Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар энэ сарын 10, 11-нд Өмнөговь аймагт ажиллах аж.

Тэрбээр тус аймагт ажиллах үеэрээ өвөлжилтийн бэлтгэл болон Ковид-19 цар тахлаас сэргийлэх ажлыг шалгаж, Гашуунсухайт боомтод ажиллах юм байна.

Өмнөговь аймгийн хувьд зун бороо хур багатай байснаас үүдээд бэлчээрийн 80 хувь нь гандаж, аймгийн хэмжээнд 600 өрхийн 500 гаруй мянган мал хил залгаа Дундговь, Дорноговь аймгуудад оторлож байгаа. Отор нүүдэл хийж байгаа малчид худаг гаргаж өгөх, малын өвс тэжээл, мал махаа борлуулах, махны үйлдвэрүүдтэй холбож өгөх, хил боомтоор малын махаа экспортлох тухай хүсэлт тавьж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ZINDAA.MN сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм. 

Шадар сайдыг ажиллахтай холбогдуулан аймгийн зүгээс хэд хэдэн хүсэлт хүргүүлсэн аж. Тухайлбал, Даланзадгадын дулааны цахилгаан станцын зуухны өргөтгөлийн төсөв, отрын бүс нутагт худаг гаргах, өвс тэжээл худалдан авах нэмэлт санхүүжилт, малчдын мал, мах борлуулах, Шивээхүрэн боомтоор мах экспортлох боломж, бололцоо зэрэг асуудлаар хүсэлт тавиад байгаа юм. 

Сануулахад,  Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Ховд аймгуудад бүсийн нэгдсэн зөвлөгөөн хийж, “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолын хүрээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад онцгой анхаарч ажиллах талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгч ажилласан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top