдвэрчний эвлэлийн Мягмар гэдгээр тань мэдэх юм. Бусдаар сайн мэдэхгүй. Үзэгчид маань ч гэсэн таныг бусад талаар нь таниасай гэж нэвтрүүлэгтээ урилаа. Нэвтрүүлгийн туршид танаас 100 асуулт асууна. Та 100 хариултыг чин сэтгэлээсээ өгөөрэй. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг Бямбасүрэнгийн Мягмар гэдэг, 39 настай. Нөхөр, гурван хүүгийн хамт амьдардаг, ам бүл тавуулаа. Жирийн нэгэн монгол эмэгтэй. Монгол Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульт ажилтай. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчийн сонгууль ажлыг хашдаг. Би Улаанбаатар хотод төрсөн. 10 жилээ нийслэлийн 20-р дунд сургуулийг төгссөн. Аав маань Булган аймгийн Дашинчилэн сумын хүн.
Миний хувьд Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат гэж явдаг. Ээж маань Завхан аймгийн Яруу сумын хүн. Нөхөр маань Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат хүн бий. Миний хувьд дунд сургуулиа төгсөөд Анагаахын сургуулийг сувилахуйн мэргэжлээр суралцаж дээд боловсрол эзэмшсэн. Түүний дараа Үйлдвэрчний эвлэлийн дэргэд дэх Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүгээрээ магистрын зэрэг хамгаалсан. Өнгөрсөн тавдугаар сард хөдөлмөрийн удирдлагын чиглэлээр удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллахын өмнө 2001-2005 онд Клиникийн нэгдүгээр амжих газар буюу хуучнаар нэгдүгээр төрөх газарт сувилахуйн арга зүйч, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Тэр хугацаандаа санаандгүй тохиолдлоор үйлдвэрчний эвлэлийн залуучуудын чуулганд оролцоод, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Залуучуудын холбооны даргаар ажиллах завшаан олдсон. Тэгж л анх үйлдвэрчний эвлэлтэй холбогдсон доо. Ер нь хүүхэд байхаасаа нийгмийн идэвхтэй байсан. Тухайн үед Улаан загалмайн нийгэмлэгийн салбар нийгэмлэгийн тэргүүн хийж байлаа. Монголын сувилагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ч ажиллаж байсан. Энэ мэт олон сонгуульт ажил хийсэн. 2009 онд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын сонгуульд таван хүн нэр дэвшээд, 62 хувийн саналаар, 29-хөн настайдаа сонгогдож байсан. Түүнээс хойш гурав дахь бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж байна. Одоо Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны гишүүнээр ажилладаг. Мөн 2020 онд өнгөрсөн тавдугаар сар хүртэл ХДХВ/ДОХ, сүрьеэтэй тэмцэх Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж, дараагийн хүндээ сонгуульт ажлаа өгсөн. Халдварт өвчин Монгол Улсад их байдаг учраас надад ХДХВ/ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажиллах сонирхол байдаг. Хувь хүнийхээ хувьд танилцуулбал ийм байна.
-Ямар олон сонгуульт ажил вэ. Айлын гэрийн эзэгтэй, ээх хүн, гэргийнхээ ажлыг хэзээ нь хийдэг юм бэ?
-Амжуулна даа. Үйлдвэрчний эвлэлийн ажил онцлог л доо. Бүх л зүйлд оролцож байхгүй бол болдоггүй. Зөвхөн өрөөнд суугаад ажил хийнэ гэж хэзээ ч байдаггүй. Олон сонгуульт алба хаших шаардлага байдаг л даа. Тухайлбал, салбарынхаа мянга, мянган ажилчдыг төлөөлөөд, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, шийдвэр гаргах түвшинд салбарынхаа дуу хоолойг хүргэдэг.
-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?
-Эмч болно гэж боддог байсан. Гэхдээ одоогийн ажилдаа маш их сэтгэл хангалуун байдаг. Хөдөлмөрийн салбар, тэр дундаа хүний төлөө ажилладаг алба болохоор баярладаг. Эмч мэргэжлийг хүсдэг байсан бол тэр хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалах нь бүр нүдээ олсон гэж өөрийнхөө эзэмшсэн боловсрол, мэргэжлээр бахархдаг. Салбарынхаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хийсэн ажлынхаа ард гарах шиг сайхан зүйл байхгүй. Тийм учраас хүссэн мэргэжлээ эзэмшсэн гэж боддог шүү.
