Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
Он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудад бүртгэгдсэн. Хамгийн анхны тохиолдол Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд бүртгэгдсэн. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн авто тээврийн товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Замын цагдаа, Мал эмнэлгийн газруудын алба хаагчид хяналт, шалгалт хийн ажилласан. Үүний үр дүнд байгалийн гоц халдварт өвчний халдварыг нийслэл хотод оруулж ирэхгүй байхад онцгой анхаарч ажиллалаа. Мөн сүүлийн өдрүүдэд гал түймрийн гаралт ихэсч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт 17 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Гал түймрийн шалтгаан нь цахилгааны буруу холболт, үнс нурмаа ил задгай асгах, цахилгаан ашиглалтыг хэтрүүлэх, авто тээврийн ослын улмаас машин шатах, яндангийн цоонолт зэргээс үүдэж байна. Гал түймрийн улмаас хоёр хүн амиа алдсан. Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд, олон нийтэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Иргэд пийшин зуухны аюулгүй байдалд анхаарч, шаардлагатай тохиолдолд “Тавантолгой түлш” ХХК-ийн “Иргэдэд үйлчлэх төв”-д хандаж, яндангаа хөөлүүлэх хэрэгтэй юм.
Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал:
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:
Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 313 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 302 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3956 иргэн байна. Гэрийн ажиглалтад одоогоор найман хүн дөрвөн Өрхийн эмнэлэгт хянагдаж байгаа юм. Зам тээвэр, хөгжлийн яамны мэдээллээр 22 галт тэрэгт 5739 зорчигч, 15 нислэгээр 1189 зорчигч ирсэн. Авто тээврийн 207 хэрэгслээр нийт 4632 иргэн ирж, хяналт тандалтад хамрагдсан. Энэ үеэр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн томуу, томуу төст өвчний улирал ирж байна. Үүнтэй зэрэгцээд коронавирусний халдвар гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэд маскаа тогтмол зүүж, гараа ариутгах, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )