Монголд “Хакатон Дата Соёл” тэмцээнийг зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 26

 “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниудын залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах “Дата Хакатон Соёл”-ыг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Хакатон уралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 11 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорьж эхэллээ.

Олон улсад түгээмэл зохион байгуулагддаг энэхүү “Дата хакатон” нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсийг нэг баг болгон бүрдүүлж, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх гарц шийдэл болдог уралдаан юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Уул уурхайн компаниудын төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн залуус өрсөлдөж байна. Мөн Төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар инженер, мэргэжилтнүүд ур чадвараа сорьж байгаа юм.

Нээлтийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгалийн баялгийн нэгдсэн удирдлага, зохистой засаглалыг хийж чадсан уу, цаашид түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг дагасан эдийн засагтай хэвээр байх уу, ер нь нийт ард иргэдэд маань байгалийн баялгийн өгөөж хүртээмжтэй байж чадаж байна уу гэдгийг бид эргэн харах шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлд Үндсэн хуулийн “Баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй байлгана...” гэдэг заалт чухал бөгөөд түүнийг дагалдан гарах хууль журмууд бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид ажлын байр, уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжил, нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл болон эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд байгалийн баялгийн хуримтлагдсан орлогыг зарцуулдаг механизм бүрдэнэ гэж ойлгож болно. Иймд залуучуудын багаар ажиллах, байгалийн баялгийн засаглалтай холбоотой шинэ туршлагыг судалж, суралцахад “Дата хакатон” уралдаан чухал ач холбогдолтой гэж үзсэн. Бид #ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл жил болгон уламжлал болгон зохион байгуулна” гэлээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь “Эрдэнэс Монгол бол Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал байр суурь эзэлдэг компани. Монгол Улсын эдийн засаг энэ компаниас ихээхэн хамааралтай. Тиймээс Эрдэнэс Монгол амжилттай ажиллах суурь нь дата соёлтой шууд холбогдох бөгөөд үүнд суурилж шийдвэр гаргахад маш чухал үр дүнтэй. Дата хакатонд оролцож буй залуус Монгол Улсынхаа хөгжил, эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна гэж ойлгож байна” гэсэн юм.

Компаниудын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦИЙН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулан, шинэлэг, бүтээлч, мэдээлэл технологийн шийдлүүдээ дэвшүүлж байна. Ийнхүү Монгол Улсад анх удаагаа #ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл тэмцээнийг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах шинэ жишгийг тогтоож буйгаараа онцлогтой юм.

ЭМГЛ-ONE T

EAM-ДАТА ХАКАТОН 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top