-Таны хэлэх дуртай үг?
-Аливаа зүйлд зайлшгүй зориг хэрэгтэй. Тиймээс “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэдэг үгийг дотроо бодож явдаг.
-Таны хамгийн бухимддаг зүйл юу вэ?
-Хүмүүсийн ундууцал их байх юм аа. Ялангуяа хүнийг хараалын үгээр хэлж байгаа зүйлд өөрийн эрхгүй бухимддаг.
-Үйлдвэрчний эвлэлийн зорилго юу вэ?
-Үйлдвэрчний эвлэл гэхээр зарим хүн заавал жагсаж, тэмцэх ёстой юм шиг хардаг. Хууль эрх зүйн хувьд асар их боломж хөдөлмөрчдөд байдаг. Тэр гаргалгааг илүү ашиглах нь үйлдвэрчний эвлэлийн гол зэвсэг л дээ. Тийм учраас тэмцэл, жагсаал болж байна гэвэл ажилчид, хөдөлмөрчдөөс тавьж байгаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэхгүй бол тэмцэл болдог. Зайлшгүй тэмцэх шаардлага гараад тэмцдэг. Үйлдвэрчний эвлэлийн хууль эрх зүйгээр олгосон хамгийн гол хүч бол маргаан үүсгэдэг. Хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахын тулд үйлдвэрчний эвлэл байгуулдаг. Үүгээрээ дамжуулаад салбарын түвшинд, байгууллагын түвшинд хамтын гэрээ хийнэ. Тэр гэрээ хэлэлцээрийг байгуулах явцад тавьсан асуудал ажил олгогч талд гацаад шийдэгдэхгүй байвал үе шаттай тэмцэх эрх нь ажилчдад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд жагсаал, тэмцэл хийгээгүй жил бараг байхгүй дээ. 2019, 2020 онд жагсаагүй. Гэрээ хэлэлцээрийнхээ дагуу явж л байвал жагсахгүй. Энэ утгаараа хөдөлмөрчдийн хамгийн гол зэвсэг бол жагсаал, цуглаан. Дээрээс нь хамтын маргааны үед хэрвээ асуудлыг шийдэхгүй бол ажил хаялт гэсэн том зэвсэг байдаг. Гэхдээ ширээний ард суух, хэлэлцээр хийх, зөвшилцөлд хүрэх боломж хэзээд нээлттэй байдаг. Үйлдвэрчний эвлэл ямар ч асуудал тавихгүйгээр гэнэт жагсдаггүй. Эхлээд санал өгнө, мэдэгдэл, шаардлага өгнө. Хэвлэлийн хурал зарлана. Тэгсэн ч үнэхээр шийдэгдэхгүй бол гарцаагүй хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу жагсаал, цуглаан хийх, ажил хаялт зарлах тэмцлийн арга хэрэгсэл хэрэглэдэг дээ.
-Төрийн болон хувийн байгууллагуудад үйлдвэрчний эвлэл хэр олон байдаг вэ?
-Салбар, салбараараа болно. Үйлдвэрчний эвлэл бол хөдөлмөрчдийн хүчирхэг байгууллага. Одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 200 мянга гаруй гишүүнтэй. Үүнд 14 салбар холбоо байдаг. Тухайн салбарын үйлдвэрчний эвлэл хэр эвлэлдэн нэгдсэн байдал, дүрэм журам, ямар зохион байгуулалттайгаас их шалтгаална. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбарыг нэгтгэсэн, тухайн нэршлээрээ байдаг холбоо одоогоор байхгүй. Одоогоор Монголын ажилтан, албан хаагчдын холбоонд хэвлэл мэдээллийн зарим байгууллага эвлэлдэн нэгдсэн байдаг. Салбар, салбараараа хүчирхэг байж чадвал тухайн салбарын хөдөлмөрчдийн дуу хоолой, эрх ашиг нь хөндөгдөнө.
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь төрийн бус байгууллага гэж явдаг уу?
