Улс төрийн өрсөлдөгчид болох АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бонэр нар өнгөрөгч бямба гарагт дэд Ерөнхийлөгч Жозеф Байдан, Огайо муж улсын захирагч Жон Кайсика нартай гольф тоглон хожиж, муугүй хамтрагчид болохоо харуулжээ. "Тэд Эндрюс нисэх онгоцны бааз дээр гольф тоглосон бөгөөд тэмцээн 18 дахь нүхэн дээр дуусч Обама, Бонэр нар 2 доллар хожсон" гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Тэмцээн дууссаны дараа тэд гольфийн клуб руу явжээ. Үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сэтгэл түгшээсэн хэд хэдэн асуудлыг албан бус байдалд хэлэлцэх саналыг Бонэрт тавьж, тэрбээр зөвшөөрсөн байна. Харин "улс төрийн өрсөлдөгчийг эвлэрүүлэх гольфийн тэмцээнийг" санаачлагч нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Роберт Гиббс ажээ. Обама, Бонэр нарт ярилцах сэдэв багагүй байлаа. Саяхан тус улсын Конгрессын төлөөлөгчдийн танхим Барак Обама Конгрессын албан ёсны хоригийг хүлээлгүйгээр Ливийн эрэгт Америкийн цэргүүдийг илгээсэн явдалд дургүйцэн, зэмлэн буруушаасан утга бүхий тогтоолын төслийг баталжээ. Бүгд найрамдахчуудын санаачилсан уг тогтоолд Ливийн ажиллагаанд АНУ-ын оролцох хугацаа, мөн уг дайнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан болохыг Конгресст тодорхой танилцуулахыг шаардсан байна. Харин Барак Обамагийн засгийн газар үүнд хариу өгөөгүй ажээ. Түүнээс гадна Бонэр Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг дэмждэггүй байна. Энэ сарын эхээр төлөөлөгчдийн танхим АНУ-ын дотоодын өрийн дээд хэмжээг улсын зардлыг багасгахгүйгээр нэмэгдүүлэхээс татгалзжээ.
Эх сурвалж: Монцамэ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )