Дэлхийн хамгийн баян сүм үүдээ барьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Энэтхэгийн Керала мужийн эрх баригчид энэ сарын 15-ныг хүртэл дэлхийд алдартай Падманабхасвами /Вишна бурхан/ сүмийг хаажээ. Учир нь тус сүмийн 12 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн байна.

Падманабхасвами сүм нь дэлхий дээрх хамгийн баян сүм гэж Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн байдаг. Эл сүмийн эрдэнэсийн санд Вишна бурханд өргөл болгон барьсан их хэмжээний алт, мөнгөн эдлэл, үнэт чулуу зэрэг хадгалагддаг байна. Үнэт эрдэнэсийн өртөг нь хэдэн арван тэрбум ам.доллароор үнэлэгддэг аж.

Тус сүмийн 10 хувраг, хамгаалалтын хоёр ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн бөгөөд бүгд шинж тэмдэггүй гэж сүмийн гүйцэтгэх захирал Ратишан ярьжээ.

Падманабхасвами сүм өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хаалгаа түр барьж, наймдугаар сарын 26-нд нээгджээ. Ингэхдээ сүсэгтэн олонд хорио цээрийн дэглэмийг чанд баримтлах шаардлага тавьж, нэгэн зэрэг сүмд орох сүсэгтний тоог хязгаарласан байна.

Энэтхэг улс коронавирусний халдварын тохиолдлоор дэлхийд хоёрт орж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 6 906 151 хүн халдвар авснаас 106 521 хүн нас барж, 5 906 069 өвчтөн эдгэрээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top