Дөрвөн жил гудамжинд хоноглосон мууртай ах ГЭРТЭЙ боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

МУБИС-ийн ойр хавиар муур хөтөлсөн нэгэн таньтай таарч байсан байж магадгүй. Багшийн дээдийн ойролцоо аль нөмөр нөөлөгтэй гэсэн газар бараадан хоноглодог түүнийг хүмүүс "Мууртай ах" гэж нэрлэсэн ч байдаг. 

Өдөр бүр унтаад сэрж байх үед нь түүний хажуугаар зөрж өнгөрөхдөө өөрөөсөө илүү муураа хайрлах түүний амьдралын талаар хуваалцахыг хүсдэг байсан юм. 

Түүнийг Д.Батжаргал гэдэг. Дөрвөн жилийн өмнөөс тэр муур тэжээж, тэд хамтдаа хотын гудамжинд хоног төөрүүлэх болжээ. Хайртай муурных нь нэр Мурка. 

Д.Батжаргал гуай 55 настай. Татах өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй учраас хөдөлмөр эрхлэх боломжгүй болжээ .Муркатайгаа хамт дөрвөн жил гудамжинд амьдрахдаа нэг ч удаа муурныхаа зориулалтын хоолыг тасалж үзээгүй талаараа тэр бахархан ярьсан юм. 

“Би өөрөө хоосон хоносон ч муурныхаа хоолыг тасалдаггүй. Халамжийнхаа мөнгөөр муурандаа хоол авдаг. Надад нэг л хэцүү зүйл бий. Би үе үе маш их бухимддаг. Тиймээс эмч нар намайг мууртайгаа л хамт байхыг зөвлөдөг. Муркаг гурван сартай байхад нь нэг орос эмч надад бэлэглэсэн. Уур бухимдлаа барьж чадахгүй байгаа чиний өвчинд муур тус болно гэсэн. Хоол ундгүй явахад чинь муур чамд хань болно" гэж хэлээд бэлэглэсэн гэлээ. 

Түүний муур олон дунд амьдардаг учраас тэр юм уу хүнээс огт бишүүрхдэггүй. Мөн газар явахаас илүүтэйгээр эзнийхээ мөр, толгойн дээр суух дуртай амьтан аж.

Д.Батжаргал гуай зургаа жилийн турш гадуур хоноглож байгаа гэсэн. Өвлийн хүйтэнд Богд-Ууланд овоохой босгон амьдардаг бол зундаа хот бараадан Багшийн дээдийн автобусны буудал хавиар хоног төөрүүлдэг ажээ. 

Богд-Ууланд амьдардаг байхад ойр хавийн айлууд нь хоол, цай дөхүүлж өгдөг байсан гэнэ. Бас байнга уулын оройд гарч залбирдаг байснаа дурсав. Тэр ихэд шүтлэгтэй хүн бололтой. Энгэртээ Далай ламын зураг зүүдэг, түүнийгээ байн байн ил гаргаж харах юм билээ.

“Би муу хүмүүсээр хүрээлэгдсэн, энерги муутай газар огт байж чаддаггүй. Энерги муутай газрыг мэдрэхээрээ миний өвчин сэдэрч, уурлаж бухимддаг. Уурласан үедээ муураа тэвэрч, тайвширдаг" гэж тэр яриад үе үе муураа эрхлүүлнэ. 
 

-97 настай ээжийгээ зовоохыг хүсдэггүй учраас гэртээ очдоггүй-
 


Д.Батжаргал гуай үнэндээ огт гэр оронгүй хүн биш. Тэр 97 настай ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ах дүүс, төрөл төрөгсөд нь ч бий. Ээжтэйгээ хамт амьдрахад болохгүй зүйл байхгүй ч хамаатан садан нь халамжийн мөнгийг нь буух дөхөхөөр нааш гэчихээд бусад үед орхичихдог ажээ. 

“Би 97 настай ээжийгээ зовоохыг хүсдэггүй учраас гэртээ очдоггүй. Миний ээж намайг архи битгий уугаарай л гэж захидаг. Залуу насандаа сонирхож архи ууж үзсэн. Миний уух зүйл биш юм билээ” гэж тэр ээжийнхээ талаар хэдхэн үг унагасан. 

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, муурны паспорт, өөрт нь тусалж байсан орос цэргийн гэрэл зураг, Муркагийн гэрэл зураг гэх мэт "өмч"-өө ихэд нандигнах ба гялгар уутанд нямбай гэгч нь хийчихээд хадгалж явдаг ажээ. Зураг, бичиг баримтуудаа нэг нэгээр нь үзүүлж, бүгдийнх нь тухай чин сэтгэлээсээ ярьж өгөх дуртай. Мурка нь нэг удаа төрж, дөрвөн эмэгтэй зулзага төрүүлсэн талаар хүртэл сонирхуулав. Д.Батжаргал гуай байнга өмсдөг хар ногоон өнгийн олон халаастай хантаазандаа бүх зүйлсээ хадгалдаг ажээ. 

