Агаарын тээвэрлэгч “Хүннү эйр” компани өнөөдөр Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж “Ковид-19” цар тахлын улмаас Бүгд Найрамдах Казахстан Улсад гацсан 95 иргэнээ эх оронд нь авчрахаар нислээ. Энэ нь тус авиакомпанийн хувьд цар тахлын улмаас гадаад улс оронд гацсан иргэдээ авчрах гурав дах тусгай үүргийн нислэг юм. Өмнө нь Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод эх орондоо буцаж ирж чадахгүй байсан зэвсэгт хүчний 113 алба хаагчийг өнгөрөгч долдугаар сарын 12, 14-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр авчирч байсан билээ.
Хүннү эйр компанийн Казахстан улс руу Улсын онцгой комиссоос олгосон зөвшөөрлийн дагуу үйлдэж байгаа энэхүү нислэг нь 2 орны агаарын тээврийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Энэ хүрээнд тус компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газар/АТБЗГ/-ын дарга Г.Батбаяр болон БНКУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев нарын хамт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ковидийн өмнөх саруудад буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд УБ-Нурсултан-УБ чиглэлд Казахстаны Скат авиакомпани хуваарьт тогтмол нислэг үйлдэж нийт 10 мянга гаруй зорчигчдод үйлчилсэн байдаг. Энэ нь дээрх чиглэлд нислэгийн эрэлт хэрэгцээ байгааг харуулж байсан гэдгийг ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга Г.Батбаяр хэлж байв.
Казахстан талаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх томилгоог тус улсын Скат авиакомпани авч долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар 2019 оны зургадугаар сараас нисч эхлээд байсан юм. Харин Монгол талаас Хүннү эйр авиа компани “Embraer190” маягийн агаарын хөлгөөр тогтмол нислэг үйлдэхээр томилгоо аваад байсан ч үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байв. Тиймээс энэ удаагийн тусгай үүргийн нислэг нь цар тахлын дараа улс орнууд агаарын хилээ нээлттэй болгож, тогтмол нислэг хэвийн үргэлжлэх тохиолдолд өндөр ач холбогдолтой гэдгийг П.Мөнхжаргал захирал онцолж байв.
Харин Элчин сайд Жалгас Адилбаев “Хэдийгээр тусгай үүргийн нислэгч гэлээ Монгол талаас томилгоотой Хүннү эйр ХХК Казахстаны Алматы хот руу анх удаа нислэг үйлдэж байгаа нь цар тахлын дараа хоёр улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улс төрийн харилцааг бэхжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг ойртуулахад бат бөх суурь нь болно” хэмээн чухалчилсан.
Казахстанаас тусгай үүргийн нислэгээр өнөөдөр орой ирэх иргэдийн ихэнх нь тусгаарлалтын дараа Баян-Өлгий аймаг руу явна гэсэн мэдээлэлтэй байгаа юм байна. Тиймээс Хүннү эйр авиакомпани дээрх нислэгээр ирсэн иргэдэд Баян-Өлгий аймаг руу зорчиход нь нислэгийн тийзний үнэд 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх болно гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мөн мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )