Улаанчулуутад цэцэрлэг барихад 600 САЯ ТӨГРӨГ шаардлагатай

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

“ВЭЛҮҮ” САН ХАНДИВЫН МӨНГӨӨР “НАРНЫ ХҮҮХЭД-2” ЦЭЦЭРЛЭГИЙГ

ШИНЭЭР БАРЬЖ УЛСАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

 

Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэгийг түшиглэн амьдардаг айл өрхүүдийн 300 гаруй хүүхэд “Нарны хүүхдүүд-1,2” цэцэрлэгт хамрагддаг. Амьжиргааны түвшин доогуур айл өрхийн тэдгээр хүүхэд сургууль, цэцэрлэг завсардаж харж хандах хүнгүй, идэх хоолгүй, хүйтэн гэртээ өлмөн зэлмэн өдөр хоногийг өнгөрүүлдэг байсан бол сүүлийн долоон жил дулаахан цэцэрлэгтээ хоолтой, ундтай тоглож наадаж байна. “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт өсөж хүмүүжсэн хүүхдүүд өдгөө сургуульд орж тавдугаар ангид орсон. 2010 онд Монголд англи хэлний багшаар ирсэн Жули Вэлүү хэмээх Канад эмэгтэй Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдийг хараад тэдний төлөө сайн үйлсийг эхлүүлжээ. 2013 онд “Нарны хүүхдүүд” төслийг санаачлан “Вэлүү” сангийнхаа хөрөнгөөр хүүхэд хардаг өдөр өнжүүлэх ажиллуулж эхэлсэн юм. 2019 онд “Нарны хүүхдүүд-2“ цэцэрлэгийг 50 хувийн хөрөнгө оруулалттай, 50 хувийн хандивын мөнгөөр шинээр барьж улсад хүлээлгэн өгсөн. Будаг нь ханхалсан шинэхэн цэцэрлэгийг 260 дугаар цэцэрлэг гэж хаягласан бөгөөд 170 гаруй хүүхэд хамрагддаг. “Нарны хүүхдүүд” цэцэрлэгээр дамжсан хүүхдүүд хэдийн сургуульд орчихсон, Жули багш дээрээ очих дуртай, багшдаа ч их хайртай байдаг аж.

 

“НАРНЫ ХҮҮХЭД-1” ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА МУУДАЖ,

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛСОН ТУЛ ШИНЭЭР БАРИХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН

“Вэлүү” сан нь  АНУ болон Канад улсад бүртгэлтэй ашгийн бус хандивын сан бөгөөд манай оронд 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Жули Вэлүү “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд хандиваар байгуулж 150 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг болсон юм. Тус цэцэрлэгийн барилга эдэлгээний явцад элэгдэн муудаж, стандартын шаардлага хангахгүй болсон учраас шинэ барилга барих шаардлагатай болжээ. Тус цэцэрлэгийн гүйцэтгэх захирал П.Туяа шинэ барилгад 600 сая төгрөг шаардлагатай байгаа талаар хэллээ.

Хандивын аяныг Нийслэлийн иргэдийн Хангарьд холбооноос зохион байгуулж урлаг соёлынхныг, ард иргэдийг нэгдэхийг уриаллаа.

Манай улсад хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдөж, сэтгэл эмтлэм гэмт хэргүүд их гарах болсон. Энэ нь хотын төвөөс алслагдсан гэр хороололд ихээхэн гардаг бөгөөд аав, ээж нь ажил төрөлгүй, архины хамааралтай, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэр бүлд ихэвчлэн тохиолддог. Нийслэл хотоо хүүхдэд ээлтэй,  аюулгүй, амгалан, цэвэр тохилог байлгахын тулд юун түрүүнд цэцэрлэг, сургуулийг нэмэгдүүлэх шаардлагатай. 41 дүгээр хорооны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд цэцэрлэгээ өргөжүүлж, шинээр барих нь нэн тэргүүний асуудал билээ.