-Иргэний нийгмийн олон нийтийн байгууллага гэж явдаг. Ерөнхийдөө үйлдвэрчний эвлэл гэдэг нь хараат бус, бие даасан статустай. Бусад иргэний нийгмийн байгууллагаас ялгарах онцлог нь бие даасан үйлдвэрчний эвлэлүүд эрхийн тухай хуультай. Хөдөлмөрчдийн хуультай гэсэн үг. Тэгэхээр эрх нь хуулиар, олон улсын гэрээ конвенциор зохицуулагдсан байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхийн олон улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд асар хүчтэй үйл ажиллагаа явуулдаг.
-Үйлдвэрчний эвлэл яаж санхүүждэг вэ?
-Үйлдвэрчний эвлэл өөрөө гишүүдээ эгнээндээ нэгтгэдэг. Гишүүдийнхээ татвараар үйл ажиллагаа явуулна. Дүрэм журмаараа зохицуулагдана гэсэн үг. Тухайн үйлдвэрчний эвлэлийн дүрмийг зөвшөөрсөн гишүүд эвлэлдэн нэгддэг. Татвараараа гишүүддээ зориулсан үйл ажиллагааг явуулдаг учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад татвараа төлдөг. Тухайн салбарын үйлдвэрчний эвлэлүүд нь салбарынхаа татвараа төлнө. Гишүүдийнхээ татвараар үйл ажиллагаа явуулна. Төрөөс болон бусад газраас дэмжлэг байдаггүй. Яагаад гэвэл хөдөлмөрчдийн нэгдсэн байгууллага учраас гишүүдийнхээ татвараар санхүүждэг зохицуулалттай.
-Та бүхэн олон удаа тэмцсэн. Хамгийн том ялалт нь юу байсан бэ?
-Би ялалтыг том бага гэж ялгадаггүй. Тэмцэл бүрийн ард заавал үр дүн гардаг. Үр дүн л гарч байвал бид түүнийг ялалт гэж үздэг. Жишээлбэл 2012 онд цалин хөлсийг хамгийн өндөр буюу 52 хувиар нэмэгдүүлж байсан. Хамгийн сүүлд 2018-2020 оны хугацаанд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 32-47 хувиар нэмүүлж чадсан. Цалингаас гадна асар олон үр дүн гардаг. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл онцлогтой. Хүмүүс баяр наадмаар агаар салхинд гарч байдаг бол энэ салбарынхан ажиллаж л байдаг. Тасралтгүй үйл ажиллагаатай учраас ялангуяа цалин хөлсний асуудал дээр нарийн чимхлүүр ажиллагаа шаардагддаг. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарынхан шөнийн цагийн нэмэгдэл огт авдаггүй байсан. Энэ оноос эхлээд анх удаа шөнийн цагийн нэмэгдэл олгодог болсон. Түүнээс гадна хөдөлмөрийн харилцаан олон тулгамдсан асуудал байдаг. Зарим эмнэлэг дээр оройдоо эмч нартаа таван хоол өгдөг ч сувилагч, асрагч нартаа огт өгдөггүй. Нөгөөдүүл нь шөнөжин кофе, ганц хуушуур, гоймон идээд л хонож, хоолтой, хоолгүй явдаг. Үүнээс болоод эрүүл мэндийн салбарынхан маань өөрсдөө ходоод, хоол боловсруулах замын өвчин эмгэгтэй болдог. Загасчны морь усгүй гэдэг шиг өөрсдийнх нь эрүүл мэндэд тулгамдсан асуудал их байсан учраас бид нэлээд тооцоо, судалгаа хийж, Эрүүл мэндийн яамтай ярилцаж байгаад энэ жилээс эхлээд шөний ээлжид ажиллаж байгаа хэнийг ч ялгахгүйгээр оройн халуун хоол, өглөөний цай өгдөг систем рүү үе шаттайгаар орж байна. Мөн өдөр ажиллаж байгаа, хагалгаа хийдэг, хүн төрүүлдэг гэх зэргээр ажлаасаа хөндийрөх завгүй ажилчид ерөөсөө хоол идэж амждаггүй. Тийм учраас ГСҮТ, ХСҮТ зэрэг тасралтгүй ажиллагаатай эмнэлгүүдэд мэс заслын хэсгийнхээ эмч, асрагч нарт ажлын байранд нь тохь тухтай орчныг бүрдүүлээд, халуун хоолоор очиж үйлчилдэг арга хэрэгжүүлээд явж