“Бага залуу насанд минь олон сайн хүн, олон муу хүн таарч байсан. Муу хүмүүсээс болж би тархиндаа хүнд гэмтэл авсан. Зодуулаад гэсэн үг. Хилс хэрэгт хүртэл гүтгүүлж үзэж байлаа” гэж тэр яагаад эрүүл мэнд нь хохирсныг тайлбарлах гэж оролдов. 

"Мууртай ах" залуудаа цэргийн алба хаагч болохыг мөрөөддөг байжээ. Энэ мөрөөдөл нь биелээгүй ч Жанрайсаг бурхны урд Мурка болон түүний дөрвөн зулзагын хамт зургаа татуулахдаа цэргийн хувцас анх өмсөж үзсэн аж. 

Дусал ч архи амсдаггүй түүнтэй гудамжинд таарсан хүмүүс "Архичин, гуйлгачин" гэж доромжлон, дээрэлхдэг гэнэ. Мууртайгаа мөрөөрөө амьдарч яваа түүнийг энэ л их бухимдуулдаг ажээ. 

Гэхдээ муугаас илүү сайн хүн олон гэдэгт итгэдэг түүнд МУБИС-ийн оюутнууд өдрийн хоол дөхүүлж, боломжтой нэг нь муурныхаа хоолыг аваарай гээд мөнгө өгдөг гэж баярлангуй ярилаа. Саяхнаас “Нандин Мэлмий ТББ”-ын залуус Д.Батжаргал гуайг гэртэй болгох санаачилга өрнүүлж эхэлсэн сайхан мэдээг тэр мөн үргэлжлүүлэн дуулгав. 

Бид "Жана наран" сувилалд таарч, энэ яриаг өрнүүлсэн бөгөөд дээрх ТББ-ын залуус түүнийг сувилалт амруулахаар мууртай нь хамт аваачсан байсан юм. 

“Амьдрах гэртэй л болчихвол бол Муркатайгаа сайхан амьдарна” гэдэг үгийг үе үе догдлон хэлэх түүнтэй аз болж сайн залуус таарчээ. 

Амьдралын бараан гуниг дунд амьтны үрийг хайрлах гэгээн сэтгэлээр дүүрэн байна гэдэг хязгааргүй их хайр түүнд буйн шинж билээ. Мурка та хоёрыг сайхан амьдрал хүлээж байгаа гэдэгт итгэж байна, "Мууртай" ах аа. 

 

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Х.СЭРГЭЛЭН

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хги(103.206.195.34) 2020 оны 09 сарын 30

Hoorhon muurandni zaaval spay hiij ogoorei

0  |  0
Төмөр(66.181.185.218) 2020 оны 09 сарын 30

Сайхан сэтгэлээр тусалж байгаа залууст талархая. Гэхдээ сүүлийн үед хүмүүс хүнд тусалж байгаагаа олон нийтийн сүлжээгээр таниулахыг их хүсдэг болж. Хатуухан хэлэхэд нэргүй чимээгүй жинхэнэ баатрууд олон шүү эх оронд минь. Өчүүхэн тусаа түмэнд зарлаж нэр хүнд олох хэрэг юун гэж заримд нь хэлмээр санагдахын.

2  |  0
az jargal husii(64.119.21.127) 2020 оны 09 сарын 30

eruul enhiig husii

1  |  0
Z(202.9.46.42) 2020 оны 09 сарын 30

Эрүүл энх сайн сайхныг хүсэе!

3  |  0
Но(95.223.58.231) 2020 оны 09 сарын 30

Жинхэнэ хүн юм даа

5  |  0
huurhun muur(126.35.192.54) 2020 оны 09 сарын 30

ynen shu. muur bol mash uhaantai amitan shu. muur tejeedeg hymyys bygd az jargaltai bdag.

3  |  0
huurhun muur(126.35.192.54) 2020 оны 09 сарын 30

yamar huurhun muur ve.

3  |  0
Зочин(202.131.227.114) 2020 оны 09 сарын 30

Сайн үйлс хийж буй ”НАНДИН МЭЛМИЙ” ТББ-ын залаастаа баяр хүргэе. Нэг хүнд ч болов амьдрал, аз жаргал бэлэглэх нь асар том буян шүү. Залуус та нараараа бахархаж байна. Ажлын амжилт хүсэн ерөөе.

5  |  0
Зочин(202.131.227.114) 2020 оны 09 сарын 30

Сайн үйл хийж буй ”НАНДИН МЭЛМИИ” ТББ-ын залуустаа баярлалаа. Нэг ч гэсэн хүнд амьдрал, аз жаргал бэлэглэх нь маш том буян шүү. Та нараараа бахархаж байна. Амжилт хүсье.

4  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 29

1 jijig sandvich hiigeed ugchuuchdee,ingej baigaal hulduj uheneshde

3  |  0
Top