Жули Вэлүү цэцэрлэгийнхээ багш, ажилчдын цалин болон цэцэрлэгийн үйл ажиллагааны зардлыг хандивын мөнгөөр зохицуулдаг ажээ. Тэрбээр “Анх нөхөр бид хоёрыг энд ирэхэд Улаанчулуутын орчимд нэг ч дэлгүүр үйлчилгээ байгаагүй. Одоо бол дэлгүүртэй, эмийн сантай, цэцэрлэгтэй болсон. Хүмүүст туслах нь надад сайхан байдаг. Хүүхдэд тусална гэдэг ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Манай цэцэрлэгээс сургуульд сурсан хүүхдүүд сайн сурдаг. Тэдний ирээдүй гэрэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидний долоон жилийн туршид хүүхдийн төлөө хийсэн бүхэн маань үр дүнгээ өгч хүүхдүүд маань боловсролтой иргэн болж байгааг хараад бахархалтай байдаг” гэлээ. Шинэ баригдах цэцэрлэг нь 250 хүүхдийн багтаамжтай байх бөгөөд байгальд ээлтэй, цахилгаанаар халдаг шийдлээр барихаар төлөвлөж байгаа юм.

 

ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨРӨНГӨ БОСГОХ ХАНДИВЫН АЯН ӨЧИГДӨР ЭХЭЛЛЭЭ

 

“Нарны хүүхдүүд” хандивын аян өчигдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд хандив өгөх хүмүүс Хаан банкны 5434151111 дансаар явуулах боломжтой юм. Жули Вэлүү жил бүр морин аялал хийж, цахим орчинд бичлэг, зураг, уриалгаа оруулж Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хэдийн танил болжээ. Энэ төрлөөр хандив цуглуулах аргыг анх удаа Монголд нэвтрүүлсэн тэрбээр энэ жилийн морин аялалаа ганцаараа эхлүүлэхээр зэхээд байна. Түүний морин аялал маргааш эхлэх бөгөөд 700 км замыг мориор туулж, аялалынхаа сонирхолтой дүрс, зургийг “Вэлүү” сангийн цахим хуудастаа /Veloo Foundation/ байршуулна гэдгийг дашрамд дуулгая. Тэрбээр өнгөрсөн долоон жилийн хугацаанд 543 мянган ам.доллар хандиваар цуглуулж чадсан нь хүүхдэд зориулагдсан  билээ. Мөн хандивын аяны хүрээнд Нийслэлийн иргэдийн Хангарьд холбооноос “Нарны хүүхдүүд” бүжгийн давлагаа эхлүүлж урлаг соёлынхныг уриалан оролцуулахаар боллоо. Уг давлагаанд “Хар тас” хамтлагийн дуучин Марка тэргүүтэй уран бүтээлчид түүчээлсэн бол олны танил эрхмүүд ерөнхий боловсролын сургуулиудаар явж уриалга дэвшүүлж, бүжиглэж, хандивын аянг зохион байгуулахаар болсон.

Тус аянд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа оролцохоо мэдэгдсэн юм. “Вэлүү” сангийн тэргүүн хатагтай Жули Вэлүү нь багш мэргэжилтэй, Канадын иргэн бөгөөд нэг хүүтэй, хүү нь Японд амьдардаг ажээ.

Жули Вэлүү Монголд англи хэлний хичээлийг үнэгүй зааж сургадаг байв. Тэрбээр “Хайртай хүүхдүүд минь, унах дуртай морь минь энд байгаа учраас би ирээдүйгээ Монголд байгаагаар төсөөлдөг.  Монголчуудын зан заншил, түүх уламжлал, бас хоол нь надад маш гайхалтай санагддаг. Би бууз, хуушуур, айрагт маш их дуртай. Анх мориноос их айдаг байсан. Хөдөө нутагт жаахан хүүхдүүд морь унаад давхиад  байгааг хараад би ч бас чадна гэж бодсон. Одоо бол морь унаж сурсан. Морин аялал бол хамгийн дуртай спорт маань болоод удаж байна. Хүү маань Японд найз охинтой болсон ч би жинхэнэ эмээ болж хараахан амжаагүй байна. Харин би 300 ач, зээтэй хүн шүү” гээд инээмсэглэлээ.