байна. Ингээд яривал эрүүл мэндийн салбарт гаргасан амжилт олон шүү. 2009 онд холбооны даргын ажлыг аваад хоёр зүйлд анхаарч байсан. Хэвийн бус нөхцөлд олон хүн ажилладаг. Ялангуяа байнга цусан дунд, байнга хүний нус цэр, ялгадас дунд ажилладаг, хортой, хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл гэж 2000-20000 төгрөг байсан. Энэ нь эмнэлгүүдэд ялгаатай байсан. Энэ асуудлыг бид Эрүүл мэндийн яаманд олон удаа тавьж байгаад үндсэн цалингийн 10 хувь болгосон. Энэ нь цалин нэмэгдэхэд нөхцөлийнх нь нэмэгдэл дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Тухайн үед багш нар үр дүнгийн урамшуулал авдаг байсан. Харин эрүүл мэндийн салбарынхан үр дүнгийн урамшуулал авдаггүй байсан. Бид бусад салбарын маш олон дүрэм журмыг судалж байгаад үр дүнгийн урамшуулал олгох журмын төслийг боловсруулж Эрүүл мэндийн яаманд өгсөн. Ингээд яривал маш олон үр дүн бий.
-Цар тахлын үед нойр, хоолгүй ажиллаж байгаа хүмүүст төрөөс онцгойлон ямар анхаарал хандуулж байна вэ?
-Ковидын үед эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас олон дорвитой арга хэмжээ авсан. Цар эхлэхэд хамгаалах хэрэгсэл, амны хаалт энгийн иргэд байтугай эмч, эмнэлгийн ажилтнуудад олдохгүй байсан. Тэр үед маш богино хугацаанд цар тахлын эрсдэлтэй ажлын байруудад хяналт шалгалт хийж, зөвлөмж өгөөд богино хугацаанд хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлж чадсан. Эмч, сувилагч нар маань халдвар аваад эхэлбэл өөрөө маш том эрсдэл дагуулна. Гаднын олон улсад эмнэлгийн ажилчид халдвар авах, нас барах, мэргэжлээ орхих үзэгдлүүд байсан учраас үүн дээр онцгой анхаарсан. Халдвартай, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөц л хамгийн чухал байдаг. Дээр нь тэр хүмүүсийн цалин хөлсийг зохих журмын дагуу олгох шаардлагатай. Тэгэхээр энгийн үед ажилтнуудад олгодог байсан цалин хөлсний сан хэд дахин нэмэгдэж байгаа. Улсын онцгой комиссоос санхүүжилтийг олгож, урамшууллын асуудлыг шийдвэрлэсэн. Саяхан Эрүүл мэндийн сайд эрсдэлтэй ажлын байранд удаан хугацаагаар ажилласан эмч, мэргэжилтнүүдэд таван сая төгрөг олгосон зэргээр яаралтай арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн түрээслэх замаар орон сууцжуулж байгаа зэрэг тал талаасаа л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн гол анхаарч байгаа зүйл бол нэгдүгээрт хувийн хамгаалах хэрэгсэл хангалттай байх ёстой. Ямар ч эрсдэлтэй нөхцөлд хамгаалах хэрэгсэлгүй, стандартын шаардлага хангахгүй хамгаалах хэрэгсэлтэй орохыг хатуу хориглож байна. Хоёр дахь зүйл бол хэрвээ уртасгасан цагаар, онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол хууль тогтоомжийн дагуу олгох ёстой илүү цаг, бусад төрлийн нэмэгдэл урамшууллуудыг олгох чиглэлээр манай холбоо тухайн байгууллагуудын анхан шатны хороодтой хамтарч ажиллаж байгаа.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 14 салбартай. Хамгийн дуулиантай нь танайх байсан. 2019 оноос эхлээд гайгүй болчихлоо. Үүнээс хойш Мягмар маань хантаазаа өмсөөд гудамжинд орилохоо больчихлоо. Салбарын асуудал гайгүй болчихов уу. Ойлголцоод цааш явж байна уу?
