Беларусийн зээлээр гал түймэр унтраах 40 автомашиныг хүлээн авлаа

Б.Амирдаа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр /2020.10.07/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, "Пожснаб" компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцсон юм.

Монгол Улсын засгийн газар, БНБУ-ын засгийн газрын хоорондын экспортын зээлийн хүрээнд нийт 15.4 сая еврогийн өртөг бүхий гал түймэр унтраах тусгай зориулалтын 71 нэгж, нийлүүлэгдэх ба иж бүрэн тоноглогдсон эхний ээлжийн 40 ширхэг автомашин, техник багаж хэрэгслийг Онцгой байдлын байгууллагад хуваарилан өглөө.  Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэж байгаа юм.

Түүнчлэн тус автомашинууд нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмж, аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог ажээ.

Тус арга хэмжээний үеэр Шадар сайд Я.Содбаатар “Монгол Улсын Засгийн газар 2003 оноос эхлэн Япон, Солонгос, Австри, Польш, Хятад, Франц, Беларусь Улсын Засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэнээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилсэн. “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ. 

БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной " ЗХУ-ын үеэс эхлэн Беларусийн тоног төхөөрөмж Монгол Улсад ашиглагдаж ирсэн. Ялангуяа "Мааз" үйлдвэрийн трактор, автобус, Белаазын кареер маркын хүнд даацын автомашин зэрэг нь Монгол Улсад нэр хүндтэй. Эдгээр хүнд даацын автомашинуудын ашиглах хугацаа нь зургаан жил байдаг. Иймд Монгол Улсад нийлүүлж байгаа тоо жил бүр өөрчлөгддөг юм. Хоёр улсын засгийн газрын хооронд экспортын зээлийг олгох хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд Беларусийн тоног төхөөрөмж, ажил үйлчилгээг Монгол Улсад хэрэгжүүлнэ. Тус төсөл нь хамгийн анхны хэрэгжүүлж буй ажил учраас Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх болсон юм" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 07

baishin barilga hoorondiin zaind zaashid todorhoi hyanaltgui galiin bolon acrah , tyrgen mashin oroh zaigui shavj baridag, zogsooloo buruu zohizuuldag olon asuudlaa yanzlah heregtei dee

0  |  0
Top