Цэцэрлэгийнхээ дэргэд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож оёдлын цех ажиллуулж байлаа. Тус цех нь даавуугаар төрөл бүрийн урлал хийдэг бөгөөд дээл, хувцас оёх, даавуун тор хийж борлуулах зэргээр жижиг бизнесийн гарааг эхлүүлээд байв. Мөн цэцэрлэгийн хашаанд номын сан байгуулжээ. Улаанчулуут орчмын хүүхдүүд тус номын санд ирж дуртай номоо уншиж, үлгэрийн орноор аялж, хичээлээ давтах дуртай. Тус номын сангийн ард шинэ номын сангийн барилгын ажил эхэлсэн бөгөөд ирэх жил ашиглалтад орох юм. Шинэ номын сан нь хоёр давхар, бөгөөд хоёр том уншлагын танхимтай байхаар төлөвлөжээ. Ийнхүү тал бүрээр хүүхдийг хөгжүүлэх, ая тухтай амьдрах, сурч боловсрох орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг “Вэлүү” сангийн төслийн хүрээнд хийгдэж буй  “Нарны хүүхдүүд” хандивын аяндаа идэвхтэй оролцохыг нийт ард иргэдээсээ уриалж байлаа.

 

41 ДҮГЭЭР ХОРООНД 270 ГАРУЙ АЙЛ ӨРХ ХҮНСНИЙ ТАЛОН АВДАГ

41 дүгээр хороонд 270 гаруй айл өрх хоолны талон авдаг. Ингээд бодохоор бяцхан хүүхдүүд маань цэцэрлэгийнхээ хоол ундаар бор ходоодоо болгож явдаг болов уу гэмээр. Тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд таван настай гэхэд биеэр давжаа, туранхай харагдаж байлаа. Багш нар "Хүүхдүүд маань цэцэрлэгтээ яваад ирэхээр хацар нь бондойгоод мяраалаад ирдэг бол хэд хоног өвчтэй, чөлөөтэй үедээ гэртээ өнжихөөрөө мяраа нь шуугдаад ирдэг" гэж халаглаж байлаа. Улаанчулуутыг түшиглэж амьдардаг айл өрхийн хүүхдүүд “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгтээ явах тун дуртай. Одоо ч гэсэн эцэг, эхчүүд хүүхдээ дагуулж ирээд цэцэрлэгт хамруулж өгөөч гэж хүсдэг аж. Гэвч  цэцэрлэгийн багтаамж болон стандартын шаардлага зэргээс болоод нэмж хүүхэд авах боломжгүй талаар учирлаж байв.

Хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжнэ гэдэг аливаа эрсдэл, өвчлөлөөс сэргийлдэг. Өвчлөл буурна гэдэг эрүүл иргэнийг ирээдүйд бэлтгэж байна гэсэн үг. Эрүүл ирээдүйн төлөө харь нутгийн шавилхан бүсгүй элэг сэтгэлээ дэвсэн энэ амьдралаа зориулж байгааг хараад өөрийн эрхгүй ичих, гайхах, бахархах, барьцах сэтгэл төрснөө нуух юун. Улсын төсвөөр багахан бүтээн байгуулалт хийчихээд тууз хайчилж сүр дуулиан болдог дарга нарын хажууд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй энэ эмэгтэй даруухан амьдарч байна. Ард түмнийхээ өглөг сэтгэлээр “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг маань шинэхэн барилгатай болж илүү олон хүүхэд аз жаргалтай инээх өдөр тун удахгүй ирэх биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 07

хүүхдийн ажилд баячууд мөнгө өгч тусламаар юмаа УИХ -ын гишүүд нэг өдрийн цалингаа өгөөч дээ

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 07

Hotiin Gantumur terbumaar ne urgahgyi mod .hushuu barih gej luivar hiij baihaar ene cecerlegiig bariachee

1  |  0
Top