-Бид хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу явна. 2019 оны жилийн эцэст бид 2020-2021 оны салбарынхаа хэлэлцээрийг байгуулчихсан. Хэлэлцээр хэрэгжээд явж байгаа. Энэ хэлэлцээр хуулийн хугацаандаа, тавьсан шаардлагууд хэрэгжихгүй байвал бид тэмцэл хөдөлгөөн явуулна. Оны эцэст хэлэлцээрийнхээ эхний хагасыг дүгнэнэ. Ерөнхийдөө Эрүүл мэндийн салбар, яам, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд төр хувийн хэвшилд ажиллаж байгаа хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэж байгаа. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө талууд хичээж, чармайж ажиллаж байна. Зөвшилцөж болж байхад яагаад заавал гудамжинд гарч жагсах ёстой гэж. Бусад салбарт үлгэр жишээ болж, ойлголцож ажилламаар байна. Үнэхээр ойлголцохгүй, асуудлыг шийдэхгүй байвал, мэдээж хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Одоо бид 2021 онд цалин хөлс, нийгмийн хамгаалал, нормын хувцас, эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр төсөвтэй холбоотой саналуудаа Эрүүл мэндийн сайдад өгсөн. Сар бүр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг хийж, үр дүн гаргая гэсэн чиглэлтэй, ойлголцлын түвшинд явж байна.
-Тэмцэж, жагсаад явж байх үед шантраад больё гэх бодол төрж байв уу?
-Ёстой үгүй. Аав маань нэг удаа хэлж байсан. 2018 онд жагсаал, суулт гээд явж байхдаа нэг өдөр аав, ээждээ очлоо. Аав минь “Миний охин одоо больж болдоггүй юм уу, больчихооч” гэж байсан. Аавын үг надад их цохилт өгсөн. Надад хэцүү байгаагүй. Миний нэг зан чанар бол нэг зүйлд зорьчихвол түүнийхээ ард гарахгүй л бол санаа амардаггүй. Тийм учраас ажлынхаа ард гарчихаад түүнээсээ кайф авдаг. Аав маань аргаа л бараад тэгж хэлсэн байх даа.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Гэр бүл, үр хүүхдүүд маань миний хамгийн үнэт зүйл.
-Та бол тэмцээд, шүүмжлээд явдаг хүн. Харин өөрөө шүүмжлэлд хэр өртөж байна вэ?
-Өртөлгүй яахав. Шүүмжлэлийг хүлээж авахгүй бол болохгүй. Эрүүл мэндийн салбар чинь 52 мянган эмч, эмнэлгийн ажилтантай. Тэднээс ирсэн санал, шүүмжийг сонсолгүй яахав.
-Таны хүч авдаг зүйл юу вэ?
-Намайг дэмждэг салбарын маань хамт олон, намайг дэмждэг бүх хүний урмын сайхан үгнээс л хамгийн их хүч, энерги авна даа.
-Тэр сайхан үгнүүдээс танд мартагддаггүй ямар үг байна вэ. Хэн хэлж байв?
-Байнга л сайхан үг сонсдог. Тэр нь их сайхан. Миний ажил бол хэцүү. Миний урам авдаг зүйл бол олон хүний талархал.
-Хүний хувь тавилан гэж зүйл байдаг. Таны бодлоор хүн яаж амьдрах нь юунаас шалтгаалдаг вэ?
-Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэдэг шүү дээ. Санаа зөв бол заяа зөв гэдэг. Хүн хувь тавилангаа өөрөө л бүтээнэ. Хүнд муу санаад, мууг яриад, амны билэггүй дандаа л муу юм яриад байвал тэр хүний хувь тавилан яаж өөдтэй байхав дээ.
-Та ямар зан чанартай хүн бэ?
-Зан чанарын хувьд бусад хүмүүс л хэлэх байх даа. Яг одоо өөрийнхөө тухай санаад орохгүй байна шүү.
-Тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Үхэл хагацал, өвчин зовлон хамгийн хэцүү. 2018 онд салбарынхаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх гээд Монгол эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, мянга мянган ажилчид, олон мянган иргэний дэмжлэгтэйгээр томоохон тэмцэл өрнүүлээд явж байхад Уранчимэг гэдэг Дарханы хавдартай сувилагч бидэнтэй нэгдсэн. Тэр үед бид тэмцэл дундуураа хандивын тоглолт хийгээд хагалгаанд ороод амжилттай болсон. Эх орон руугаа буцах гэж байна гээд над руу холбогдож байсан. Тэр хүний амь насыг аварчихлаа гээд маш их баярлаж байсан. Тэгсэн нэг орой гэртээ ирээд байж байтал “Даргаа Уранчимэг сувилагч өнгөрчихлөө” гэдэг мэдээ авсан. Аварчихсан гэж бодож байсан учраас бүтэн шөнөжин уйлж хонож билээ. Тийм болохоор үхэл хагацал хамгийн хэцүү. Уранчимэг маань хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагч байсан. Тухайн үед тантай уулзах гээд Дарханаас зорьж ирсэн гээд гар бариад өнгөрөхөд цэв хүйтэн гартай байсан. Маргааш нь суулт дээр уулзаж, надад бүх амьдралаа ярьсан. Өвчин зовлон гэдэг үнэхээр хэцүү. Хүн бүр эрүүл энх, эрүүл мэндээ хайрладаг байгаасай, өвчин зовлон хүмүүсээс хол байгаасай л гэж залбирч явдаг.
-Мягмарт дургүй хүмүүс хэр олон байдаг бол?
-Байдаг байх. Нэг хүний асуудлыг шийдэхийн тулд нөгөө хүнтэй тулалдана шүү дээ. Асуудал тавиад, хуулийн гаргалгаа яриад, гарцаагүй байдалд ороод асуудлыг шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрээ өөрчилсөн хүн надад дуртай байх уу. Гэхдээ надад дуртай хүн нь олон байх аа. Доллар биш бүх хүнд таалагдах албагүй. Хүний сайн сайхны төлөө л явж байхад болно.
-Танд хандаж байгаа хүмүүст тулгараад байгаа дийлэнх асуудал нь юу байна вэ?
-Ихэнхдээ л дотооддоо, өөрсдийнх нь үл ойлголцол байдаг. Дандаа л байгууллага дотроо шийдчих асуудал, бие биедээ хүлээцтэй байх, эсвэл хуулиа мэддэг хэрнээ мэддэггүй царайлах, ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг зөрчиж байгаа тохиолдол олонх нь байдаг. Тэртээ тэргүй ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн асуудал хуулиар зохицуулагдчихсан. Цаасан дээр хамтын гэрээ, дотоод журамдаа байгааг хэрэгжүүлэхгүй байх зэргээс асуудал үүсдэг. Нийтлэг нь байгууллага дотооддоо бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ойлголцох, ширээний ард суугаад ярилцах механизм дутмаг байх явдал.
-Мягмар маш их уурласан үедээ яадаг вэ?
-Уурласан үедээ гэрээ цэвэрлэдэг. Гэрээ цэвэрлээд дуусахад уур гарчихдаг.
-Та юунд суралцахыг хамгийн их хүсэж байна вэ?
-Би дээл оёод сурчих юмсан гэж боддог. Хүүхэд байхдаа монгол дээл гэж тоодоггүй байлаа. Одоо бол сайхан монгол дээл өмсмөөр санагдана. Гэхдээ дээлээ өөрөө оёж сурахыг хүсдэг. Сурна аа.
-Таны хамгийн их баярлаж явдаг хүн бэ?
-Их олон. Завшааныг ашиглаад бүгдийг нь хэлчихмээр байна шүү. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөн, өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Үргэлж хажууд минь уул шиг түшиж байдаг ханьдаа их баярлаж явдаг. Гурван сайхан хүүдээ их баярлаж явдаг. Ялангуяа том хүүдээ их баярладаг. Энэ их ажлын хажуугаар хоёр дүү, ээж, аавыгаа халамжлаад явж байна. Том хүү маань наймдугаар анги. Маш их тус болдог. Мөн ахан дүүс, эрүүл мэндийн салбарын хамт олон, намайг гэж дэмждэг бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Танай салбарт сайхнаар хэлбэл эмч, ажилчдын гар цайлгах гэсэн асуудал байдаг. Нөгөө талаар гар цайлгахыг нь хүлээгээд сурчихсан цөөн бүлэг хүмүүс байдаг нь анзаарагддаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Авилгын асуудлыг дээрээсээ цэгцлэх хэрэгтэй гэж боддог. Наанадаж авилгатай тэмцэж байгаа бүх шатны байгууллага, албан тушаалтнууд улс төрөөс ангид хараат бус байх ёстой. Ингэхгүйгээр Монгол Улс авлигатай тэмцэж чадахгүй ээ. Хоёрдугаарт иргэд маань авилга гэдгийг ойлгох ёстой. Жишээлбэл, манай салбарын хүмүүс “Сэтгэлээсээ бариад ирсэн зүйлийг нь авахгүй гэх хэцүү. Хоол хийгээд ирнэ, бууз жигнээд ирнэ. Бид яах юм бэ” гэдэг. Гэхдээ дэлхийн улс орнуудын жишгийг судлах ёстой. Зарим улс оронд нэг удаа хоолонд оруулахыг авилга гэж үздэггүй. Хүмүүс эмч нарт талархсан сэтгэлээ илэрхийлэх гээд байна шүү дээ. Тийм учраас бусад улс орны жишгийг өөрийн онцлогтоо тохируулж нутагшуулах хэрэгтэй. Гурав дахь зүйл бол цалин хангамж нь хангалттай байх ёстой. Авч байгаа цалингаараа хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой, цаанаа хуримтлалтай байж тэр хүн сайхан амьдарна. Нийгмийн баталгааны асуудлыг дорвитой шийдэх ёстой. Ингэж цогц байдлаар шийдэж байж авилгатай тэмцэнэ.
-Бидний амьдарч байгаа энэ нийгэмд өөрчлөх ёстой олон асуудал байгаа. Таныхаар бид юунаас эхлэх ёстой вэ?
-Би бол том барилга байшин, хууль боддоггүй. Монголчууд маань, бүх насныхан хандлагаа өөрчлөлт хийгээсэй гэж боддог. Аливаа асуудалд дандаа сөрөг талаас нь дандаа болохгүй зүйл ярьдаг. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. Сайн сайхан зүйлийг ярьж байж бид хөгжинө. Хандлага, мэдлэгийн өөрчлөлтийг хийхгүйгээр улс орон цааш явахгүй. Хэн нэгнээс бурууг хайх биш, өөрсдийгөө засаасай гэж боддог.
-Таныхаар хариуцлагын тогтолцоо манай улсад ямар байна вэ?
-Хариуцлагын тогтолцоо хаа хаанаа байхгүй байна гэж ярьдаг. Гэхдээ би хариуцлагын тогтолцоо сайжирч байгаа гэж өөдрөгөөр хардаг. Нэг үеэ бодвол энгийн иргэд, хүүхэд залуучууд, ахмадууд маань шударга ёс яриад эхэллээ. Төрийн томчууд ч үүнийг ярьж байна. Хариуцлагын тогтолцоог бий болгох гээд байна. Харин бид дуу хоолойгоо нэгтгэж, бүх шатандаа хариуцлагатай байх ёстой. Хариуцлагын механизмыг ил тод байлгая гэвэл төрийн алба нээлттэй, ил тод, тэгш байх ёстой. Хяналтын сайн механизм хэрэгтэй.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Охинтой болохыг мөрөөддөг. Хүн хорвоод нүцгэн ирээд, нүцгэн буцдаг. Идэх хоолтой, өмсөх хувцастай, элэг бүтэн байвал болно. Эрүүл саруул, элэг бүтэн байх шиг амьдын жаргал байхгүй.
-Таны муу зуршил юу вэ?
-Хорвоог унтаж барах гээ юу гэж миний хань хэлдэг юм аа. Би толгой тавиад л унтчихдаг. Ачаалал ихтэй, ядарсандаа тэгдэг байх. Замд явж байсан ч гэртээ байгаа юм шиг унтчих гээд байдаг муу зуршилтай.
-Бид бүхний хүсэж байгаа сайхан Монгол орон хэр ойрхон байна вэ?
-Сайхан Монгол орон гэвэл одоо байгаа нь. Хүн сэтгэлээрээ шүү дээ, муухай байна гэвэл муухай л байна. Би бол их сайхан гэж боддог. Нэг л жишээ авахад хүүхэд байхад гэртээ телефон утастай айл байвал баян гэдэг байлаа. Гэтэл одоо жаахан хүүхдүүд дэлхийн бүх л мэдээллийг гар утсаараа авч байна. Өөдрөгөөр харвал Монгол орон маань сайхан хөгжиж байна. Дэлхийн улс орнуудтай оюуны бүтээлээрээ эн зэрэгцэж байна. Эмч, мэргэжилтнүүд маань дэлхийд гайхагдах мэс заслын үйлчилгээ үзүүлж, дэлхийн том том шагналуудыг авч байна. Монгол хүний оюуны бүтээл дэлхийд үнэлэгдэж байна. Монголын эрүүл сайхан агаар, өв уламжлал гэх мэт бусадтай харьцуулшгүй бахархах юм ихтэй.
-Та анх уулзаж байгаа хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?
-Шууд л нүд рүү нь хардаг. Хүний нүднээс тэр хүний санаа бодол гээд 70-80 хувь нь уншигддаг шүү дээ.
-Мөнгө гэж таныхаар юу вэ?
-Мөнгө гэдэг амьдралын хэрэглээ л болохоос өөр юу ч биш шүү дээ.
-Хайр таныхаар?
-Хайр гэдэг бол итгэл. Хайр итгэл дээр тогтдог.
-Амьдрал гэж юу вэ?
-Монголчууд ярьдаг даа, зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай хүний биеийг олж төрнө гэж. Тийм учраас амьдрал бол танд олдсон алтан боломж, хувь тавилан. Энэ хувь зохиолыг сайхан үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг бол зүүн дээр тогтож байгаа будаа шиг алтан амийг хайрлаж зөв явах ёстой. Тийм учраас амьдрал гайхамшигтай сайхан.
-Тэмцэгч, жагсагч Мягмар хүн болж төрөөгүй байсан бол ямар амьтан болж төрөх байсан бол?
-Хүн болж төрөөгүй байсан бол тахиа л байх байсан. Өглөө эрт босоод л гооглоод. Яагаад ч юм таныг асуухаар тэгж бодогдлоо.
-Яг одоо танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Маш сайхан байна. Миний бодож байгаагүй, хариулж ч байгаагүй олон асуултыг асуулаа.
-Бидний урилгыг хүлээн авч, нэвтрүүлэгт маань оролцсонд баярлалаа. Таны цаашдын санаж бодож байгаа бүх сайхан ажил тань сэтгэлчлэн бүтэх болтугай. Таны гэр бүлд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танд мөн ажлын их амжилтыг хүсье. Танай хамт олонд өөдрөг бүхнийг хүсье.
"100 АСУУЛТ" НЭВТРҮҮЛГИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 6 )
сувилагч л юм бна ш т
Доор юун 2 пялдага бичээ вэ эсхүл Мягмар өөрөө бичивүү
Бусдын төлөө зүтгэдэг хүнд бурхан хүртэл хайртай байдаг юм. Салбарын мянга мянган ажилтнууд таныг уухайлан дэмжинээ. Ямар ч зүйлийн сэтгэлийн хаттайгаар даван гарах эрч хүч, дайчин, хөдөлмөрч чанар Мягмар дарга танд бий. Тандаа бүрэн итгэж байна. Амжилт хүсье
үйлдвэрчний эвлэлийн ажлыг яагаад зөвхөн гудамжинд жхгсахахр төсөөлдөг юм бэ. Энэ хүн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөө үнэхээр тууштай явсан үр дүнг ч гаогасан хүн шүү. Хаана ч явсан үнэт зүйл үзэл хандлагаа хамгаалж чадах ёс зүйтэй манлайлагч гэж дүгнэдгээ
Танай өмгөөлөгчөөс туслалцаа авах гэж очсон.гутарсан амь насны нөхөн төлбөрийн асуудалд туслалцаа авах гэсэн өөдөөс 3 сая урьдчилгаа нэхэмжилж бгаа мөнгөний 20 хувийг нэхсэн.хүнээ алдчихаад энэ дайны мөнгөтэй бсан танайхан царайчилж очихгүй бсан.ёстой гутарсан.ганц туслах гэж их найдаж очсон.
ҮЭ-ийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалах үндсэн ажлаа хийгээч малаа. Улстөржөөд мал